Х.Монхор: Бөхийн амжилт хоол, бэлтгэл хоёрт л байдаг

Монгол Улсын мастер тогооч, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан Х.Монхортой ярилцсанаа Танд хүргэе.
Бидний хэлж сурснаар Бугын САА-н аманд бэлтгэлээ базааж буй “Хилчин спорт хороо”-ны бөхчүүдийн галын тогооч Х.Монхор үүрийн 05.00 цагт босч бөхчүүдийнхээ өглөөний цайг бэлтгэж эхэлнэ. Зуны өдөр урт ч 60 гарч яваа энэ хүн борви бохис хийлгүй хоол, цай гэсээр нэг л мэдэхэд үдшийн бүрийтэй золгодог ажээ. Бөхчүүдийн гал тогоог барина гэдэг тийм ч амар ажил биш. Бэлтгэл хийж буй бөхчүүд нэг өдөр л бие, мах боддоо зохихгүй хоол идчихвэл бүтэн сар хийсэн бэлтгэл нь үр дүнгүй болох аюултай гэнэ. Тэдний бэлтгэл, сургуулилт, бие организм, цаг агаарт тааруулан хоол хийх хариуцлагатай үүргийг энэ хүн олон жил үүрч яваа. Ингээд Монгол Улсын мастер тогооч, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан Х.Монхортой ярилцсанаа Танд хүргэе.

-Бөхчүүд амарч байх шиг байна. Өглөөний цайгаа ууцгаасан уу?

-Одоо 09.00 цаг болж байна. Манайхан 07.00 цагт цайгаа уучихсан. Тэнгэр бүрхэг болохоор бэлтгэлдээ гарах болоогүй байгаа байх. Ер нь манай бөхчүүд их эртэч шүү. Үүрийн гэгээтэй л уралдаад босчихсон гүйж яваа харагддаг юм.

-Таны өглөөний ажил хэдэн цагаас эхэлдэг вэ?


-Ер нь эрт эхэлнэ дээ. 05.00 цагийн үед босно. Намайг оройтчихвол бөхчүүдийн маань биед өөрчлөлт орчихно шүү дээ. Бэлтгэлийн үед хоол, унд нь тогтсон цагтай байхгүй бол болохгүй. Бөх хүн бүү хэл энгийн нэг албан хаагч ч өдөр цайныхаа цагийг дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй өлсдөг биз дээ. Бөхчүүдийг яг цагт нь хооллохгүй бол болдоггүй юм. Энэ хүмүүс хүнд ажил хийж байгаагаас өөрцгүй ядардаг. Өдөрт хэд хэдэн төрлийн бэлтгэл хийж байгаа болохоор хоол нь их түргэн шингэчихдэг юм.

-Бөхчүүдийг өдөрт хэдэн удаа хооллодог вэ?


-Манай галд одоохондоо 50 гаруй бөх бэлтгэлээ базааж байна. Одоохондоо өдөрт хоёр хонь, 50 кг гурил хэрэглэж байгаа. Бэлтгэл нь нэмэгдээд ирэхээр хоол нь ч нэмэгдэнэ. Зарим өдөр 10 гаруй кг хүнсний ногоо нэмж хэрэглэдэг. Хоолондоо сайн байвал эрч хүч нь нэмэгддэг. Өдрийн гурван хоолтой.

-Бөхчүүдэд тийм хоол өгөх нь зүйтэй гэсэн дүрэм, журам бий юу?

-Судалгаа энэ тэр байхгүй. Эрт дээр үеэс л монголчууд бай гальдаа ойр байсан. Тиймээс мон гол малынхаа махыг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнтэйгээ хэрэг лэж байгаа. Ер нь элдэв янзын амтлагчгүй хоол хүнс бөхчүүдийн бие организмд сайнаар нөлөөлдөг.

-Цагаан хоол иддэг хүн байдаг уу?

-Эрүүл мэндийн байдлаасаа бо лоод цөөн хүн хөнгөн чанарын хоол идэх нь бий. Ер нь цагаан хоолыг жин хасч барилдах ч юм уу хөнгөн жингийн тамирчид хэрэглэдэг. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа хүмүүс махан хоолоо л түлхүү хэрэглэх ёстой. Тиймээс цагаан хоол хамаагүй ихээр өгч болдоггүй. Харин ходоод, дотор эрхтэн нь өвчлөх магадлалтай бөхчүүдэд загас, тахианы шөл өгч байвал зүгээр юм болов уу гэж боддог. Ангийн мах витаминлаг чанар сайтайгаас гадна хүний бие хөнгөн, оюун ухаан сэргэг болдог гэж хөгшид ярьдаг юм билээ.

-Дасгал сургуулилтад хориотой хүнс ний бүтээгдэхүүн гэж байх уу?


-Будаа хориглодог. Мөн байнга ногоо хэрэглээд байх нь зохимжгүй. Ер нь сэрүүн чанарын хүнс буюу ямааны мах, шар, цагаан будаа зэрэг бүтээгдэхүүн бөх хүний биед сайн нөлөө үзүүлэхгүй. Махны төрлөөс дотор өөх, өвчүү өгч болдоггүй. Сүүлийн үед бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь химийн найрлагатай болчихсон. Тий мээс тэр бүхэн хориотой. Дээр нь наадам өнгөртөл архи, айраг, хийжүүлсэн ундаа уухыг хориглодог.

-Бэлтгэлд гарч буй бөхчүүд өвчүүний наадам хийж түрүү бөх нь өвчүүгээр шагнуулдаг гэж сонссон юм байна. Энэ ямар учиртай юм бэ?


-Худлаа яриа байна. Бэлтгэлээ ча нартай сайн хийх үүднээс өөр хоорондоо янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулалгүй яахав. Гэхдээ өвчүүгээр шагнадаггүй. Харин гүзээнд нь чанасан хонины толгойгоор урамшуулах тохиолдол бий. Ер нь малын өвчүү тийм ч их таатай хоол биш шүү дээ.

-Хоол, ундны нэг гол зүйл нь ус. Ямар усаар хоол цайгаа хийж байна?

-Манайх ойрхон гүний худагтай. Долоо хоног бүр усныхаа дээжийг өгч шинжлүүлдэг. Эрүүл ус хэрэглэж байж эрүүл хоол хийнэ шүү дээ. Бэлтгэл ихтэй үед бөхчүүд маань тогтмол цэвэр ус хэрэглэнэ.

-Үзэмний шүүс их өгдөг юмаа даа? Ингэхэд хэдэн жил бөхчүүдийн хоол хийж байна вэ?

-Үзэмний шүүс хүний биеийн булчинг чангаруулдаг. Дээр нь үхэр, хонины махаар шөл хийж богштол нь буцалгаад өгөх хэрэгтэй. Ер нь бөхийн дасгалжуулагч бие бялдар, уран мэх, тэсвэр хатуужилд нь нө лөөл дөг бол тогооч хүн эрүүл мэндийг нь даах буюу аюулгүй байдлыг нь хангадаг. Гаднаасаа хэчнээн сайн бэлтгэл хийлээ ч хоол хүнс нь тохирохгүй бол ямар нэг хордлогод орж болзошгүй. Чанарлаг хоол идэж, бэлтгэл сайн хийснийхээ хэрээр амжилтад хүрнэ.

-Танд ер нь чөлөөт цаг бага гардаг юм шиг санагдлаа?

-Бөхийн гал гарсан өдрөөс буух хүртэл чөлөөт цаг ер нь гарахгүй. Өглөө эрт босоод бөхчүүдээ уул өөд гүйгээд ирэхэд өглөөний ундыг нь бэлтгэчихсэн байдаг. Үргэлжлүүлээд нэг, хоёрдугаар хоол хийсээр байтал өдөр болно. Мөн л өдрийн унданд нь оруулчихаад оройн хоолоо бэлтгэж эхэлнэ дээ /инээв/. Эд чинь бид нар шиг бага идэхгүй. Бэлтгэл хийгээд бие нь ачаалалтай болоод ирэх үедээ жирийн гурван эр хүний идэх хэмжээний хоолыг иднэ шүү дээ.

-Таны гарын хоолыг идэж, бэлтгэлээ базаасан олон бөх улсын цолонд хүрсэн байлгүй?

-Тэгэлгүй яахав. Н.Ганбаатар арс лан, Баасандорж заан, Өсөхбаяр заан, Ганхүү, Баянмөнх, Бүрэнбаатар гээд улсын цолтой олон сайхан бөх төрсөн. Би өдөр бүр хоол хийж байхдаа энэ хүүхдүүдээ сайн барилдаасай, цолоо ахиулаасай гэж боддог. Тэгээд цол авахад нь магнайгаа хагартал баярлана. Ер нь бөх хүний амжилт хоол унд, бэлтгэл хоёрт л байдаг.

-Наадмаас бусад үед Та ямар алба хашдаг вэ?

-Би Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0164 дүгээр ангид зөвлөх тогооч хийдэг. Тиймээс “Хилчин спорт хороо”-ныхоо бөхчүүдийг бэлтгэлд гарахад нь хоол ундыг нь хариуцдаг юм. Зарим жил 120 хүний хоол хийж байсан удаа ч бий. Хүн олонтой үед 2-3 туслах тогоочтой гардаг юм. Залуу бөхчүүд маань өдөр бүр ээлжээр аж ахуйн ажил буюу ус, түлээ бэлтгэх, хонь төхөөрөх ажилд тусалдаг.

-Анх бөхчүүдийн хоол хийх болсон түүхээсээ хуваалцаач?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2001 онд Алтай таван богдыг тахихаар явахад нь би тогоочоор ажилласан юм. Тэр үед хүндэт харуулын нэг цэрэг туганд гарч байсан. Их хөөрхөн барилддаг байрын хүүхэд харагдсан. Тэгээд би Бүрэнбаатарт “Энэ хүү- хэд бөх болохоор сайхан биетэй юм аа” гэж хэлсэн. Дараа нь тэр хүүхэд Говь-Алтай аймгийн наадамд барилдаж арслан цол авсан байсан. Тэр үеэс л бөх сонирхож бөхчүүдийн хоолыг судалж эхэлсэн дээ. Олон жил бэлтгэлд гарсан бөхчүүд миний хоолонд дасчихсан болохоор өөр хүний хоол таалагддагүй гэсэн. Тэгээд л зургаан сар гарав уу үгүй юу л надад хэл дуулгана даа. Би ч энэ хэдийнхээ гал тогоог барих дуртай.

-Жил бүрийн өдийд бөхчүүдтэй хамт цагийг өнгөрөөдөг болохоор энэ жил тэр илүү одтой барилдах болов уу гэсэн таамаг байна биз?

-Ер нь долдугаар сарын 1 гэхэд хэн нь яаж барилдах нь мэдрэгддэг. Унтах, идэх нь өөр болоод л сайн ажигласан хүнд алхаа гишгээ нь ч өөр бол чихно. Хоолоо идэж байгаа нь хүртэл өөрчлөгддөг. Түрүүлэх морь сэтгэл санаа нь тайвширч дандаа унтдаг гэдэг шиг цол нэмэх гэж бай гаа бөхчүүдийн сэтгэл санаа ч амар амгалан болчихсон юм шиг санагддаг.

-Наадмын өдөр Та Төв цэнгэлдэ хэд хүндтэй суудалд уригддаг уу?

-Тэгэлгүй яахав. Манайхан жил бүр л урилга өгнө. Зарим үед очиж үзэж чадахгүй ээ. Гэртээ ах дүүгээ цуглуулж хамт баяраа тэмдэглэдэг юм. Хормогчоо зүүгээд л гал тогоондоо үзэж тарна шүү дээ. Гэх дээ бөхөө харахгүй өнгөрнө гэж байх гүй. Энэ хэдийгээ хазайвал хазайж, давчихвал өөрөө давчихсан юм шиг хөөрдөг.

В.НЭРГҮЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)