Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
- 1 цаг 51 мин
- Улс төр
- 0

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран өчигдөр (2026.11.02) “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой энэхүү хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалсан юм.

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан үг хэлэв.
Улсын Их Хурал 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийг баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.
Төрийн албан хаагчийн ёс зүй нь зөвхөн хувь хүний сахилга, харилцааны асуудал бус төрийн үйлчилгээний чанар, шударга байдал, хариуцлага, иргэдийн төрд итгэх итгэлийг тодорхойлох үнэт зүйл гэдгийг Б.Жавхлан гишүүн тодотгоод “Хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын хэмжээнд Ёс зүйн хороо, байгууллагын дэргэдэх 3000 гаруй Ёс зүйн дэд хороо байгуулагдаж, 12800 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа нь ёс зүйн бие даасан тогтолцоо бүрдэж байгаагийн тоон үзүүлэлт юм. Мөн ёс зүйн сургалт, соён гэгээрүүлэх ажил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байна” гэлээ. Гэсэн ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд анхаарах асуудал цөөнгүй байна хэмээсэн. Тэрбээр төрийн байгууллагын ёс зүй, шударга байдал, хариуцлага, соёлын төлөвшлийг бодитой үнэлэх, ёс зүйн индекс нэвтрүүлж, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх нь төрийн албаны үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах чухал хөшүүрэг болно хэмээн үзэж байгаагаа дурдлаа. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг салбарын болон мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй уялдуулах, удирдах албан тушаалтны манлайлал, үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, ёс зүйн эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг Б.Жавхлан гишүүн хэлж байв.
Улсын Их Хурал ч үйл ажиллагаандаа ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгааг энэ ташрамд дурдаад, Улсын Их Хурлын даргын 2026 оны 231 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод дуулгав.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудал, зохицуулалтын давхардал хийдлийг тодорхойлон, амьдралд хэрэгжихүйц шийдэл, санал зөвлөмж боловсруулах нь чухал хэмээсэн. Хэлэлцүүлэгт оролцогчдын ажил хэрэгч санал зөвлөмжийг нэгтгэн, холбогдох хууль тогтоомж, шийдвэрт тусган ажиллахаа тэрбээр хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “Төрийн албаны ёс зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулсан. Төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмнөөс иргэдэд үйлчлэхдээ төрийн албан хаагч шударга, алагчлалгүй, тэгш хандаж, хүлээсэн үүрэгтээ үнэнч, хариуцлагатай зүтгэж ажиллавал төрд итгэх иргэдийн итгэл дээшилнэ гэж үздэг болохыг илтгэлийнхээ эхэнд тэмдэглэсэн. Төрийн албанд улс орон, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, амин хувийн ашиг сонирхлыг хойш тавьж ажиллах соёлыг хэвшүүлбээс төрийн алба дахь сонирхлын зөрчил, авлига, хээл хахууль, хууль бус үйл ажиллагааг зогсоож чадна гэж үздэг гэдгийг дурдсан.
Австрали, Америк, Солонгос, Их Британи, Герман, Канад, Франц, Швед, Шинэ Зеланд, Сингапур, Турк, Эстон, Япон зэрэг улс орон төрийн алба дахь ёс зүйн асуудлыг дүрэм, журмаар зохицуулдаг болохыг танилцуулсан. Энэ дундаа Америк, Солонгос, Герман, Япон, мөн Монгол Улс төрийн, улс төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчилсан байдаг гэлээ.

Төрийн албаны ёс зүйг хууль, дүрэм, журмаар зохицуулж байгаа дээрх зохицуулалтуудын нийтлэг дөрвөн талыг Б.Хэрлэн гишүүн танилцуулсан. Нэн тэргүүнд албан хаагчдад зөв, буруугийн талаарх ойлголт, ухамсрыг төлөвшүүлэхэд эхнээс нь дүрэм, журмыг тодорхой болгох дээр голлон анхаарсан байдгийг дурдав. Удаад нь зөв, бурууг ялгаж, зөвийн талаарх нэгдсэн ойлголтоо бэхжүүлэхийн тулд зөөлөн арга хэлбэрийг ашиглах, шаардлагатай бол шийтгэл ногдуулах хатуу арга хэмжээг цаг тухайд нь хэрэглэх хандлагатай байгаа гэлээ.
Гуравдугаарт, ёс зүй, ухамсар соёлыг хэвшүүлэхдээ алдаа зөрчлийг илрүүлээд, тухайн үед нь арга хэмжээ аваад орхидог биш, байнгын сургалт, хэлэлцүүлэг, яриа, үлгэр дуурайлал, манлайлал, урамшууллын зөөлөн аргуудыг түлхүү хэрэглэхийг төлөвшүүлэх зохицуулалт нийтлэг байдаг аж. Дөрөвдүгээрт зөв, буруугийн талаарх ойлголтыг тодорхой болгосны дүнд “Бурууд нүд хурц байх” нийтлэг соёл тогтож, зөвийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх, магтан урамшуулах, харин алдаа зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, сануулах, зөвлөн тусалж, засуулах зэргээр нөлөөлөх аргуудыг хослуулан хэрэглэдэг нийтлэг зохицуулалт байгаа аж.
Түүнчлэн төрийн албан хаагчийн зан үйл, ёс зүйн төлөвшилд зөвхөн хувь хүний хандлага бус байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалт, ажил хэргийн үйл явцын зохион байгуулалт шууд нөлөөлдөг болохыг улс орнуудын нийтлэг зохицуулалтын жишиг болохыг Б.Хэрлэн гишүүн онцоллоо. Тодруулбал, ёс зүйн асуудлыг зөвхөн зөрчил гарсны дараа хариуцлага тооцох хүрээнд бус, байгууллагын засаглал, удирдлагын манлайлал, ажлын зохион байгуулалттай уялдуулан цогцоор нь авч үзэж шийдвэрлэх хандлага олон улсад түгээмэл байгааг дурдсан юм.

Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн хэрэгжилтийн талаарх тоон мэдээллийг танилцуулсан юм. Хууль хэрэгжсэнээс хойших гурван жилийн хугацаанд ирсэн гомдол, мэдээллийн тоо хууль батлагдахаас өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан болохыг танилцууллаа. Хууль хэрэгжихээс өмнө өргөдөл гомдлын тоо жилдээ 11.6 хувиар буурч байсан бол хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2024, 2025 онд 40 хувиар буурсан гэлээ. Эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгосон ч сайжруулах шаардлагатай, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, С.Зулпхар, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын есөн гишүүнтэй ажлын хэсэг байгуулсныг танилцуулав. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 13 уулзалт зохион байгуулж, энэ бүрд давтагдаж байсан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай 11 асуудлыг тодорхойлсон хэмээгээд нэгбүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлаж, илтгэлээ танилцуулсан.

Сэтгэгдэл (0)