Дэлхийн зургаан удаагийн аварга А.Михайлин: Агуу Орос улсдаа үнэнч үлдсэн
- 2015-10-22
- Спорт
- 0

Өдгөө жүдо бөхийн хүнд жинд Францын “Тэди баавгай” хочит Т.Ринер босоо байгаа. 18 настайдаа дэлхийн аварга цол хүртсэн Т.Ринерын өмнө ОХУ-ын А.Михайлин энэ жинд ноёрхож байсан юм. Арван насны зөрүүтэй хоёр шилдэг бөх 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын шигшээд учраа таарч Францын залуу жүдоч ялсан билээ. Энэ ялагдал нь А.Михайлинд халаагаа өгөх болсон гэдгийг мэдрүүлсэн.
ОХУ-ын шилдэг жүдоч Александр Михайлин 1979 оны наймдугаар сарын 18-нл Москва хотод төрсөн. 15 жил жүдо бөхөөр хичээллэхдээ “Лондон 2012” зуны Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргаас 2001 онд хошой алт (+100, үнэмлэхүй жинд), 2005 онд алт, 1999, 2011 онд хүрэл, Хүнд жингийн нээлттэй дэлхийн аваргын тэмцээнээс 2008 онд мөнгө, 2011 онд хүрэл, Европын аваргаас 2001, 2003, 2005, 2006, 2007, 2012 онд алт, 2002, 2005 онд мөнгө, 1999, 2007, 2009 онд хүрэл медаль хүртэж байлаа. Мөн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний 9 алт, Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 алт, Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”, “Дэлхийн цом”, “Гран при” тэмцээнээс нийт 16 алтан медаль хүртсэн. Нийт 330 барилдаан хийхдээ 265-д нь ялалт байгуулсан ОХУ-ын гавьяат тамирчин А.Михайлин “Спорт-Экспресс”-ийн сэтгүүлчид ярилцлага өгсөн билээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-Александр, та хэдхэн сарын өмнө л амбиц дүүрэн төлөвлөгөөгөө дэлгэж суусан биш бил үү. Яагаад гэнэтхэн шийдвэрээ өөрчлөх болов?
-Бүх зүйл гэнэтхэн л болж өнгөрсөн. Европын АШТ-ий дараа шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Эцио Гамба супер хүнд жинд өөр хүмүүсийг сорих болж, намайг үндсэндээ мартсан гэхэд болно. Хэдийгээр дасгалжуулагч хүн дараагийн олимпод залуусаа бэлтгэх нь зүй ёсны хэрэг боловч надад нэг л сонин мэдрэмж төрж байлаа. Тамирчны хувьд хамгийн хэцүү зүйл бол дэвжээнд гарахгүй байх. Төсөөлөөд үз дээ, маргаашаа мэдэхгүй хүн ирээдүйгээ хэрхэн төлөвлөж чадах билээ дээ. Ингээд Москва руугаа буцахаар шийдсэн. Яг тэр үед надад тун сайхан санал тавьсан “Москомспорт”-ын захирал Алексей Воробьевт талархаж байгаагаа илэрхийлье. Дашрамд хэлэхэд шинэ ажил маань ашигтай, сонирхолтой, тогтвортой санагдаж байгаа шүү.
-Өмнө нь гурван ч удаа эцсийн мөчид олимпийн багийн бүрэлдэхүүнээс хасагдаж байсан хүний хувьд тогтвортой байх гэдэг хамгийн чухал байх даа?
-Үнэн хэрэгтээ бүх зүйл тамирчны хувь заяаг үзэгний үзүүрээр шийдэгчдийн хүсэл эрмэлзлээс болсон юм. Европын АШТ-ий өмнө энэ талаар бодож болох л байсан байх. Гэхдээ миний толгойд барилдахаас өөр зүйл бодогдоогүй. Жүдод 12 жилийн хөдөлмөрөө зарцуулсан болохоор Рио-гийн олимпод зодоглохыг л туйлаас хүсэж байлаа. Харин одоо бол тамирчин байхаас удирдагч байх нь хэцүү гэдгийг ойлгуулахыг хичээж ажиллана.

-Таныг огт өөр амьдрал, шинэ үүрэг хариуцлага хүлээж байна. Шантармаар санагдаж байна уу?
-Юунаас ч айхгүй байна. Би угаасаа хийж буй ажилдаа махран зүтгэдэг. Тийм ч учраас бэлтгэлийг уйгагүй хийдэг байсан. Анхны тэмцээндээ хоёрдугаар байранд орчихоод бэлтгэлийнхээ ачааллыг хоёр дахин нэмсний хүчинд оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн. Есдүгээр анги хүртлээ нэг ч ялагдаагүй. Зун болгон 12 см өсөж, 15 орчим кг жин нэмэх намайг ялах хүүхэд үеийнхэнд маань байгаагүй. 16 настайдаа шигшээ багт дуудагдсан. Шигшээгийн анхны цугларалт дээр нэгэн залуу дөхөж ирээд хамтдаа бэлтгэл хийхийг санал болгосон. Өрсөлдөгч маань үнэхээр хүчтэй нэгэн болох нь анхны золгооноос мэдэгдсэн ч өөрт байгаа бүхнээ дайчилж барилдаж билээ. Бэлтгэлийн дараа дасгалжуулагчаас түүнийг нэрийг асуухад Тамерлан Тменов гэдэг байгаа. Тэгэхэд “Яагаад бүгд түүнээс айдаг юм бэ. Надаас онцгой зүйл юу ч үгүй л юм байна шүү дээ” гэж гайхсан. Хожим сонсоход Тамерлан тэгэхэд хүнд гэмтлийн дараа дөнгөж бэлтгэлдээ ирээд байсан юм билээ. Гэхдээ эрүүл саруул байлаа ч гэсэн би хулчийхгүй байсан.
-Ялагдашгүй Тедди Риньегийн өмнө ч гэсэн үү?
-Би түүнд зөвхөн Францын тэмцээн болон Лондоны олимпийн шигшээ барилдаанд л ялагдсан. Мэдээж франц залуу эвгүй өрсөлдөгч л дөө. Гэхдээ түүнтэй хэрхэн барилдахаа боловсруулж болно.

-Сиднейн олимпийн сонгон шалгаруулалтад ялагдсандаа одоо ч гэсэн харамсдаг уу?
-Тийм ээ, тэр ялагдлыг яаж мартах билээ. Миний хувьд 1999 онд 20 настайдаа Европын АШТ-д аль хэдийнэ гурвантаа түрүүлээд байсан. Зөвхөн дээрх амжилтаараа л олимпод оролцох болзлоо хангалттай биелүүлсэн гэж боддог. Гэвч дасгалжуулагч намайг хүнд жинд барилдуулахаар шийдвэрлэсэн. Яг тэр үед супер хүнд жинд Юрий Степкин цоорон гарч ирж, Европын аварга болсон юм. Гэлээ ч би Сидней рүү явна гэдэгтээ итгэлтэй байлаа. Тийм ч учраас Японд болсон цугларалт дээр би галзуу юм шиг л бэлтгэл хийсэн. Харин Юрка бие халаахаас хэтрээгүй гэхэд болно. Москвад буцаж ирсний дараа дасгалжуулагч гэнэтхэн л “Саня, маргааш 11.00 цагаас сонгон шалгаруулах барилдаантай шүү” гэх нь тэр. Чухам үүнд л биеэ нөөж байсан Степкин намайг ялж, олимпод явсан хэрэг.
-Афин, Бээжингийн олимпод оролцох боломж байсан ч та ашиглаж чадаагүй?
-Сайн формтой байгаагүй учраас яваагүй юм. Ялагдах гэж очоод яах юм бэ. “Афин 2004”-ийн өмнөхөн 18 кг гаруй жин хассан. Тэр үед олимпод барилдчих санаатай хүнд жинд олон залуус орж ирсэн. Заримынх нь нэрийг ч мэдэхгүй байсан гээд бод доо. Гэхдээ дотроо өөртөө итгэлтэй байлаа. Ингээд сонгон шалгаруулах тэмцээний финалд хүрч, Дима Максимовт ялагдсан. Барилдаан бас л маргаантай болсон юм даг. Сүүлд нь Максимов над дээр ирээд санаа зовж буйгаа илэрхийлсэн.
-Нэг бус улс таныг өөрийн нэрийн өмнөөс барилдахыг санал болгосон гэж сонсож байсан?
-2008 он хүртэл олон ч санал ирж байсан даа. Гэхдээ би Оростоо үлдэхээр шийдсэн.
-Та олимпийн мөнгөн медалийнхаа тухай дурсах ч үгүй юм?
-Тэр үед зодог тайлах тухай л бодож байлаа. Гэхдээ сүүлчийн барилдаандаа ялагдсан гэсэн тодотгол зүүхгүйн тулд Бразилийн ДАШТ-д оролцохоор шийдсэн. Ингээд ОХУ-ын шигшээг багийн тэмцээнд анх удаа түрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

-Олимпийн мөнгөн медальт Дмитрий Носов саявтархан Оросын шигшээ баг дахь эрүүл бус өрсөлдөөний талаар өгүүлсэн. Тэр “Михайлин Сиднейн олимпод оролцох байсан ч холбооны томчууд танил талаараа бүхнийг шийдсэн” гэж ярьсан байна лээ. Энэ үзэгдэлтэй яаж тэмцвэл зохилтой вэ?
-Харамсалтай нь манай орны хувьд үүнийг арилгах боломжгүй юм. Сонгон шалгаруулах тэмцээний журамд үргэлж үл ойлголцол гардаг. Өнөөдөр ч гэсэн шигшээгийн бүх тамирчид, дасгалжуулагч нар Гамбагийн харцаар хөдөлж байна. Үүний улмаас улсын аварга шалгаруулах тэмцээний нэр хүнд навс унасан. Оросын аварга болчихоод олимп, ДАШТ-д оролцох эрх авч чадахгүй байна шүү дээ. Хэрвээ байдал энэ чигээрээ үргэлжилбэл бүгд л ОХУ-ын АШТ-ээс медаль авахаасаа яаж ийгээд шигшээ багт багтахыг эрмэлзэх болно шүү дээ. Эцио Гамба үргэлж үр дүн ярьдаг. Энэ нь өөрөө ажил хийсэн болж харагдах гэсэн башир арга. Бүхнийг ганцхан гадаад дасгалжуулагч шийддэг болсон. Түүнд таалагдах гэсэн тамирчид жилийн 330 хоногийг байнгын дарамтанд өнгөрүүлж байна шүү дээ.
-Энэ бүхэн дампуурал гэсэн үг үү?
-Түүнээс ч ноцтой. Чин үнэнийг хэлэхэд одоогийн шигшээ баг гэр бүлгүй, орон гэргүйчүүдийн хоргодох газар болж хувирсан. Цугларалт, бэлтгэл чухал ч бүхнээс эрхэм зүйл бол гэр бүл. Холбооны удирдлага тамирчдыг робот шиг санаж, гэртээ харих ч чөлөө олгохгүй байгаа нь эмгэнэлтэй шийдвэр.
-Та гэр бүлээ дурдлаа. Өөрийг тань яг хэчнээн хүүхэдтэйг сэтгүүлчид хүртэл мэддэггүй?
-Эхнэрээсээ салаад удаж байна. Одоо хайртай бүсгүйтэйгээ хамт амьдарч байгаа. Ксения намайг ойлгож, үргэлж үнэтэй зөвлөгөө өгдөг. Бид таван хүүхэдтэй. Том охин түүний салсан нөхрийнх, харин удаах дөрвөн хүүхэд нь бидний дундаас гарсан. Харин өмнөх эхнэр маань сүүлийн үед хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байгаа.
-Тэдэнтэйгээ уулзахгүй байх хэцүү юү?
-Тэгэлгүй яах вэ, ялангуяа бага хүү Яникаа их санаж байна. Тэр маань дөнгөж гуравхан настай юм. Хамгийн сүүлд тэдэнтэйгээ Москвад уулзаж, Федя, Ева нарт кимоно худалдаж авч өгсөн. Том охин Яна Англид дизайнерийн чиглэлээр суралцаж байгаа. Хүүхдүүд маань өсөж томроод, бие даан шийдвэр гаргадаг болсон цагт чөлөөтэй уулзана гэж найдаж байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)