Регбигийн дэлхийн аваргын хагас шигшээ тоглолт энэ сарын 24, 25-нд болно
- 2015-10-21
- Спорт
- 0

Англи улсад регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа Европ тивээс Англи, Франц, Гүрж, Ирланд, Итали, Румын, Шотланд, Уэльс, Америк тивээс Аргентин, Уругвай, Канад, АНУ, Австрали Далайн орнуудын бүсээс Австрали, Шинэ Зеланд, Фижи, Самоа, Тонга, Африк тивээс ӨАБНУ, Намибий, Ази тивээс Японы шигшээ эрхээ авч оролцсон.
Хэсгийн шатанд Австрали, Шинэ Зеланд, Ирланд зуун хувийн амжилт үзүүлсэн бол шөвгийн наймын тоглолтууд энэ өдрүүдэд боллоо. Дунд шөвөгт ӨАБУН-Уэльсийг 23:19, Шинэ Зеланд-Францыг 62:13, Аргентин-Ирландыг 43:20, Австрали-Шотландыг 35:34-өөр тус тус хожлоо. Үүний дараа хагас шигшээгийн оноолт гарсан бөгөөд ӨАБНУ-Шинэ Зеланд, Аргентин-Австрали их шөвөгт тоглох юм.
Хагас шигшээгийн тоглолтууд энэ сарын 24, 25-нд явагдах бол 30-нд хүрэл медалийн төлөөх, 31-нд аваргын төлөөх тоглолт болно.
Энэ удаагийн тэмцээнд Азийн төлөөлөл Японы шигшээ боломжийн амжилт гаргасан. Тэд хэсэгтээ Шотландын багт 45:10-аар ганцхан удаа хожигдож, 1995, 2007 оны дэлхийн аварга ӨАБНУ-ын шигшээ багийг 34:32, Самоаг 26:5, АНУ-ыг 28:18-аар тус тус хожсон. Гэвч гоолын зөрүүгээр хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, хасагдах шатанд үлдэж чадаагүй аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)