Хөдөлмөрийн харилцааг шинээр хуульчилж, цөөнгүй иргэнийг өршөөлд хамруулахаар боллоо

Хаврын чуулган өндөрлөхөд багахан хугацаа үлдсэн энэ өдрүүдэд УИХ-аас хэд хэдэн чухал хуулийг эцэслэн баталлаа. Тодруулбал, ард түмний ажил хөдөлмөр эрхлэх хийгээд аливаа харилцаанд хэрхэн оролцохыг зохицуулсан хязгаар нь хууль, тогтоомж байдаг. Тэгвэл ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд болон ажил олгогчидтой холбоотой хуулийг УИХ-аас шинэчилсэн бол долоо дахь Өршөөлийн хуулийг мөн батлав.

Монгол Улс 22 жилийн дараа Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталсан юм. Гурван парламент, та-ван Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-аас эцэслэн баталснаар хөдөлмөр эрхэлж буй бүх хүн Хөдөл-мөрийн хуулиар хамгаалагдах эрх зүйн орчныг бүрдүүлэв. Манай улс хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэхээр 2018 онд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан ч эцэслэж амжилгүй явсаар өдийг хүрсэн байдаг. УИХ-ын дарга Г.Занданшатарын тодорхойлсноор УИХ-ын ажлын хэсэг гурван жил тасралтгүй ажилласан Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар болон гэ-рээсээ зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, туслах малч-наар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг хуульчилсан юм. Түүнчлэн цалин хөлсийг гүйцэтгэл бүтээмж, ур чадвартай уялдуулах нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан бол ажилласан жил харгалзахгүй амралтын хугацааг 20 хоног болгохгүй, хуучнаар буюу 15 хоногоор үлдээж, уурхайн ажилчид 14/14 гэсэн уртын ээлжээр ажиллахаар өөрчлөв. Эдгээр харилцааг хуульчлахын тулд Мэргэжлийн боловсрол сургалтын тухай болон Эвлэ-рүүлэн зуучлал, Төрийн албаны, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэ-вэр тэтгэмжийн тухай, Боловсролын тухай, Дипломат албаны тухай, Донорын тухай, Жендерийн тэгш байдлын тухай хуулиудыг өөрчлөн баталсан юм. Ажил олгогч болон ажилтны харилцан ойлголцолд үндэслэн хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх нь нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болдог гэж үздэг. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хууль энэ харилцаанд зөвшилцлийн баримт бичиг нь болох учиртай гэж УИХ үзсэнээр ийнхүү шинэчлэн батлав.

Өнөөдрийн байдлаар манай улсад 1.2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр хүмүүс бүгд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт буюу хамгаалалтад орсон гэж ойлгож болно. Энэ хуульд шинээр оруулсан заалтаас тухайлан дурдвал хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асардаг иргэн ажлын байрандаа очилгүйгээр гэрээсээ, алсын зайнаас ажлаа хийх боломжоор ажил олгогч хангана хэмээн хуульд тусгажээ. Түүнчлэн ажилтан болон ажил олгогчтой холбоотой аливаа маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тусгай бүлэг болгон оруулсан юм. Мөн туршилтаар болон дагалдангаар ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг мөлжих, цалин урамшуулал өгөлгүй ажиллуулах зэрэг манай улсад гардаг нийтлэг зөрчлийг энэ хуулиар нарийвчлан зохицуулсан нь сайшаалтай болсон гэдгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг онцолж байгаа юм. Түүний хэлснээр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсч эхэлсэн л бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамаараад цалин хөлсний асуудлыг Хөдөлмөрийн хуулиар бүрэн зохицуулсан” гэлээ. Түүнчлэн албан болон албан бус секторт ажиллаж байгаа иргэд тухайн ажил олгогчийн төлөө, түүний хүсэл зорилгыг биелүүлэхээр ажиллаж эхэлсэн л бол өөрийн хөдөлмөрт тохирсон цалин, урамшууллыг авч байх ёстой хэмээн хуульчиллаа. Улмаар ажлын байрны дарамт, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл байж хэрхэвч болохгүй гэх мэтээр ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хөдөлмөрийн хуулийн суурь хамгаалалт үйлчлэхээр тусгасан байна. Манай улсад өнөөдрийг хүртэл үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч бус ажилтныг давуу байдлаар буюу 60 орчим хувиар хамгаалдаг байсан бол хуулийг шинэчилснээр энэ харилцааг адил тэгш хэмжээнд хүргэсэн нь хуулийн хийдлийг арилгасан явдал болсон гэдгийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцолж байна. Харин хуульд зааснаас бусад тохиолдолд ажил олгогч, ажилтан хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр хэн хэнийхээ нөхцөлийг дээрдүүлэхийг нээлттэй үлдээсэн байна. Үндсэндээ ажилтан гэхээр хөдөлмөрөө мөлжүүлэгч, ажил олгогч гэхээр дарангуйлагч мэт ойлгогддог нийтлэг ойлголтыг халах, ерөөсөө аль аль нь нэг зорилгын төлөө явдаг учраас харилцан ойлголцол, зөвшилцлийг энэ хуулийн гол философи гэж ойлгох хэрэгтэйг хууль санаачлагч гишүүд онцолж байгаа юм.

Хуульд шинээр оруулсан нэг заалт нь олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор бүрэн хангах ёстой гэж үзжээ. Тухайлбал, жирэмсэн эмэгтэй болон гурав хүртэлх насны хүүхэдтэй ээж өөрөө хүлээн зөвшөөрөөгүй бол амралтын өдрүүдэд болон шөнийн цагаар, илүү цагаар ажиллуулахыг хориглосон байна. Түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй ээж өөрийн хүсэлтээр ажилдаа орсон тохиолдолд хүүхдээ хөхүүлэх боломжоор хангаж өгөхийг хуульчиллаа. Энэ тухайд шинээр оруулсан бас нэг заалт нь бидний хэлж заншсанаар аавын долоо хоногийн арав болгон нэмэгдүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотойгоор ямар асуудлыг хуульчлах талаар тусгайлан санал асуулга явуулсан бөгөөд 21 санал ирүүлснээс 20-ийг нь бүтэн тусгаж нэг бүлэг болгон оруулжээ. Тухайлбал, тухайн байгууллага 20-оос дээш тооны ажилтантай албан байгууллага бол хөгжлийн бэрхшээлтэй нэг ба түүнээс дээш иргэнийг авч ажиллуулах ёстой байдаг. Энэ заалт өмнөх хуульд байсан ч албан байгууллагууд төдийлөн мөрддөггүй байсан учраас хэрхэн хэрэгжүүлэх тухайд хөшүүрэг болох заалтыг нэмж тусгажээ. Ингэснээр тухайн ажлын байрны дөрвөн хувиас доошгүй орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлнө гэж заажээ. Энэхүү дэд санд төвлөрүүлсэн хөрөнгийг эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах, орлоготой байлгахад зориулах юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон байнгын асаргаатай хүүхдээ асардаг эцэг эхэд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг хуульд тусгасан байна. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрээр хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангаж, бэлтгэн боловсруулсан бүтээгдэхүүнийг нь зарж борлуулахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. Мөн энэ удаагийн хуульд шинээр оруулсан нэг заалт нь туслах малчнаар ажилладаг иргэд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах, ингэснээр ажил хөдөлмөрөө дутуу үнэлүүлэх, цалин хөлсөө авч чадахгүй байх зэргээс хамгаална гэж үзсэн байна.

АРАВДУГААР САРЫН 1-НИЙ ДОТОР ТОРГУУЛИЙНХАА 50 ХУВИЙГ ТӨЛБӨЛ ҮЛДСЭНИЙГ ӨРШӨӨЛД ХАМРУУЛНА

УИХ өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн тухай хуулийг эцэслэн баталсан нь долоо дахь удаагийнх боллоо. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд өргөн барьсан Өршөөлийн хуулийг УИХ анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Энэ удаагийн Өршөөлийн хуулийн хамрах хүрээ, үйлчлэх цаг хугацааны талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр энэ удаагийн Өршөөлийн хуульд дараах гурван төрлийн сигментийг хамруулах юм байна. Тухайлбал,

Нэгдүгээрт, өршөөлд хамруулахаар тусгасан Эрүүгийн хуульд тусгай зүйл ангид хамаарах хэсгийг шууд өршөөн хэлтрүүлж, хууль үйлчилж эхэлсэн долоодугаар сарын 6-ны өдрөөс ялаас чөлөөлж өршөөнө. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсээс 157 эрэгтэй, гурван эмэгтэй нийтдээ 160 хоригдол шууд суллагдахаар болжээ.

Хоёрдугаарт, тодорхой төрлийн өршөөлд хамруулах гэмт хэргүүд дээр тус бүрээс нь хоёр жилийг өршөөн хэлтрүүлэхээр болсон байна. ингэснээр эдэлж буй ялаас нь хоёр жил хасагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны нэг гээд нийт 184 хоригдолд хамаарах юм байна. Нийт суллагдах ялтны тоо 344. Хоёр жил хасагдаж байгаа ч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй ялтан 348, эмэгтэй 17 гээд нийт 365 ялтан байгаа ажээ.

Гуравдугаарт, тодорхой төрлийн гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо байгаа тохиолдолд тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөхөөр тусгажээ. Энэ нь хүн бүрийг шоронжуулан хорихоос илүүтэйгээр тухайн хүн ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох эрхээ эдлэх, гэр бүлдээ байх, тэднийгээ тэжээн тэтгэх тэр боломжийг төрөөс олгож, зорчих эрхийг нь хязгаарлах зорилготой бөгөөд ял буюу цахим бугуйвчийг зүүлгэж хянах аж. Энэ өршөөлд эрэгтэй 1086, эмэгтэй 41, өсвөр насны гурав буюу нийт 1130 хоригдол хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэж байгаа ажээ. Түүнчлэн аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа тавин хувийг төлбөл үлдсэн 50 хувийг нэг удаа өршөөнө гэдгийг салбарын сайд онцолсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан жолооч нарын торгуулийг энэ удаад өршөөх заалтыг хэлэлцүүлгийн явцад ийнхүү өөрчлөн баталжээ. ХЗДХ-ийн сайд энэ тухайд “Торгуулийг нэг удаа өршөөх асуудал гарахад төлсөн хүмүүс нь хохирч байна зэргээр нийгэмд нэлээд шүүмжлэл гарсан. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиа төлсөн тохиолдолд үлдсэн тавин хувийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр энэ удаагийн өршөөлийн хуульд тусгасан. Ирэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Шинэ Зөрчлийн хуулиар зарим төрлийн зөрчилд сануулах урьдчилан үе шаттай, торгуулиа цаг хугацаанд төлсөн бол 50 хувиар хөнгөлдөг байдал руу шилжинэ. Тиймээс одоо төлөөгүй байгаа өр төлбөрөө бүгд төлөх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх хуулийг энэ сарын 6 буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх бөгөөд 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтах юм байна. Мөн 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна. Өршөөлд хамаарагдах хүний гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоход энэ хуулийн зохицуулалт оршиж байгааг сайд онцолсон. Ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөхөд яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа ажээ. Мөн ФАТФ буюу Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, тус байгууллагын өмнө Монголын Засгийн газраас амласан амлалтуудын хүрээнд энэ Өршөөлийн хуулийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор нь хөнөөх зэсвэг дэлгэрүүлэх, түүнчлэн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авлига албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулаагүй байна. Түүнчлэн хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг, ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах гэмт хэрэг, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, нотлогоо хуурамчаар бүрдүүлэх, устгах, байгаль орчныг бохирдуулах, соёлын биет өвийг хууль бусаар худалдаалах, зуучлах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй. Өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 нэр төрлийн хүндрүүлэх төрлийн гэмт хэргийг өршөөхгүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг энэ удаагийн Өршөөлийн хуульд хамруулахгүй байхаар хуульд тусгажээ.

Мөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6-р зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулаагүй. Өршөөлд хамааруулаагүй бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээс тав ба түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бөгөөд хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан байнга оршин суух газартай байхыг шаардаж байгаа ажээ.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)