Д.Энхбаяр: Халдвар хэнээс дамжсаныг бусдад зарлах боломжгүй

Манай улсын томоохон төрөх эмнэлгүүдийн нэг буюу Нэгдүгээр амаржих газарт өнгөрсөн долоо хоногт нярайн халдварт өвчин гарсан билээ. 
Манай улсын томоохон төрөх эмнэлгүүдийн нэг буюу Нэгдүгээр амаржих газарт өнгөрсөн долоо хоногт нярайн халдварт өвчин гарсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр дутуу төрсөн гурван нярайн гэдэс нь дүүрч, хоёр нь олон хоног хөхөө хөхөөгүй хүнд байдалтай байсан аж. Тэднийг халдвар авсныг мэдсэн даруйдаа бусдаас тусгаарлан эмчилгээ хийсэн ч бие нь сайжраагүй байна. Тиймээс энэ тухай ЭМЯ, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд мэдэгдсэнээр уг халдварт өвчин юунаас үүдэлтэйг тогтоохоор баг ажиллаж эхэлжээ. Халдвар авсан гурван нярай 700 граммаас нэг кг 350 грамм жинтэй гэнэ. Харин шинжилгээний хариугаар тэдний цуснаас нян илэрсэн аж. Нярайн хоёр нь ихэр бөгөөд төрөөд 18 хонож байхдаа халдварын шинж тэмдэг илэрсэн бол нөгөө нярай нь төрөөд 10 хонож байхдаа илэрсэн гэнэ. Үүний дагуу Улсын клиникийн Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяраас тодрууллаа. 

-Танай эмнэлэгт нярайн халдвар юунаас болж гарсан бэ? 

-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан эмнэлгийн бохироос үүдсэн халдвар уу, эхээс урагт дамжсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа. Өвчилсөн гурван нярайгаас лабораторийн болоод цусны шинжилгээ, хүйн арчдас, хамар залгиурын бактерийн шинжилгээ авсан. Халдвар авсан гурван нярайг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМТ/-рүү шилжүүлсэн. 

-ЭХЭМТ хүлээж авахгүй байна гэж байсан. Танайх шилжүүлэх ёсгүй юм уу? 

-Хүлээж авахгүй байсан нь аргагүй шүү дээ. Тэр эмнэлэг өөрөө ачаалал ихтэй байдаг. Уг нь манай эмнэлэг тухайн халдварыг тогтоогоод ЭХЭМТ-д шилжүүлэхийг заасан журам байдаг. Харин ачаалалтай учраас тодорхой хугацаагаар хүлээн авч чадахгүй байсан юм. 

-Танай эмнэлгээс илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг гэсэн үг үү? 

-ЭХЭМТ гурав дахь шатлалын эмнэлэг гэж явдаг учраас манайх шилжүүлдэг. Тухайн нярай ямар халдвараар өвчлөөд хэд хоносон, хэдэн сар дутуу төрсөн бэ гэдэг тодорхой хугацаа заасан нярайг тэд хоногийн дотор Эх нялхасын эмнэлэг рүү шилжүүлэх ёстой гэсэн дүрэм байгаа. Үүний дагуу л бид шилжүүлсэн. 

-Өвчин гарах болсон шалтгаан нөхцөл нь юу вэ? 

-Шинжилгээгээр ямар төрлийн нян гэдэг нь гарсан. Гэсэн ч нянгийн генийн төвшинд үздэг их нарийн дэс дараалал байдаг. Энэ өвчнийг нийтээр нь хүйн халдвар гэж нэрлээд заншсан. Уг нь эмнэлгээс шалтгаалсан 10 орчим төрлийн халдварт нян бий. Эдгээр өвчин аль ч эмнэлэгт алаг цоог гарч л байдаг. Хамгийн гол нь тархаахгүй, цаг тухайд нь холбогдох газарт мэдээлээд эндэгдэл гаргахгүйгээр маш хурдан арга хэмжээ авах нь чухал. Халдвар эмнэлгээс шалтгаалж үү, эмнэлгийн ажилтнаас дамжиж уу гэдгийг нарийн тогтооход хэцүү. Ер нь энэ өвчин хүнээс л дамждаг шүү дээ. Харин тогтоолоо гэхэд халдвар хэнээс дамжсаныг бусдад зарлах боломжгүй. 

-Нярайн биеийн байдал ямар байна? 

-Одоогийн байдлаар тэдний биеийн байдал тогтвортой байгаа. Эрчимт эмчилгээнд оруулсан. 

-Хоёр жилийн өмнө танай эмнэлэгт халдварт өвчин гараад хөл хорио тогтоож байсан. Түүнээс хойш энэ төрлийн өвчин гарч байв уу?

-Гаралгүй яахав. Харин тэр болгоныг бид мэдээллээд нийгэмд цочрол өгөөд байж болохгүй шүү дээ. Энэ эмнэлэгт олон мянган эх хүүхдээ эрүүл энх төрүүлээд сэтгэл хангалуун гардаг. Гэхдээ хаа нэг алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Бид халдварт өвчнийг Эрүүл мэндийн сайдын 165 дугаар тушаалын дагуу л мэдээлдэг. Ер нь аль ч эмнэлэгт эмнэлгээс шалтгаалсан өвчин үе үе гардаг. Түүнийг багасгахын тулд бид анхаарал хандуулан ажиллаж байгаа. 

-Гуравдугаар амаржих газрын өвчтөнүүдийг танай эмнэлэгт шилжүүлсэн гэсэн. Халдвар авсан гурван нярай танайд мэндэлсэн үү, эсвэл өөр эмнэлгээс ирсэн юм уу? 

-Тэр хүүхдүүд манай эмнэлэгт гарсан. Гуравдугаар амаржих газарт засвар хийж байгаа учраас хэвтэж байсан үйлчлүүлэгчдийг нь энэ сарын 25-нд манайд шилжүүлсэн. Манай эмнэлэг ачаалал ихтэй байгаа. Тиймээс дахин халдвар гаргахгүй байх үүднээс хяналт, шинжилгээг маш сайн хийж байна. Харин бид Гуравдугаар амаржихын 60 гаруй эмч, сувилагч, ажилтанг нь хамт авчирсан. Эрүүл мэндийн даргын тушаалаар долдугаар сарын 5 гэхэд тус эмнэлгийн засвар дуусах ёстой. Тэгээд хүмүүсээ буцааж авна гэсэн. Одоогийн байдлаар халдвар авсан гурван нярай ЭХЭМТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа ажээ. Уг нь халдвар гарсан даруйд хүүхдүүдийг ЭХЭМТ-д яаралтай шилжүүлэн тусгаарлах ёстой юм байна. Гэтэл Нэгдүгээр амаржих газрынхан ЭХЭМТ-д ор гарахыг хүлээж байна гэх нэрийдлээр олон хоног алдаж, тэднийг эрүүл хүүхдүүдээс тусгаарлах төдий арга хэмжээ авч байсан тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа. Харин халдварт өвчин гарах болсон шалтгаан нь Нэгдүгээр амаржих газрын ариун цэвэртэй холбоотой байж магадгүй ажээ. Учир нь тус төрөх эмнэлэгт боловсон хүчин дутагдалтайн улмаас нэг сувилагчид 20 гаруй нярай ногддог гэнэ. Нөгөө талаар төрөх газраас 500 метрт байшин барилга барихыг хориглодог. Гэтэл тус эмнэлэгтэй тулгаад барилга барьснаас тоосжилт ихтэй байдаг гэнэ. Энэ мэт бохироос үүдсэн халдварт өвчин гарах эрсдэл тус төрөх эмнэлэгт өндөр байдаг бололтой. 

М.НАРАНБОЛД

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.23.33)

    2012-05-30

    aan dandaa nyarin xaldvar gardag sh tee 1 emnelegt