Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Нэр дэвшигчдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхдийн эрхийг хамгаалах, соёл урлагаар дамжуулан хүмүүжил олгох, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийгмийн аль бүлэгт чиглэсэн нэвтрүүлгийн бодлогод анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадах эсэх талаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гол чиг үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх асуудал тул иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ухамсар, соёлыг төлөвшүүлэх бодлогыг баримтлах талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүүхэд, залуучуудыг соёл урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсролыг олгоход анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагажуулах талаар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх талаар саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Д.Жавзандорж, Н.Онон нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. 

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.

 

Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. 

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 2 дахь заалтад  “…төрийн албан хаагчийн төлөөлөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Төрийн албан хаагчийн төлөөллөөс сонгон шалгаруулна” гэж заасан.

Нэр дэвшигч Цэнддаваагийн Амартөгс нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 21 жил, удирдах албан тушаалд 14 жил /эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил/ ажилласан туршлагатай. Цэнддаваагийн Амартөгс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байна.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсөөс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн жинхэнэ албанд тушаалд түр орлон гүйцэтгэгчээр шууд томилон ажиллуулж байгаа асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдэд хандан үг хэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн болно гэлээ.

Нэр дэвшигч Ц.Амартөгсийг Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн гэж танилцуулгадаа дурдсан.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)