И.Касильяс “Аваргуудын лиг”-т 153 тоглолт хийхдээ 51-д нь хаалгандаа гоол алдаагүй
- 2015-10-21
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-т хөлбөмбөгчид рекорд эвдсээр байна. Энэ улирлын эхэнд “Реал Мадрид”-ын К.Роналду тус тэмцээнд нийтдээ 82 дахь гоол оруулж, бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болсон. Харин урд шөнө Португалын “Порту” клубын хаалгач И.Касильяс “Аваргуудын лиг”-т 153 дахь тоглолтоо хийж, нутгийн ах Шавигийн рекордыг ахиулжээ.
Испани хаалгач И.Касильяс “Реал Мадрид”, “Порту” клубын нэрийн өмнөөс 153 тоглолтонд оролцож, ийнхүү бүх цагийн хамгийн олон тоглолт хийсэн хөлбөмбөгч болов.
Одоо тоглож байгаа тамирчдаас К.Роналду 117 тоглолт хийж энэ жагсаалтын 9-д бичигдэж байна. Харин эхний аравт И.Касильяс 153, Шави 141, Р.Гиггз 145, Рауль 142, П.Мальдини 135, К.Зеедорф 125, П.Скоулз 124, Р.Карлос 120, К.Роналду 116, К.Пуойль 115 тоглолт хийжээ.
Мөн Икер урд шөнө “Порту” багийнхаа хамтаар Израйлийн “Маккаби” клубыг 2:0-ээр хожиж, 51 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй аж. Энэ нь “Аваргуудын лиг”-ийн дээд амжилт болж байна. Өмнө нь Голландын хаалгач Э.Ван Дер Сар “Манчестер Юнайтед” багийн хамтаар 50 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй байсан. Үүний зэрэгцээ “Барселона”-гийн экс хаалгач В.Вальдес, “Челси”-гийн экс хаалгач П.Чех нар 45, “Ювентус” багийн домогт хаалгач Ж.Буффон “Аваргуудын лиг”-ийн 37 тоглолтонд хаалгаа цэвэр манасан байна.
Испанийн алдарт хаалгач И.Касильяс 1981 оны тавдугаар сарын 20-нд төрсөн. Алдарт “Реал Мадрид” клубээс тамирчны гараагаа эхэлж, 25 жил Эзэн хааны багтай амьдралаа холбосон. Тэрээр 1990-1998 оны хооронд “Реал Мадрид”-ын хүүхдийн академид суралцаж, 1998-1999 онд “С” баг, 1999 онд “В” багт тоглож байгаад 1999 оны намраас 2015 оны зун хүртэл үндсэн бүрэлдэхүүнд тоглосон.
Энэ хугацаанд Эзэн хааны багийн хамтаар 2001, 2003, 2007, 2008, 2012 онд Испанийн дээд лигийн аварга, 2011, 2014 онд Испанийн цомын аварга, 2001, 2003, 2008, 2012 онд Испанийн Супер цомын аварга, 2000, 2002, 2014 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2002, 2014 онд Европын Супер цомын аварга, 2014 онд Клубуудын дэлхийн аваргад түрүүлж байлаа.
Мөн Икер Испанийн шигшээ багт 1996 оноос хойш нас насны ангилалд нь тоглож байгаад 2000 онд үндсэн бүрэлдэхүүнд багтсан. Өнөөдрийг хүртэл “Ялагдашгүй Армада”-гийн төлөө тоглохдоо 2010 онд дэлхийн аваргын алт, 2008, 2012 онд Европын аваргын алтан медаль хүртэж, 2010 оны дэлхийн аваргын “Алтан бээлий” шагнал хүртсэн юм.
Тэрээр 25 жил тоглосон “Реал Мадрид” клубыг өнгөрсөн зун орхиж, Португалын “Порту”-д ирсэн. Луунуудын хамтаар ийнхүү “Аваргуудын лиг”-ийн түүхэнд хамгийн их тоглолт хийсэн рекордыг тогтоолоо.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)