Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Ассамблейн нэгдсэн хуралдаанд үг хэлэв

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар ассамблейд оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар ассамблейд оролцож байна. Мөн тавдугаар сарын 28-29-нд хуралдах ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 131 дүгээр хуралдаанд оролцоно. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд нар жил бүр Женев хотноо хуран цуглаж, Дэлхийн эрүүл мэндийн ассамблей чуулдаг уламжлалтай. Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн бодлого тодорхойлох хамгийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт юм. 
Ассамблейн хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанд сайд Н.Хүрэлбаатар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, цаашдын зорилтын талаар илтгэл тавив. 
Энэ өдөр Н.Хүрэлбаатар БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Рим Чэминтэй уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Тэрбээр мөн чуулганы үеэр Япон, БНХАУ, Турк, ХБНГУ, БНПУ зэрэг орны Эрүүл мэндийн сайд нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм.
Ассамблейн сүүлчийн өдрийн хуралдааны өмнө Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ДЭМБ-ын ерөнхий захирал хатагтай Маргарет Чантай уулзана. Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, Засгийн газар болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар ярилцах юм байна. 
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ассамблейн дараа энэ сарын 28-29-нд болох ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 131 дүгээр хуралдаанд тус зөвлөлийн гишүүний хувьд оролцох аж. ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөл нь энэ байгууллагын зургаан бүсийн эрх ашгийг төлөөлөн суух 34 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 
Хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар ассамблейн үр дүн, ДЭМБ-ын хөтөлбөр, төсвийн удирдлага хариуцсан хорооны тайлан, ДЭМБ-ын шинэчлэл болон томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, томуугийн вирусын дээж, вакцин, эм хэрэгслийг улс орнууд өөр хоорондоо солилцох асуудлаархи зөвлөх бүлгийн тайланг авч хэлэлцэх ажээ. 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)