Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн шийдвэр

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Вакцины хяналтын лабораторийг байгуулж, Коронавирусийн эсрэг вакциныг уламжлалт технологиор үйлдвэрлэнэ

1. Коронавирусын халдварын үед шуурхай хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан ажиллагаа, чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг 2021 оны батлагдсан төсөвт багтаан томилон ажиллуулах,

2. Халдварт өвчинтэй тэмцэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд орлуулах эмийн нөөцийг бэлтгэх, эдгээртэй холбоотой үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсвийг нэмэгдүүлж судалгааг эрчимжүүлэх,

3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрийн ажиллагаанд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулинийг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх,

4. Коронавирусыг богино хугацаанд илрүүлэх, мутацыг оношлох оношлуурын технологийг Монгол Улсад үйлдвэрлэж, хилийн боомтуудад байршуулан хяналтыг хийх. Вакцины хяналтын лабораторийг байгуулах, коронавирусын эсрэг вакциныг уламжлалт технологид суурилан үйлдвэрлэх, шинэ үеийн вакцины технологийг шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр шийдвэрлэв.

Газар хөдлөлтийн идэвхжилийг хянах болон бүртгэх 5 станцыг тус тус нэмэлтээр байгуулна

1. Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц байгуулах, гамшгаас амжиж анхааруулах системийн шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, мөн газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,

2. Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,

3. Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх,

4. Обьектын гал түймэрт тэсвэртэй барилга байгууламж, стандарт нормыг баримтлах, хот суурин газарт обьектын гал түймрийн үед ашиглагдах усан хангамжийн байршил, нөөцийг нэмэгдүүлэхийг даалгав.

Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулна

1. Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж малчдад ган зудын эрсдэлийг шилжүүлэхэд бодитой нөлөөлөх тогтолцоо, хувилбарыг боловсруулж, танилцуулах,

2. Хөдөө аж ахуйн салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, малчид тариаланчдыг ган, зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөөцийг бүрдүүлэх,

3. Төмөр зам, авто замын дэд бүтцэд хийгдсэн үерийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн авто зам, төмөр замын суурь дэд бүтцэд хийх хүчитгэл, шинэчлэлийн ажлын төлөвлөгөө гаргаж, үе шаттай зохион байгуулах,

4. Нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулах,

5. Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулах, хотуудын шинэ болон дахин төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг даалгалаа.

Гамшиг судлалын хүрээлэнг өргөтгөн үндэсний хүрээлэн болгож, байгалийн гамшиг, нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийнэ

1. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд “Шинжлэх ухаан технологи, инновацын салбар зөвлөл байгуулж, Гамшиг судлалын хүрээлэнг өргөтгөн үндэсний хүрээлэн болгож, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гамшиг, нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны салбаруудыг татан оролцуулах, шаардлагатай нөөцийг хуваарилах, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах,

2. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтсан “Аюулгүй амьдрах ухаан” хичээл, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн хөтөлбөрийн агуулга, бүтцийг нэмэгдүүлэхийг холбогдох яам, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнуудад даалгав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)