Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ 

            Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, даатгуулагчийг илүү олон жил хөдөлмөрлөж, тасралтгүй шимтгэл төлөхийг урамшуулах, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлсэн. 

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Энэхүү хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах юм. 

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэх, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, гишүүн өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах,  санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулна

Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийснээр тэтгэврийн даатгалын сангийн ачаалалд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулж, улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд олгох санхүүжилтийг зохистой хэмжээнд хадгалах, тэтгэврийн олон давхаргат буюу суурь тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог шинээр нэвтрүүлж, даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулж, шимтгэлд цалингийн дээд хязгаар тогтоосноор ажил олгогчид ирэх санхүүгийн ачааллыг багасгах, ажил олгогч оюутан, залуучууд, ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөх, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх, ахмадуудын хөдөлмөрийн зах зээл дэх идэвх оролцоог дэмжих, оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд ажлын байранд дадлагажсан, ур чадвартай, мэргэшсэн ажиллах хүчийг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөөтэй юм.

Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гааль, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж хялбар болно. Үүний үр дүнд татвар төлөгч, татвар, гаалийн байгууллагын хооронд үүсдэг хуулийн хэрэглээтэй холбоотой маргаан багасаж, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сайн дураар дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх нь зөвлөн туслах үйлчилгээний нэг гол зорилго юм. Үүний хүрээнд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх түвшин буурах болон татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд татварын алба урьдчилан сануулж, татвар төлөгчид алдаа, зөрчлөө өөрөө засах, арилгах боломжийг олгох юм. Энэ нь татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татварын орчны тогтвортой байдлыг хангах, татвар төлөгчид хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн, татварын алба татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хянан шалгаж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татвар төлөгчдөд итгэл үзүүлж, татвар хураалт, хяналт шалгалтын үйл ажиллагаа илүү үр дүнтэй, татвар төлөгчдөд чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр өр төлөх боломжоор хангах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)