Х.Нямбаатар: Замын-Үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ

-ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫГ СЭЛГЭН ТОМИЛЛОО-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд суманд очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй ажлын хэсгийнхэн өчигдөр тус суманд ажиллалаа. ХЗДХЯ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн энэ удаад иргэдээс ирүүлсэн олон удаагийн санал, гомдол болон прокурорын зөвшөөрлийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар зарим албан тушаалтныг баривчлан саатуулсан юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дахь Автотээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах Саруул болон Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас прокурорын зөвшөөрлийн дагуу баривчилж, 48 цаг цагдан хорихоор шийдвэрлэв. Ингэснээр Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг, Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг, Хилийн 0108 дугаар ангийн захирагчаар З.Намхайнямбууг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулахаар боллоо. Мөн Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр, Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг томилов. Дээрх шийдвэрийн талаар газар дээр нь очиж ажилласан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласны дараа Засгийн газраас тогтоол гаргаж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон. Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Элчин сайдын яамтай уулзаж, боомтын ачааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох уулзалтуудыг зохион байгуулсан. Хятадын талаас манайхыг эрүүл ахуйн дэглэм барьж, халдвар хамгааллын дэглэмийг барихыг шаардаж байгаа.

Өдөрт хилээр нэвтрүүлэх машины тоо цөөн байгаа нь төрийн байгууллага, албан тушаалтны давуу эрхтэй холбоотой байна гэж иргэд гомдол мэдүүлж байгаа юм. Үүний балгаар барааны үнэ огцом нэмэгдэж, хэрэглэгчдэд үнийн дарамт бий болжээ. Дээр дурдсан байгууллагын алба хаагчдыг өөр орон нутгийн ажилчидтай сэлгэн ажиллуулж, өөр орон нутгаас Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллуулах шийдвэр гаргасан. Мөн АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын нэр бүхий албан тушаалтнуудыг өөр орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй АТҮТ-д сэлгүүлэн ажиллуулна. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч Замын-Үүд дэх гаалийн алба хаагч нарыг бүхэлд нь өөр орон нутагт ажиллаж буй алба хаагчдаар сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн дарга нар гаргасан. Замын-Үүд боомтод ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн зүгээс авлига, албан тушаалын хэргийг шалгаснаар одоогоор зургаан хүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар болсон. Энэ хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан. Цаашлаад ковидын үед Эрээн боомтоос орж ирж байгаа том оврын тээврийн хэрэгслүүдийг дараалал дайруулан оруулж ирэхэд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, шан харамж авсан гэх асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана.

Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, Замын Үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Хэн энд авлигын уурхайг бий болгосныг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно. Өнөөдрийн хэрэгжүүлж буй шийдвэрийг гэнэт гаргасан юм биш. Өмнө нь иргэдээс удаа дараа өргөдөл гомдол ирж байсан” гээд Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаанд Хятадын иргэн, жолооч нарыг шууд ачаатайгаа орж ирж, машинаасаа буулгүй сэлгүүлэн ачих боломжийг судалж байгааг хэлээд Хятадын талаас маргаашнаас 120 машин нэвтрүүлэхээр болсныг дуулгалаа.

Түүнчлэн карантинд байгаа жолооч нар гэртээ харилгүй удсан учраас ээлж солих ажлыг зохион байгуулна гэдгийг онцоллоо.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin (192.82.77.7)

    2021-07-10

    Erguuleed tomilj bga humuus n dandaa yrianihaa daraagiin eeljnii humuus

  • зочин (192.82.69.176)

    2021-07-09

    тэнэгхэн минь дээ чи ЗГ-н ажлыг заадаг хэн бэ!!!!!

  • Зочин (64.119.19.182)

    2021-07-09

    Наадах чинь ЗГ-ийн ажил бишээ. Чиг үүрэг хариуцсан газар нь хийх ёстой шүү дээ. Засгиын газар уос орны эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд анхаарах ёстой.

    зочин (64.119.19.182)

    2021-07-09

    тэнэгхэн минь дээ чи ЗГ-н ажлыг заадаг хэн бэ!!!!!