Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.  

Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа.  Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг.  Хүүхдүүдийг эрсдэлд  оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа. 

Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд  байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ. 

Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон  хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт  нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)