Ор үндэсгүй мэдээлэлд автахгүй байхыг уриалав
- 2020-12-18
- Улаанбаатар
- 0

Богд хааны ордон музейгээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд тус музейн үзмэрт буй анхдугаар богд Өндөр гэгээний урласан “Ногоон дара эх” шүтээнийг цахим орчинд хэн нэгний нэр хүндэд нөлөөлөхийн тулд Занабазарын мутрын бүтээл бус, хуулбар гэх ташаа мэдээллийг нийгмийн сүлжээгээр зориуд тараасан. Энэ нь Богд хааны ордон музейн ажилтан албан хаагч, урлаг судлалын эрдэмтэн мэргэд, гадаад болон дотоодын мянга мянган үзэгч үйлчлүүлэгчийг илтэд басамжилсан үйлдэл тул уг ор үндэсгүй мэдээлэлд автахгүй, улмаар түгээхгүй байхыг уриалсан байна.
Өндөр гэгээн Занабазарын урласан “Ногоон дара эх” шүтээн нь 1706 оны орчим бүтээгдсэн болов уу хэмээн таамагладаг бөгөөд цагийн ороо бусгааг туулж, өдгөө бидэнд өвлөгдөхдөө анхны эх төрхөөрөө үе дамжин ирсэн, дэлхийн урлагийн хойморт зохих ёсны байр сууриа эзэлсэн сод бүтээл юм.
Гурван цагийн бурхдын эх болох Ногоон дара эх нь нигүүлсэнгүй бодь сэтгэлт эх хүний сонгомол дүр төдийгүй монгол эмэгтэйн төгс галбирыг бурхны тигтэй зохируулж, зөвхөн Занабазарын л гэх төгс тигийг бий болгосон төдийгүй уг урлалын чимэглэл болох тэргүүн дэх ригна, мөрөн тушаагаас дэлгэрсэн бадамлянхуа, алтан бумбалыг халхалж ядах нимгэн торго, завилгаат суудалтай галбирт нь төгс харьцаа бүхий боргоцойлон тулах бад зэрэг нь зөвхөн нэг цутгалтаар бүтээгдсэн мэт огт гагнаасгүй байдаг нь уг урлалын дахин давтагдашгүй чанарын нэг илэрхийлэл болдог билээ.Дахин давтах, хуулбарлахын аргагүйн баталгаа нь зөвхөн Занабазарын л гэх тодотгол бүхий “нэрэх” аргаар цутгасанд оршино.
Энэ нь хүрлийг тодорхой сорьц бүхий есөн эрдэнээр баяжуулж, дотроо хөндий цутгаж, алтаар шарсан бөгөөд гагцхүү Занабазарын дэг сургууль буюу гарын шавь нарт нь л ингэж цутгах эрдэм чадвар байжээ.
Тиймдээ ч орчин үеийн цутгуурын урлаг болон шинжлэх ухаан ч тоймтой тайлбар хийж чадахгүй байгаа нь “Ногоон дара эх”- ийн чинад нууц, үнэт чанар юм.

Сэтгэгдэл (0)