“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ
- 1 цаг 34 мин
- Улс төр
- 0

Эдийн засгийн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 42 удаа, Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарч 2, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарч 3 удаа, Төсвийн байнгын хороотой хамтарч 4 удаа, нийт 51 удаа хуралдан эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 128 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 24 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 23 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны 21 тогтоолын төслийг баталсан байна.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 385 саналын томьёоллыг бэлтгэн, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангасан байна.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомстол, тасалдал үүсэхээс сэргийлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкнаас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилт, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах зэрэг зохицуулалтуудыг тусгасан Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан юм. Тус хуулийг баталснаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжих гадаад хүчин зүйлээс шалтгаалан үүсэх газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.
Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.
Мөн “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүн, түүнд хүрэх арга замыг тодорхойлсон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан юм. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойлсон юм.
Улсын Их Хурлаар үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад бодлогын түвшинд анхаарах шаардлагатай зарчмын саналуудыг нэмж тусгасан. Тухайлбал, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгаж, урсгал дансны алдагдлыг цаашид үе шаттайгаар бууруулах бодлогын хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр гадагшилж буй валютын урсгалыг багасгах нь нэн чухал байгааг чухалчилж, эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах шинэчлэлийг хийх, эдийн засгийн гадаад сектороос хамаарсан эмзэг байдлыг бууруулах нь ханш, инфляци, гадаад валютын улсын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх томоохон зорилтын нэг чухал хэсэг гэж үзсэн.
Эдийн засаг дахь төрийн оролцоо болон эдийн засаг, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах үүднээс төрийн зардлыг бууруулах, төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан бодлоготой нийцүүлэх бодлогыг баримталсан юм. Мөн төрийн өмчит компаниудын эдийн засгийн аюулгүй байдлын нөлөөллийг тооцсоны үндсэн дээр төрийн оролцоог бууруулах боломжтой чиг үүргийг хувийн хэвшлээр заавал гүйцэтгүүлэх, шилжүүлэх бодлогыг ирэх 5 жилд шат дараалан хэрэгжүүлэх нь томоохон бодлогын шилжилт болох аж.
Төрийн зүгээс цаашид ногоон эдийн засгийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр өрхийн хэрэглээ, хувийн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг ногоон болгоход шаардлагатай эдийн засгийн суурь бодлогыг дэмжих үнийн болон татварын бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Сүүлийн жилүүдэд нийт иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс татварын шинэчлэлийн хүрээнд дэвшүүлж буй санал санаачилгатай холбогдуулан хувийн хэвшил, иргэдэд учирч буй татварын бодит ачааллыг нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих татварын бодлогын хүрээнд бууруулах болон хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн бодлого, зорилтуудыг сайжруулан томьёолсон. Улмаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүчний зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн үр дүн, арга замыг тусгасан.
Хүний хөгжилтэй холбогдуулан эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн хүрээг тогтоож, хүн-төвтэй, хүртээмжтэй, чанартай, санхүүгийн эрсдэлгүй тусламж, үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, дундаж наслалтыг 2 насаар нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүллээ. Мөн багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, ажиллах орчин, хүүхдийн суралцах орчныг стандартын шаардлагад нийцүүлэх, хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломж болон өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг боловсрол, эрүүл мэнд, хувь хүний орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилтуудыг холбогдох шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй нь нэмсэн байна.
Түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээр тодорхойлогдсон зорилт, түүнд хүрэх арга зам, хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг хүний эрхийн мэдрэмжтэй болгоход анхаарч, бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дэмжих, цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх замаар хэвлэлийн эрх, эрх чөлөөг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх үр дүн, арга замыг тодорхойлсон.
Мөн тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн хөгжлийн төслүүдийг эрэмбэлж 70.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төслийг тусгасан юм.
Үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ хийх, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, Улсын Их Хурлаар хэлэлцэх хуулийн зохицуулалтын зөрүүтэй байдал, хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдал, мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэг эрхзүйн асуудлууд тулгарсан. Иймд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг шуурхай хийж, дээрх чиглэлээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 9, Байнгын хорооны тогтоолоор 7 ажлын хэсэг ажилласан байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Нэр дэвшигчийн сонсголын үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг Байнгын хорооноос баталснаар эхэлж, 12 дугаар сарын 17-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан байна. Нэр дэвшигч сонгон шалгаруулах үйл ажиллагаа хоёр сар гаруй үргэлжилж, нэр дэвшихээр ирүүлсэн 45 хүсэлтээс 20 албан тушаалд нэр дэвших хүсэлтийг сонгон шалгаруулжээ. Улмаар холбогдох нэр дэвшигчийн сонсголуудыг зохион байгуулж, Улсын Их Хурлын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эдгээр албан тушаалуудад хуульд заасны дагуу 3-8 жилийн турш томилгоо хийгээгүй, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсныг Улсын Их Хурал энэхүү бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэн томилгоог хийж, үүсээд байсан гажуудлыг арилгасан.
“Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ Хянан шалгах түр хороонд хүргүүлсэн.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж, тайланг нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонссон юм.
Мөн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын мэдээлэл болон дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлын талаар мэдээлэл, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгуудыг тухай бүр сонссон.
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 19 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 37, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 6 танилцуулга, 10 мэдээ мэдээллийг d.parliament.mn цахим системд байршуулсан.
Иргэдээс Эдийн засгийн байнгын хороонд хандаж 31 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хандан иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 196 албан бичгийг эрхлэх асуудлын дагуу хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 60 албан бичгийг холбогдох газарт явуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)