Төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийлээ

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт Японы зүрхний эмч нар ирж төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийж байгаа гэсэн мэдээллийн дагуу тус эмнэлгийг зорилоо.

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт Японы зүрхний эмч нар ирж төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийж байгаа гэсэн мэдээллийн дагуу тус эмнэлгийг зорилоо. Биднийг очиход хүүхдүүдэд хийх хагалгаа эхэлсэн төдийгүй эцэг, эхчүүд нь цаг тоолон хүлээж байв. 
Хагалгааг “Heart Saving Project” ашгийн бус байгууллагын хүүхдийн есөн эмч хийж байгаа ажээ. Гадаадад эмнэлгийн сайн дурын буцалтгүй тусламж үзүүлдэг Японы эмч нар нэг ч гэсэн хүүхдэд амьдрал хайрлах зорилгоор 11 дэх жилдээ манай улсад өөрсдийн зардлаар ирж буй нь энэ аж. 
Тэд энэ удаа 40 гаруй хүүхдэд PDAийн эмчилгээ буюу катетерийн эмчилгээг хийхээр төлөвлөсөн ч техник технологи дутмагаас цөөн тооны хүүхдийг хамруулахаар болжээ. Катетерийн эмчилгээ гэдэг нь зүрхний үйл ажиллагааг зогсоохгүй, хиймэл цохилтын төхөөрөмж ашиглахгүй хийгддэг давуу талтай эмчилгээний арга юм. 
1980 оноос энэхүү эмчилгээний аргыг дэлхийд хүлээн зөвшөөрчээ. Манай улсад катетерийн эмчилгээнд жилдээ 1700 гаруй насанд хүрэгчид ордог байна. Харин хүүхдийн хувьд биеийн байдлаас нь шалтгаалан хийдэггүй байжээ. Дэлхийн хэмжээнд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нийт төрөлтийн нэг хувьтай тэнцдэг гэсэн судалгаа бий. 
Тухайлбал, Японд 2010 онд нийт 1.7 сая эх амаржсанаас 10 мянган нярай төрөлхийн зүрхний гажигтай төржээ. Харин манай улсын хувьд 50 мянган төрөлтөд 500 хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай гэсэн судалгаа гарсан байна. 
“Heart Saving Project” ашгийн бус байгууллагын эмч нар долоо хоноод нутаг буцах хэдий ч арваннэгдүгээр сард дахин ирэх ажээ. 

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)