Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа

Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Монгол Улсын Засгийн газар хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зорилт, арга хэмжээг тусгасан. Үүний дагуу Засгийн газраас хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг гурван чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна гэлээ. Энэ гурван чиглэл нь:

1.    Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох;

2.    Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох;

3.    Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах аж.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хийгдсэн эрх зүйн хамгийн том шинэчлэл нь 2002 оны Иргэний хууль гэж хэлж болно. Иргэний хууль батлагдсантай холбогдуулан тухайн цаг үед үйлчилж байсан хуулиудыг уялдуулан шинэчилсэн боловч зарим хуулиудыг тус хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд өнөөдрийг хүртэл нийцүүлж чадаагүй байна. Мөн эдийн засаг, бизнесийн хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.

Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Оюуны өмчийн болон Цахимын багц хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан бөгөөд цаашид дараах хуулийг боловсронгуй болгох замаар хувийн эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна хэмээн сайд мэдээллээ.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

Гадаадын зарим улс орнууд КОВИД-19 цар тахлын улмаас түр хугацаанд хэрэгжих болон шаардлагатай бусад эрх зүйн зохицуулалтыг бий болгоод байгаа бөгөөд тухайлбал, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжид дампуурлын хэрэг үүсгэх мораториумын хугацааг сунгахаар заасан байна. Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Нидерланд, Унгар зэрэг улсуудад төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр Монгол Улсын шүүхээр 2004-2021 он буюу 18 жилийн хугацаанд нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс КОВИД-19 цар тахал гарснаас хойш буюу 2020 онд 15, 2021 онд 5 хэрэг шийдвэрлэгдсэн тоо баримт байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслөөр төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа буюу хуулийн этгээдийн үйл ажиллагааг сэргээх, дампуурахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажиллагааны талаар шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Мөн төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, хуулийн этгээд болон иргэн, хөрөнгө оруулагчийн хооронд өрийн сүлжээ, дарамт үүсэх явдлыг хязгаарлах, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдлыг хангах, бизнес эрхлэлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, мөн тэдгээрийг Иргэний хуульд заасан нэг удаагийн шинжтэй иргэд хоорондын зээлийн гэрээнээс ялгах business-to-consumer болон consumer-to-consumer зарчимд үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Тус хуулийн төслөөр зээл авах иргэдийн эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалахаас гадна бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлж, эдгээр үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болсноор мөнгөний эргэлт нь тодорхой болж, татвар шударгаар төлөгдөх нөхцөлийг бий болгоно.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Хуулийн төсөлд төр болон орон нутаг зөвхөн тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, эсхүл нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэх зорилгоор компани үүсгэн байгуулах боломжтой байх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбаруудад төр хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломжийг олгоно.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын багийг мэргэжлийн, чадварлаг, хараат бус, хөндлөнгийн хяналттай гишүүдээр бүрдүүлэх, сонгон шалгаруулах, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны тайлагнал, ил тод байдлыг хангах механизмыг бүрдүүлэхэд чиглэж байна гэлээ.

Сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хуулийн төслүүд, боловсруулалтын шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар, Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. /Мэдээлэлтэй бүрэн эхээр нь эндээс танилцана уу./

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)