Ц.Ганзориг: Цус харвах өвчин удамшдаггүй
- 2012-06-07
- Эрүүл мэнд
- 0
Халууны улиралд настай хүмүүсийн даралт ихсэх нь нэмэгддэг. Даралт ихсэх нь олон сөрөг нөлөөтэй бөгөөд хамгийн түрүүнд цус харвалт буюу тархинд харвалт өгөх магадлал нэмэгддэг байна...
-Клиникийн II нэгдсэн эмнэлгээс саяхан “Тархины харвалт өвч ний тусламж үйлчилгээ” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан. Өдөр лөгийн үеэр тандалт хийсэн үү?


Халууны улиралд настай хүмүүсийн даралт ихсэх нь нэмэгддэг. Даралт ихсэх нь олон сөрөг нөлөөтэй бөгөөд хамгийн түрүүнд цус харвалт буюу тархинд харвалт өгөх магадлал нэмэгддэг байна. Тиймээс энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Клиникийн II нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн их эмч Ц.Ганзоригтой ярилцлаа.
-Клиникийн II нэгдсэн эмнэлгээс саяхан “Тархины харвалт өвч ний тусламж үйлчилгээ” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан. Өдөр лөгийн үеэр тандалт хийсэн үү? -Өдөрлөгийн үеэр судалгаа хийсэн ч одоохондоо дүн нэгдсэн байдлаар гараагүй байна. Судалгааны дүн гарснаар бидний дараа дараагийн ажилд ихээхэн хувь нэмэр болох байх. Тухайлбал, аль насныхан энэ өвчний талаар мэдээлэл хомс байна, цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэйг мэдэх боломжтой. Манай эмнэлгээс зохион байгуулсан өдөрлөгт хүмүүст идэвхтэй хамрагдсан. Энэ үеэр тархины харвалт өвчтэй болон гэр бүлд нь энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс ирж зөвлөгөө авсан. Мөн тархины харвалтаар өвчлөх магадлалтай, даралт өндөртэй хүмүүс ирж танилцсан. Бид өдөрлөгийн үеэр тархины харвалт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай бэлтгэсэн “Тархи Таны дайсан биш” гарын авлага гаргаж иргэдэд үнэ төлбөргүй тараалаа. Мөн даралтаа хэвийн байдалд барихын тулд зөв хооллох талаар ярилцаж, нээлттэй ажилласан.
-Цус харвах өвчин юунаас болж үүсдэг вэ?
-Тархины цусны эргэлтийн цочмог хямралаас тархины үйл ажиллагааны хэсэгчилсэн болон бүрэн дутлын шинжээр илрэх эмгэгийг цус харвах өвчин гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, тархины цусан хангамж дутагдсан үед асар богино хугацаанд ухаан санаа, хэл яриа өөрчлөгдөх, гар хөл, нүүр ам саажих, толгой өвдөх шинжээр илэрдэг өвчин. Харвалтыг тархинд цус харвах, тархины шигдээс, холимог, хавсарсан гэж ангилдаг. Үүнээс тархинд цус харвах, тархины шигдээсээр хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Тархинд цус харвах үед судасны бүрэн бүтэн байдал алдагдаж эдэд цусан бүлэн үүснэ. Харин тархины шигдээсийн үед судас бөглөрсөн буюу бусад шалтгаанаар тархинд хүчилтөрөгч, тэжээл дутагдаж үхжил үүсдэг. Энэ өвчний эмчилгээ хийх, ангиллыг тогтооход тухайн хүн яг хэдийд цус харвасныг мэдэх чухал байдаг. Хэрвээ Таны дэргэд хэн нэгэн цус харвах өвчин, түүнтэй адил шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд цагийг нь сайн бичиж тэмдэглэх хэрэгтэй. Түүнд тулгуурлан эмчилгээ хийх ёстой байдаг.
-Даралт ихсэх нь цус харвалтын үндсэн шалтгаан гэж ойлгож болох уу?
-Ер нь цус харвахад шалтгаалах хүчин зүйлийн нэг мөн. Цус харвахад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс гэж бий. Үүнийг шинжлэх ухааных нь хувьд хянаж болох, боломжгүй гэж ангилдаг. Хянах боломжгүйд тухайн хүний удамшлын шалтгаан ордог. Тухайн хүн нэгэнт л даралт ихсэх хандлагатай бол түүнийг хянах боломжгүй. Мөн гэр бүлийнх нь эмэгтэйчүүд илүү өвчлөх хандлагатай бол тэр удамшлын хүчин зүйл өөрчлөгдөхгүй. Харин хянаж болох буюу удамшлын шинжгүй тохиолдолд хувь хүнээс бүх зүйл шалтгаална.
Үүнд даралт ихсэх, зүрх судасны өвчнүүд, хорт зуршлууд орно. Сүүлийн үед хүмүүс архи уух, тамхи татах нь нэмэгдсэн. Мөн хар тамхины тухай ч ярих болсон байна. Эдгээрээс татгалзаж чадвал цус харвах өвчнөөс өөрийгөө сэргийлж байна гэж бодох хэрэгтэй. Мөн гурван “Х” зарчим гэж байдаг. Хоолны дэглэм, хөдөлгөөнийг эрхэмлэх, хорт зуршлаас татгалзах нь ганц цус харвалтаас бус бүхий л өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Суугаа ажил хийдэг хүн автобусаас нэг буудлын өмнө буугаад алхвал идэвхтэй хөдөлгөөн болдог. Энэ мэтчилэн хүн өдөрт өөртөө нэг цаг л зарцуулж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
-Цус харвалтаар өвчлөгсдийн нас залуужиж байгаа. Ер нь хэдэн насныхан түгээмэл өвчилдөг вэ?
-Нас залуужиж байгааг ажиглалтаар дүгнэж болно. Одоогоос до лоон жилийн өмнө 40 настай хүн цус харвах нь залууд тооцогддог байсан. Харин одоо энгийн үзэгдэл болсон. Ялангуяа ид хөдөлмөрлөдөг насны үедээ цус харваж байгаа нь харамсалтай байгаа юм.
-Хүмүүс цус харвах гээд байвал хуруугаа дээшээ өргө гэж зөвлөдөг. Үнэхээр цус харвасан тохиолдолд аюул багатай байж чадах уу?
-Онолын үүднээс нэгэнт үүссэн цус харвалтад мянга гар хуруугаа дээшээ өргөөд нөлөөлөхгүй. Гэхдээ тухайн хүний өвчин харвалт биш байж болно. Даралт ихсээд зовиурлахыг ийм өвчинтэй андуурдаг. Тийм үед гар хуруугаа өргөөд сайжирлаа гэж тухайн хүнд бодогдож болох юм.

-Бүтэн, тал харвалаа гэж ярьдаг. Энэ нь юунаас үүсдэг вэ?
-Хүмүүс л бүтэн, тал харвалаа гэж ярьдаг. Түүнээс анагаах ухаанд ийм ойлголт байхгүй. Харвалт голдуу тархины нэг талд үүсдэг. Тархины нэг тал гэмтэхээр хүний биеийн нэг тал нь мэдээ алдах, бадайрах ч юм уу янз бүрийн шинж тэмдэг илэрдэг.
-Гэрийн нөхцөлд даралт бууруулах эм уудаг хүн бий. Ингэж уух нь зөв үү?
-Эмчийн зөвлөснөөр даралт бууруулах эм ууж байгаа тохиолдолд эмчилгээ болно. Манайхан нэг дутагдалтай талтай. Даралт багассан үед эм уухаа болиод дахиад ихсэхээр хоёр, гурваар нь давхарлаад уудаг. Энэ нь хамгийн буруу. Даралт хэл бэлзүүлдэг эрсдэлтэй. Мөн даралт бууруулах амьдралын зөв хэвшилтэй байх нь чухал. Тухайлбал, заавал эмэн эмчилгээ хийлгүй хөдөлгөөнөөр даралтаа зохицуулж болдог. Давс багатай хоол идэж хүнсэндээ тохируулах хэрэгтэй.
-Цус харвах, даралт ихсэлт удамших уу?
-Даралт ихтэй хүн заавал ийм өвчнөөр өвчилнө гэж ойлгож болохгүй. Дам хэлбэрээр энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд эрсдэл дагуулдаг. Түүнээс цус харвах өвчин удамшдаггүй.
-Цус харвасан хүнийг асарч байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Цус харвалттай өвчтөнүүдэд саажсан талын булчингийн тонус алдагддаг. Булчингийн ердийн тамир өөрчлөгдөхөд хүн хөдөлгөөнөө хянаж чадахаа больдог. Үүнийг эхнээс нь зөв эмчлэхгүй бол хоёрдогч бэрхшээл үүсдэг тул эмчилгээг дэс дараатай, хурдан эхлэх шаардлагатай. Мөн цус харвасан хүнийг хоолны дэглэм бариулах хэрэгтэй. Хэвтрийн хүний хоол ундыг зохицуулахаас гадна холголт цооролтоос сэргийлж анхаарах нь чухал юм. Арьсны цооролт асаргаа муу хийснээс шалтгаалдаг учраас өвчт өний хэвтсэн суусан байрлалыг солих шаардлагатай байдаг.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
ЗАРНА (202.70.46.203)
САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 МАШИНЫГ ХЯМД ЗАРНА 88003405