Л.Оюун-Эрдэнийн “хариуцлагын жагсаалт” хэн хэнээр үргэлжлэх вэ?

Хотын утаанаас болоод өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлжээ. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр түүнд сануулга, хугацаатай үүрэг өгсөн гэж дуулдаж байсан юм. Харин Н.Уртнасан түүнийг нь биелүүлж чадаагүй бололтой. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд “...Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж тодорхойлсон байна. Ингэхдээ Н.Уртнасан сайдыг ганцааранг нь бус дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёртой нь хамт явуулжээ.

Яг ингэж яамны удирдлагыг багаар нь “бөөндөж” хариуцлага тооцож байсан шийдвэрийг урьд өмнөх Засгийн газрууд гаргаж байгаагүй. Харин ч эсрэгээрээ, дарга нь халагдахад дэд буюу орлогч нь дэвшдэг гаж жишиг тогтчихоод байсан юм. Гэтэл тэр дэвшсэн нөхөр хариуцлага алдсан багийн хамгийн идэвхтэй гишүүн байх жишээтэй. Тэр утгаараа цаашид даргыгаа матаж матаж явуулаад оронд нь өөрөө залардаг явдал дуусгавар болж буй бололтой юм.

Нөгөө талаас, БОАЖЯ-ны удирдлагыг чөлөөлөх гол шалтгаан нь хотын утаа болсон. Сүүлийн гурван жилд үлэмж багасч, ядаж харагдах байдал нь илт “цэвэршсэн” хотын утаа энэ өвөл эргэж ирсэн. Үүний учир шалтгааныг одоогоор хэн нэгэн ил тод болгоогүй байна. Ямар нэг байдлаар өмнөх жилүүдэд утааг бууруулж ирсэн ажлын горим алдагдсан нь бол тодорхой. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасанд багаар нь хариуцлага тооцож байх шиг байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хотын утаа нэмэгдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажил ингээд зогсохгүй ажээ. Ер нь тэгээд зөвхөн хотын утаа ч бус өөр олон асуудлаар алдаа гаргасан, даварсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх юм байна. “...Ерөнхий сайдын “хариуцлага тооцох жагсаалт” хүртэл гарсан. Үргэлжилнэ” гэсэн мэдээлэл байна. Харин тэрхүү жагсаалтад хэн хэний нэр бичээстэй байгаа вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

Энэ утааны асуудал дээр л гэхэд “...Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо” гэж Засгийн газраас мэдээлсэн байна. Тэгэхээр Хотын дарга бас удирдлага дахь хүмүүстээ утааны хариуцлагыг тооцох ёстой болов.Үүнд хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын асуудал яригдаж таарна.

Түүний өмнө энэ албан тушаалыг хашиж байсан З.Төмөртөмөө томилогдсон жилдээ “Тавантолгой түлш” ХХК, шахмал түлшний борлуулалтын цэгүүд, гэрийн хорооллын гудамжаар байнга явдаг байв. Харин энэ өвөл Д.Ихбаяр тэгж яваагүй байх, үзэгдээгүй.

Гурван жилийн өмнө энэ ажлыг хийж явсан Ж.Батбаясгалан одоо НИТХ-ын дарга болсон. Хотын утаа илтэд буурсаны дараахан болсон сонгуулиар хамгаалалтын дуулга өмсч, шахмал түлш хоёр гардаж байгаад зураг авахуулсанаа цахим сүлжээнд түгээж байв. Тэр зураг нь өнгөрсөн сонгуулиар ихээхэн нэмэр болох шиг болсон. Гэхдээ тэр үеийн хотын удирдлагууд утаагаа багасгачих гээд махийтал ажиллаж байсныг мэдэх юм.

Үүнээс гадна Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар гэж нүсэр бүтэц бий. Бас л хариуцлага хуваалцах үүрэгтэй газар гэсэн үг. Хот яахав, ингээд хэд хэдэн албан тушаалтан дээр хариуцлага ярихаас аргагүй болж байгаа юм.

Түүнчлэн МХЕГ гэж, хотын утаа, түүний гол хүчин зүйл болсон шахмал түлшинд байнгын “анхаарал” тавих үүрэгтэй байгууллага байдаг. МХЕГ хяналт шалгалт тавьж байсан уу. Хянаж шалгачихаад “...Ямар нэг өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт гаргаад байдаг уу. Энэ их эргэлзээтэй. Ямар ч байсан БОАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээчихээд байхад МХЕГ-ын дарга Т.Гантулга суудалдаа үлдэх боломжгүй юм.

Өөр албан тушаалтнууд дээр бас хариуцлага яригдана. Энэ “хэрэг”-ийн буруутныг хайж явсаар өнөөх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ажиллуулж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатар руу чиглэж таарна.

Гэхдээ хотын утаа шахмал түлшнээс болоод нэмэгдсэн болж таарвал буруутан нь М.Ганбаатар биш. Харин шахмал түлшинд технологийн алдаа гарсан ч юм уу, ямар нэг байдлаар чанар, үйлдвэрлэлтийн асуудлаас болсон гэвэл бурууг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хүлээх ёстой.

Учир нь Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 13-ны хуралдаанаар “Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсэн. Тэгэхдээ “...Тус компанийн үйл ажиллагааг нь хариуцна” гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Угаасаа 2018 онд анх байгуулагдахаас нь “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж ирсэн. Явсаар өнгөрсөн жил 51 хувийг нь шилжүүлсэн нь энэ. Аравдугаар сарын 13 гэдэг өвөлжилтийн бэлтгэл базаахад боломжтой үе. Бас ч гэж гурав дахь жилдээ ажиллаж байгаа үйлдвэрийг эвтэйхэн менежмент хийгээд хөдөлгөчихөд хангалттай л хугацаа шүү дээ. Ер нь бол, энэ мэтчилэнгээр хариуцлага тооцох асуудал цааш үргэлжлэх бололтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч энэ талаар их ярьсан л даа. Тэрбээр “...Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж байсан юм.

Бас Шинэ сэргэлтийн бодлогынх нь “Зургаа” дээр байдаг юм байна лээ. “... Төрийн бүтээмжийн сэргэлт” гэж. Түүнийхээ талаар “...Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай. 

Тэр нь одоо хэрэгжиж эхэлж буй бололтой.

Үнэнийг хэлэхэд, бууруулаад байсан хотын утааг буцаагаад ихэсгэсэн нь Монголын төр дэх хариуцлага ярих олон “сэдэв”-ийн ердөө нэг нь юм. Зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогынхоо “...Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийг хэрэгжүүлнэ гэвэл хамгийн түрүүнд ТӨҮГ-уудад Арабын шейхүүд шиг тансагладаг захирал нэртэй хэдэн шимэгчдийг зайлуулах хэрэгтэй. Тэгж чаддаггүй бол тансаглалыг нь танаж, тендер худалдан авалтыг нь ил тод болгох шаардлагатай. Ингэж байж төр бүтээмжтэй болж, нийгэмд шударга ёс үзэгдэж эхэлнэ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)