П.Сайнзориг: Сайн засаглал бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой юм

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болох “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар эхэлж асуумаар байна. Танай яамны хувьд уг хөтөлбөр дэх “Засаглалын зорилтот хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа гэл үү?

-Тийм ээ. Урт хугацааны хөгжлийн бодлогодоо туссан зорилгод хүрэхийн төлөө бид мөн л тодорхой төлөвлөлттэйгөөр ажиллах ёстой. Энэ асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн, байгаль орчны, засаглалын, бүсийн хөгжлийн, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн долоон зорилтот хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Холбогдох хууль болон засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Эрх зүйн шинэтгэл-II зэрэг бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлэхээр заасан боловч эдгээр нь өнөөдрийн байдлаар боловсруулж, батлагдаагүй байгаа. Иймд эдгээр баримт бичигт тусгагдах асуудлуудыг Хөгжлийн зорилтот хөтөлбөртөө шийдвэрлэх боломжтой юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдэд хуваагдан дээрх зорилтот хөтөлбөрүүдийг хариуцан боловсруулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам “Засаглалын зорилтот хөтөлбөр” боловсруулах ажлын дэд хэсгийг ахалж ажиллаж байна. Мэдээж Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран, уялдаатай байдлаар ажиллаж байгаа.

-“Засаглалын зорилтот хөтөлбөр”-т ямар асуудлууд тусгагдаж байгаа вэ. Хэрэгжсэнээр манай засаглалын тогтолцоо яаж өөрчлөгдөх вэ?

-Бид таван чиглэлээр зорилгоо тодорхойлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төслийг боловсруулаад байна. Нэгдүгээрт, Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг хангах зорилгын хүрээнд Хууль тогтоох засаглалыг төгөлдөржүүлнэ. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд болон шууд бус оролцоог нэмэгдүүлэх юм. Улмаар УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн байгууллагын бие даасан байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй ил тод байдлыг хангах, цогц чадамжтай, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Төрийн болон орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа, чиг үүргийн уялдааг хангах, оршин суугч, эдийн засгийн чадавхи, газар нутгийн алслалтын шалгуурыг хэмжээ, тоогоор нарийвчлан тодорхойлох замаар засаг захиргааны нэгж болох сумдын тоог цөөрүүлэх, Нийслэлийн эрх зүйн статусыг бие даан хөгжих боломжтой байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын бүтэц, бүрэн эрхийн талаарх оновчтой зохицуулалтыг бий болгох зэрэг зорилтыг тусгаад байна.

Хоёрдугаарт, эрх зүйт төрийг төлөвшүүлж, хүний эрхийн баталгааг хангах зорилгын хүрээнд хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд өөрчлөлт гаргах юм. Тухайлбал, хуулийн ангилал, төрлөөс хамааран хууль батлах квот буюу хувийг тогтооно гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн бодлого, хууль тогтоомж тогтвортой үйлчлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Түүнчлэн эдийн засаг, бизнесийн үйл ажилагааг дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулах, энэ чиглэлээр хүний нөөц бэлтгэх, хуульч бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хохирол нөхөн барагдуулах механизмыг боловсронгуй болгох, эвлэлдэн нэгдэх, хуран цуглах, шашин шүтэх эрх чөлөөг баталгаатай хангахад дэвшилтэт алхам гаргахад чиглэсэн зорилт, арга хэмжээг тусгаад байна. Мөн энэ хүрээнд мөрдөх албыг байгуулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөө бүхий тогтолцоог бүрдүүлэх, хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн байгууллагын ажил үүргийн давхцлыг арилгах, цомхон чадварлаг төрийн албыг бүрдүүлэх, төрийн албан хаагчийн тоог үе шаттайгаар бууруулна. Төрийн албан хаагчдыг улс төрийн нөлөөллөөс ангид ажил үүргээ гүйцэтгэх, шатлан дэвших тогтолцоо нь иж бүрэн, нээлттэй тэгш өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх учиртай. Дээрээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана.

Дөрөвдүгээрт, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах зорилгын хүрээнд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, хэрэгжилтийг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууцыг хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны улс, нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх механизмыг сайжруулах, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтыг тусгаад байна.

Тавдугаарт, төрөөс иргэний нийгмийн хөгжил, хамтын ажиллагаа, оролцоог хангах замаар бүлгийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах, хэрэгжүүлэх цогц бодлого, оновчтой механизмыг бий болгох зорилгоор төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаагаар дамжин төрийн бодлогод нийгмийн оролцогчдын олон талт сонирхлыг тусгах, төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог тодорхой болгох, нийгэмд өргөн хүрээний зөвшилцөл бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн иргэний нийгмийн байгууллагын институцийн төлөвшилийг дэмжиж, улс төрийн нөлөөллөөс ангид тогтвортой, үр дүнтэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрийн чиг үүргийг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар төрийг цомхон бүтэцтой болгох алхамыг эхлүүлнэ.Энэ зорилгын хүрээнд бодлогод суурилсан, улс төрийн соёл төлөвшсөн намуудтай болох, улс төрийн намын санхүүжилтийг тогтолцоог шинэчлэн, ил тод байдал, хяналт, хариуцлагатай бодлогын намууд бүхий олон намын систем төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад байна.

-Хэрэгжих хугацааны хувьд та ярихгүй юу. Нийгэм хэзээнээс үр шимийг нь мэдрэх вэ?

-Ер нь зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа хуульд заасны дагуу арван жил байх юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой заасан байдаг. Зорилтот хөтөлбөр нь “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тул 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдаатай байх ёстой. Үүнийг ч баримтлан ажиллаж байна. Хэдийгээр 10 жилээр тооцож төлөвлөсөн ч зарим асуудал шууд үр дүн өгөх, зарим нь таван жилийн дараа, зарим 10 жилдээ гэх зэрэг байж болох талтай. Би мөн дээр хэлсэн, засаглалын зорилтод хөтөлбөрт туссан зорилго, зорилт, үйл ажиллагаа нь улсын хөгжлийн бүх асуудлын суурь болж өгөх тул шууд үр ашиг хүртэх нь бусад хөтөлбөрийг бодоход арай өөр байхаас өөрцгүй. Зарим зорилт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага үүсгэхийг үгүйсгэхгүй юм.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Та сая дээр хэлэхдээ “Засаглалын зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулиийн системийг өөрчлөх асуудлуудыг дурдлаа. Үндсэн хуульд, ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг хангах зорилгын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээний асуудал болох нь тодорхой. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах зэрэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тодорхой үйл явц өрнөж байна. Энэ бүхнийг судалж, тооцоолж байж тусгасан гэдгийг энд хэлье. Бидний зорилго болгон тавьсан таван асуудлын хүрээнд тогтолцоог өөрчлөх, хандлагыг өөрчлөх, хамтын ажиллагааг дэмжих, иргэдийг эрхийг баталгаажуулах, нийгмийг дэг журмыг сахиулах энэ бүх үйл ажиллагааг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хийгдэнэ гэсэн үг.

-Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгож, олон нийтийн нээлттэй компани болгох асуудал байнга л яригддаг сэдэв. Энэ хэзээнээс бодит ажил хэрэг болгох вэ?

-Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд тус хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгож, олон нийтийн нээлттэй компани болгох асуудлыг хууль тогтоох байгууллага ч, иргэд, олон нийт ч дэмжин хүлээн авч байгаа. Хууль батлагдах процессын дагуу явагдаж байна. Иймээс хэзээнээс хэрэгжих, бодит ажил болох асуудал нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна.

-Улс орны хөгжил авлигын индексээр тодорхойлогддог. Засаглалыг сайжруулснаар авлигын хэрэг буурах нь ойлгомжтой. Засгийн газрын зүгээс авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Авлигатай соён гэгээрүүлэх, мэдээлэх, олон нийтийн хяналт сайжруулах, хууль дүрмийг сайжруулах, ялангуяа ял шийтгэлийг бодлогыг чангаруулах аргаар тэмцэж байна. Бид зорилтот хөтөлбөртөө авлигатай тэмцэх, авлигыг бууруулах асуудлыг тусгайлан зорилго болгон төлөвлөөд байгааг дахин хэлье.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцэж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулан тусгасаныг та бүхэн мэдэх байх. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд яллах, эрүүгийн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэлмээр байна. Мөн энэ дашрамд дурдахад, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу тус тусын бие даасан хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр тусгагдсан боловч тус хөтөлбөрт тусгагдах зорилго, зорилт, арга хэмжээг энэхүү Засаглалын хөтөлбөрт бүрэн тусгах замаар шийдвэрлэхээр тогтоод байгаа. Ийм ч учраас тус байгууллагуудын санал, дүгнэлтийг нэг бүрчлэн хүлээн авч хамтран ажиллаж байна Авлигын асуудлаар “Транспаренси интернэшнл” төрийн бус байгууллагын мөн оролцуулан тэдгээрийн судалгаа, шинжилгээ, дүгнэлт саналыг тусгахыг хичээж байна.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж байгаа юм байна. Мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэх асуудал нь прокурорын эрхийн асуудал байдаг. Хуулийн төсөлд эдгээртэй холбоотой ямар зохицуулалт орсон талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэхүү хуулийн төслийн гол үзэл баримтлалын нэг бол Эрүүгийн хуульд заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндсөн. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг бүхэлд нь чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтийг тусгаад байна. Таны дараагийн асуулт болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй холбоотой зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлт юм.

Яллагдагч зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол хялбаршуулах хүсэлтээ өгөхөөр, түүнчлэн тухайн хүсэлтийг зөвхөн прокурорт гаргадаг байсан бол мөрдөгчид мөн гаргаж болохоор хуулийн төсөлд тусгасан.

Ингэснээр гомдол, мэдээллийг шалгах явцад мөрдөгч тухайн хэргийг үйлдсэн яллагдагчид холбогдсон хэргээ ердийн болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг анхнаас нь нээж өгөх замаар яллагдагч, хохирогчийн эрхийг шуурхай хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн болно. Ийнхүү хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн үйл ажиллагааг шуурхай явуулах, зардал, хүн, хүч хэмнэсэн байдлаар зохицуулах нь Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцнэ гэж үзэж байгаа. Прокурор хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа тул мөрдөгчийн хувьд энэ журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч байгаа нь хүний эрхийн аливаа зөрчил үүсгэхгүй гэж ойлгож болно.

Түүнчлэн хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.8 (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгаад байна.

-Татварын хэрэг, маргааныг Эрүүгийн хуульд оруулах нь аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулаад зогсохгүй, бизнес эрхлэгчдийг шорон руу ачих тактик гэж үзэх хүмүүс ч байсан?

-Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шинээр хуульчилж байгаа асуудал огт биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхой болгож, энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд үлэмж хэмжээ буюу 20 саяас нэг зуун сая хүртэлх төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол, хүндрүүлэх бүрэлдэхүүнд 1 зуун саяас дээш хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан үйлдлийг тооцохоор тусгасан. Үүний зэрэгцээ татвар төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг тусгаад байна. Энэ нь өөрөө нийгэмд хардлага үүсгээд байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дарамтлах, шоронжуулах бус харин эсрэгээрээ тэднийг хамгаалах зорилготой гэж ойлгож болно.

-Саяхан цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн биед халдсан. Энэ нь удаа дараа давтагдаж байгаа асуудал. Ард түмний мэдэх эрхийг боомилсон уг үйлдэл Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг сэтгүүлчид эсэргүүцэж тайван жагсаал хийсэн. Иргэдийн мэдэх эрхэд халдсан ийм асуудал дахин гарахгүй гэх ямар баталгаа байна вэ. Хэн нэгнийг албан тушаалаас нь буулгах биш, харин тогтолцоого өөрчлөхийг сэтгүүлчид шаардаж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Юуны өмнө гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үл нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах учиртай. Энэ асуудлын Засаглалын зориолтот хөтөлбөртөө ч тусгасан байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх зэрэг болон бусад асуудлаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судалж байна. Түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Уг төсөлд хууль сахиулах, нийгмийн дэг журмыг хангах чиг үүрэг бүхий байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгохоор ажиллаж байгаа.

 

М.Мөнхцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)