Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
- 3 цаг 37 мин
- Нийгэм
- 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 125 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 29 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 972 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.
Үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлөх, мөн барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх, хууль бусаар ажилд томилсны улмаас байгууллагын батлагдсан төсвийн цалингийн санд 144,7 сая төгрөгийн хохирол учруулсан гэх, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, тендер сонгон шалгаруулалтыг явуулахдаа төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж дураараа аашилсан гэх, нэр бүхий сумын Засаг дарга нь ашигт малтмал олборлох аман зөвшөөрөл өгөх, гэрээ байгуулах зэргээр бусдаас удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Сэтгэгдэл (0)