Эрүүл мэндийн салбарын хөгжил эрчимжиж байна
- 2012-06-18
- Эрүүл мэнд
- 0
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн баасан гаригт эрүүл мэндийн салбарынхантай уулзаж өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийх ажлаа хэлэлцэж, санал бодлыг нь сонслоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн баасан гаригт эрүүл мэндийн салбарынхантай уулзаж өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийх ажлаа хэлэлцэж, санал бодлыг нь сонслоо. Хүн ардын эрүүл энхийн манаанд зогсолтгүй ажилладаг энэ салбарын хамт олон Ерөнхий сайдыг халуун дотноор угтан авч хийж, хэрэгжүүлсэн өрнүүн амжилтыг нь сайшаан магтаж байв.
Тус салбарт энэ онд 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь 2008 онтой харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Тэгвэл хөрөнгө оруулалт мөн онтой харьцуулахад 7.8 дахин нэмэгдсэн амжилттай байна. Эрүүл мэндийн салбарын нэн тэргүүний асуудал бол техник, тоног төхөөрөмж, хэвтэн эмчлүүлэгсдийн ая тухтай байдлыг хангасан тохилог орчин байдаг. Үүнийг хангахын тулд дээрх хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 80 гаруй эмнэлгийн барилгыг шинээр барьж, 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжөөр хангажээ.
Эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгө 10 дахин нэмэгдсэн бөгөөд уг сангаас гарах мөнгийг иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулах юм.
Мөн иргэн танд хамгийн ойр байдаг өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад ч анхаарч, клиникийн томоохон эмнэлгүүдийг өргөтгөсөн нь хүн ардынхаа эрүүл энх амьдрахад ахиц гаргаж, эрүүл мэндийн салбарынханд урам зориг, ажиллах эрч хүчийг өгсөн.
Салбарын эмч, мэргэжилтэн, ажиллагсад өмнө хийж хэрэгжүүлсэн ажил нүдээ олсныг тэмдэглэж, эмнэлгийн үйл ажиллагаа иргэн бүрт хүрч байгааг тус хэлж байна. Засгийн газар цалин нэмсний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтанд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам баталж, 36, 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог болсон.
Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар гурван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг болсон. Зөвхөн энэ онд гэхэд л 679 орон сууцыг Эрүүл мэндийн яаманд хуваарилан хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Төрийн зардлаар мэргэжил дээшл үүлэх сургалтад хамрагдаж байгаа зэргийг дурдаж болно. Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах асуудалд биечлэн санаа тавьсан нь хэрэгжиж, 2014 он гэхэд ажил хэрэг болох гэж байна.
Ийнхүү уулзалтын төгсг өлд Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүнээ хөгжүүлэхэд зарцуулна. Хүний хөгжилд төрийн зохицуулалт илүү байх ёстой. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч төсвийн мөнгийг ахиу зарцуулна.
Эрүүл байх нь сайн сайхан амьдралын үндэс. Иймээс иргэдээ эрүүл улмаар боловсролтой, ажилтай, орлоготой, орон сууцтай болгож, тэтгэвэр, халамж, даатгалын оновчтой тогтолцоонд хамруулахын төлөө байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг төрийн онцгой ивээлд авна” гэв.
Ц.ЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)