Мал аж ахуйн эдийн засгийг хөгжүүлэх асуудалд…
- 2021-07-02
- Нийгэм
- 0

1987-1989 онд эхний малын 33 хувьтай тэнцэх төл бойжуулж байсан. 2017-2019 оны төл бойжилтын байдлыг дээрх жишгээр тооцоход жил тутам 1.5-2 сая төл алдсан байна. Мал аж ахуйн салбарт ашиглаж болох нөөц асар их байна. Хүн бүл сайтай айл идэшний цагаар эргэлтэд оруулах малаа өөрсдөө нядалж дайвар бүтээгдэхүүнээ гүйцэт ашигладаг бол бусад нь амьдаар нь худалдаачдад өгөж арьс шир, дайвар бүтээгдэхүүнийхээ орлогыг алддаг байна. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд идэш гаргаж байх үеэр дайвар бүтээгдэхүүн хэрхэн ашиглаж байгааг сонирхоход цусыг нь асгаж /саяхан цусан хиам үйлдвэрлэдэг, сайхан амттай хүнс байсан даа/, богийн шийрийг арьстай нь үлдээж, дайвар бүтээгдэхүүнээс зөвхөн арьс шир, өлөн, толгой, гэдэс дотор хагас дутуу ашиглаж бусад нь хаягдаж байлаа. Цус, шийр ашигладаггүй нь хаа сайгүй хэвийн үзэгдэл болсон байна. Өвөл ийм байхад дулааны улиралд арьс шир үнэгүйддэг, малын сүү сааль ялангуяа бог мал саах нь ховор болжээ. Хонь өдөрт 2 саадаг байсан гэхээр малчид ч гайхах болсон байна. Мал аж ахуйн эдийн засгийн өгөөж саарч байгаагийн өөр нэг шалтгаан нь хүний хүчин зүйл. 1980-1990 оны үед 23-25 сая малтай, мал маллах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хашаа худаг, техник, мэргэжлийн удирдлага үйлчилгээ гээд тус салбарт 230 мянган хүн ажилладаг, мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн ороод Монгол Улсын үндэсний орлогын 60 гаруй хувийг бүтээж байсан. “Эрдэнэт” ашиглалтад орсноор энэ харьцаа буурсан, гэхдээ тэргүүлэх салбар хэвээрээ байсан. Тэгвэл өнөөдөр 290 мянган хүн /малчин/ 70 сая малтай зууралдаж байна. Тэр үед үйлдвэрлэл явагдаж байсан бол өнөөдөр малчдыг үйлдвэрлэгч гэж хэлэхэд хэцүү болсон байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2018 оны “Малчдын аж байдал” судалгаагаар нэг малчны сарын дундаж орлого 959 мянган төгрөг, бага нь 300 мянга, их нь 2.1 сая төгрөг гэж гаргасан байна. Малчид орлогынхоо 75 хувийг малын ашиг шимээс, 15 хувийг цалин хөлс /бусдын мал малласны орлого ороод/ тэтгэвэр, тэтгэмж, 10 орчим хувийг өрхийн гишүүд мал аж ахуйгаас бусад салбарт ажиллаж бүрдүүлдэг байна. Малчдын мөнгөн зарлагын талаар судлаачдын тоо мэдээллээс нэгтгэн авч үзэхэд мөнгөн зарлагынх нь 45 хувь хэрэглээний, 36 хувь мал аж ахуйн үйл ажиллагаанд /малын тэжээл, эм тарилга, худаг ус, хашаа хороо засаж сэлбэх гэх мэтэд/, 15-20 хувь нь хөрөнгө оруулалт /шинэ гэр, сууц барих, машин, мотоцикль, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө бий болгоход зарцуулдаг, орлого нь улирлын чанартай байдгаас зээлийн хүүд багагүй мөнгө зарж, бас мөнгөний гачаалаас шалтгаалж мал, мах, ноос, ноолуураа үнэ хүргэж чаддаггүй байна. Бий болгосон орлого, цалингийнхаа нэлээдийг үйлдвэрлэлдээ зарцуулдаг нь энэ салбарынхны онцлог юм. Малчдын хөдөлмөрийн үнэлэмж огт яригдахгүй байна, тэд улсад асар их баялаг бүтээж байгаагаа мэдэрдэггүй, бүтээсэн баялгийн зах зээлийн хууль нэрээр тал талаас нь тоншиж, өөрсдөө бий болгосон юм шиг ярьж, тоо тооцоонд оруулагчид олширсон. Малчин хөлсөлж малаа маллуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн олгож байгаа цалин хөлс, шагнал урамшууллын хэмжээ улсын данс бүртгэлээс харагдахгүй байна. Ямар ч нөхцөлд хөдөлмөрийн гэрээтэй байж, нийгмийн даатгалд хамруулан хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс багагүй цалин олгох ёстой. Үнэндээ энд хөдөлмөрийн далд мөлжлөг явагдаж байна. Өвөг дээдсийн “Ууттай юм уруугаа, дэлэнтэй юм дээшээ” гэсэн сургаал дор уул уурхайн асуудалд цаашид хямгатай хандаж, нэгэнт ухсан уурхай, олборлохоор шийдсэн баялаг /төрийн хяналтад авч байгаа нь маш зөв/-ийг мэдээлэл технологи, боловсрол, шинжлэх ухаан хөгжүүлэхэд зориулж, бүтээн байгуулалт, дэд бүтэц, ард иргэдийн өв тэгш сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүртээмжтэй эдийн засгийг бий болгоход эрдэс баялгаас бусад салбар, үүний дотор бэлэн байгаа мал аж ахуйн салбараа түшиглэх нь эдийн засгийг сэргээх хамгийн зөв гарц мөн. Мал аж ахуйд тулгамдсан асуудлуудьн шийдвэрлэх талаар бидний бодол.
1.Малын өсөлт, сүргийн бүтцийг бодлогоор зохицуулж, мал маллагааны уламжлалт аргыг зоо мал эмнэлгийн шинжлэх ухаантай хослуулж зохион байгуулалттай үйлдвэрлэл болгоход төрийн бодлого, тууштай арга хэмжээ хэрэгтэй байна. Тариалан, эрчимжсэн мал аж ахуйн талаар явуулж байгаа төр, засгийн үйл ажиллагаанд ард иргэд сайшаалтай байна. Одоо уламжлалт сүрэг, ус бэлчээр малчдынхаа талаар тийм тууштай бодлого, арга хэмжээ явуулаасай гэж хүлээж байна. Алсын хараа 30 жил хөтөлбөрт хөдөө аж ахуй бүхэлдээ хүнсний үйлдвэрлэлийн багцад багтаж тусгагджээ. Энэ багцаас мал, малчдын талаар тусгайлан шийдвэртэй арга хэмжээ хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна.
2.Малчдад үйлдвэрлэл явуулж ашиг орлого олох хэмжээнд идэвхтэй, ирээдүйдээ итгэлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үүний тулд тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг өөрчилж, малгүй, цөөн малтай малчин, хөдөө суурьшин мал маллаж ажиллах өрхийн судалгаа гарган өрх бүрийг 200 /өрхийн нэг гишүүнд 50-иас доошгүй/-аас цөөнгүй малтай болгон, малчин өрхийг амь зуудаг биш, мал аж ахуйн үйлдвэрлэгч болгох хэрэгтэй байна. Энэ талаар төв орон нутгийн засаг, төрийн байгууллага гэлтгүй, олон жил ашиг орлогоос нь хүртсэн ХААН банк, ХАА-н бирж, даатгалын байгууллагууд, мах, ноос, ноолуур боловсруулдаг корпорац, пүүсүүд гар сунгах цаг болсон.
3.Үндсэн хуулийн мал сүрэг үндэсний баялаг, төрийн хяналтад байлгах заалтын хэрэгжилтийг аймаг, сум бүрээр тооцож, шинжилгээ дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Мал сүргийн асуудлыг ярихдаа малчин, ус бэлчээрийг нь орхигдуулж, зөвхөн малаа л ярьдаг нөхөд цөөнгүй. Малчдаасаа малын хөл нэрээр татварлаж эхэллээ. Эргэж хараасай. Татварын хатуу хүртээмжит бодлогоос татгалзаж, нийлмэл нийлүүлэлтийн онолын уян хатан хувилбарыг зарим нэг салбарт эхний ээлжид мал аж ахуйн салбарт эхлүүлмээр санагддаг. 30-аад жилийн өмнө доктор П.Жасрай Артур Лафферийн энэ онолыг судлаад манайд хэрэглэхэд тохиолдож болох эерэг, сөрөг талуудыг нь тооцож байсан удаатай.
4.Өвөл хаврын бэлчээрийг цагдаж, малаа уламжлалт аргаар маллаж, отор нүүдэлд ердийн хөсөг ашигласан, соргог бэлчээр бий болгож, худаг ус гаргасан, ус бэлчээр хамгаалсан, говь, тал хээр, өндөр уулын болон, төв суурингаас алсад ажиллаж амьдарч байгаа малчдад бүсийн нэмэгдэл, урамшуулал, бүтээгдэхүүнд нь үнэ, чанарын нэмэгдэл олгодог байвал малчид идэвхэжнэ.
5.Өвс ургамал сайтай ч алс бөглүү, ус хужрын гачигдалтай, малчид очиж нутаглах сонирхолтой ч боломжгүй нутаг бэлчээр хаа сайгүй. Усан сан байгуулж ус, хужрыг нь хүргэж өгөх, цас борооны ус тогтоож, хиймэл нуур цөөрөм байгуулбал түр зуур ашиглах бэлчээр ч их байна. Энэ асуудлыг малчдын үйлчилгээний хэсэг /бригад/ ажиллуулан, хүн мал эмнэлэг, сувилал, ахуйн болон цахилгаан хангамж, урлаг, соёл, боловсрол, мэдээллийн үйлчилгээ үзүүлж, ус хужир, хүнс, чухал хэрэгцээтэй зүйлийг нь хүргэж өгдөг, хашаа, худаг, ус бэлчээр гаргах, хамгаалахад нь тусалдаг байвал мал аж ахуйн үйлдвэрлэлд том дэмжлэг болно. Малчдад өөрсдөд нь хурдан унаа, утас холбоо байлгүй яахав. Гэхдээ хурдан унааг мал хариулах хэрэгсэл болгохыг хориглоход гэмгүй санагдана.
6.Сүргийн бүтэц, малын таваарлаг чанар, мал аж ахуйн бүтээгдэхүүний талаар их ярьж бичиж байна. Шийдвэрлэх арга нь малчдын анхан шатны хоршоо юм байна. Малчдын үйлчилгээний асуудлыг ч хоршоо хариуцахад гэмгүй. Малчид өөрсдөө дундаасаа туслах үйлдвэрлэл, үйлчилгээний хэсэг /бригад/-ийг хоршооны хэлбэрээр зохион байгуулж, ноос ноолуур, арьс үс, гарч байгаа түүхий эдийг цуглуулан авч, ангилалт боловсруулалт хийж, үйлдвэр баазад тушаах, эргэлтэд оруулах /таваарын/ малыг эрт ялган суурилж, отроор таргалуулах, мах, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр цех ажиллуулбал мал ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах боломжтой. Хоршоо ашиг орлогоо малчдадаа өгдөг байвал хоршооны нэр хүнд унахгүй. Малчдын хөдөлмөрийг хорших асуудлаар Хөдөө аж ахуйн хоршоодын холбоо их хөөцөлдөж байна, даан ч хүчин нь мөхөсдөж байна. Ер нь хөдөө аж ахуйн хоршооны талаар тусгай хууль шаардлагатай болсон байна.
7.Орчин үеийн боловсролын систем малчдын хүүхдэд ер таарахгүй байна. Манай нөхцөлд тохирсон малчдынхаа хүүхдэд хүрч сургадаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Тусгай хөтөлбөрөөр ерөнхий боловсрол эзэмшүүлж, гадаад, дотоодын сургуульд хүссэн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулбал олон түмэн мал руугаа, хөдөө рүүгээ илүү анхаарч, мал аж ахуйн эдийн засаг хөгжихэд том хөшүүрэг болно. Боловсролын талаар багц хуулийн төсөл явж байна. Энэ хууль мал аж ахуйг улам төвөгтэй байдалд оруулахаар байна. Өргөн уудам нутаг, таруу сийрэг нөхцөлийн өвөрмөц аж ахуй эрхлэгчдийн хүүхдийг сургах ерөнхий боловсролын тусгай хууль байвал яасан юм. Шинээр боловсрогдож байгаа хууль хот сууринд тохирч байна. Техник технологи, хэл соёл, холбоо мэдээлэл хаана ч хүрч чадахаар болсон, боловсролын баялаг туршлагатай, багшийн хүрэлцээ хангамж сайжирч байгаа өнөөгийн нөхцөлд хот, тосгоны сургалтын агуулга нь нэг, зохион байгуулалт ялгаатай байвал сургалт илүү амжилттай болно гэж үзэж байна.
8.Малын хулгай мал аж ахуй, малчдын амьдралд зуд турхнаас дутуугүй аюул учруулж байна. Чингис хаан муу үйл үйлдсэн, хулгайч, бүтэлгүй хүмүүстэй хатуу тэмцдэг байсан нь ч үүнтэй холбоотой. Өнөөдөр орон нутгийн засаг, захиргаа, цагдаагийн байгууллага хулгайтай их тэмцэж байна. Даан ч дийлдэхгүй байна. Энд мониторингийн хяналт нэвтрүүлэх ажлыг эхлүүлмээр. Авто замд хяналтын камер ажиллуулсан, болж байна. Үүнтэй адил малын бэлчээрийг өндөрлөгөөс хүчтэй камераар хянадаг тогтолцоо бий болгож, очиж байгаа, буцаж байгаа машин, хүний хөдөлгөөнийг ямар ч нөхцөлд хянадаг, олж илрүүлснээ өшөө хатуу шийтгэдэг байвал хулгай номхрох л ёстой.
9.Мал, малчин, ус бэлчээр, хөдөөгийн боловсролын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн эх үүсвэр /баялгийн тусгай сан/ хэрэгтэй. Зарцуулалтыг нь мал аж ахуйн салбараас олох орлого хэд дахин давж нөхөх боломжтой. Санг төрийн бодлогоор Засгийн газар, уул уурхай, худалдаа үйлдвэрийн корпорацууд, аялал жуулчлал, байгаль хамгааллын салбарын компа-ниуд, ХААН банк, ХАА-н бирж, даатгалын компа-ниудыг оролцуулж, концерний хэмжээнд ажиллуулбал үр дүнтэй болно.
Ч.ДАШСАМБУУ /Монгол Улсын их сургуулийн ахмад багш, доктор, профессор/
Я.ШАГДАР /Орхон их сургуулийн
багш, профессор/

Сэтгэгдэл (0)