Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
- 2025-05-05
- Үнэн
- 0

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.
Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг тендерийн үнэлгээнд харгалздаг болох, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй. Ингэснээр тендер шалгаруулалтын 99 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болох өөрчлөлтийг тусгасан. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй, худалдан авах ажиллагааг AI ашиглаж, цахимаар явуулна. Шүүхийн маргааныг олон улсын жишгийн дагуу хараат бус, дагнан байгуулсан зөвлөл олонхын зарчмаар шийддэг болгох талаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хуулийн төсөлд хувийн хэвшлийн олон саналыг тусгасныг сайшаагаад төрийн худалдан авах ажиллагаанд цахимжуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг сегментийг дэмжих зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байгаа гэв. “Шунхлай Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан мега төслүүдийн өртгийн доод хэмжээг хуулийн төсөлд 36 сая ам.доллар гэж тусгасныг эргэн харах санал хэллээ.

Сэтгэгдэл (0)