Олимп ба улстөр

Олимпийн наадам зөвхөн спортын бус улстөрийн чухал үйл явдал болоод удаж байна.
Олимпийн наадам зөвхөн спортын бус улстөрийн чухал үйл явдал болоод удаж байна. Бээжингийн Олимпийн үед л гэхэд Гүржийн Ерөнхийлөгч Өмнөд Осетийн эсрэг хийсэн мэдэгдлээрээ олимпийнхныг манаруулаад авсан. Олимптой давхацсан дайн, барьцаалагсад...Спортыг улстөрөөс ангижруулдаг ч болоосой. Олон улсын Олимпийн хороо / ОУОХ/ сүүлийн үед хүйсийн тэгш эрхийн төлөө тууштэй тэмцэх болсон.
Ийм тэгш бус байдлын улмаас Арабын хоёр баян орны хувьд /Саудын Араб, Катар/ олимпийн ертөнцүүд хаалгаа хаахыг шахсан. Лалын шашны хатуу дэг жаягтай орны эмэгтэйчүүд хүссэн төрөлдөө хувцсаа тайчин оролцоно гэдэг бүтэшгүй асуудал.
Гэхдээ лалын ертөнцийн эмэгтэйчүүд олимпод оролцох болсноор, дээрх орнууд ч олимпийн ачаар зарим нэг хатуу жаягаа бага зэрэг сулруулах болсон. Энэ удаагийн олимпод Их Британийн хөлбөмбөгийн баг сүүлийн 40 жилд анх удаа нэгдмэл болон оролцож буй.
Өмнө нь Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирланд гэсэн багууд тусдаа оролцдог байсан тул Их Британийн нэгдсэн баг гэдэг зүйл бараг үгүй болсон байв. Анхны олимпийн наадам МЭӨ 776 онд болж байв. Наадмын зорилго,төлөвлөгөөнд улстөрийн бодлого түлхүү явагддаг байж.
Эртний Грект хоёр долоо хоногийн турш үргэлжилдэг олимпийн тэмцээний үеэр дайн тулаануудыг бүрмөсөн зогсоодог байжээ.
XIX зууны сүүлчээр барон Пьер де Кубертен Эртний Грект зохиогддог байсан хурд хүчтэнүүдийн төлөөх тэмцээнийг орчин үеийн ертөнцөд дахин сэргээхээр зориглосон гэдгээрээ алдаршжээ. Тэрбээр “Аугаа спорт минь, Чи бол Ертөнц” хэмээн уриалж байсан гэдэг.
Гэвч улстөрчид энэ тухай сонсохыг ч хүсдэггүй байж. Пьер де Кубертен эртний Грекийн олимпийн тухай олдворуудаас үүдэн тэмцээнийг дахин сэргээхээр шийджээ.
Түүний санаачлага, зүтгэлээр олон улсын их хурал болж, ОУОХ-г байгуулж өөрөө тус хорооны нарийн бичгийн даргаар сонгогдсон байна.
Ингээд орчин үеийн анхны олимпийн наадам 1896 онд Афинд зохиогдлоо. Уг наадмын дараа Пьер де Кубертен ОУОХний Ерөнхийлөгч болсон юм. 1900 онд Парис хотноо Олимпийн II их наадам зохион байгуулагдаж, таван сарын турш үргэлжилснээрээ хамгийн удаан болсон тэмцээнүүдийн нэгд бичигдсэн байна. Пьер де Кубертен ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг 1925 он хүртэл хашсан бөгөөд түүнийг нас барсных нь дараа ОУОХ-ны хүндэт Ерөнхийлөгч болгон өргөмжилжээ.
Тэрбээр 1937 оны есдүгээр сарын 2-нд Женев хотноо нас барсан агаад Швейцарийн Лозанна хотноо шарилыг нь нутаглуулж харин зүрхийг нь тусад нь эртний олимпийн хананы дэргэд мөнхөлжээ.
Эртний Грект олимпийн наадмын үед бүхий л дайн тулааныг зогсоодог байсан бол ХХ зууны үед тийм байсангүй. Олимпийн наадам 1916 онд Берлинд, 1940 онд Токиод, 1944 онд Лондонд тус бүр дэлхийн дайнаас болж цуцлагдаж байсан юм. Иймэрхүү улстөрийн шалтгаанаар цуцлагдсан өөр тохиолдол байхгүй ч улстөр спортын аугаа наадамд ичгүүргүй бүдүүлгээр оролцсоор иржээ.
Тухайлбал, 1936 оны Берлиний олимп спортыг хэрхэн улстөржүүлдгийн тод жишээ болон үлджээ. Адольф Гитлер арьс өнгөөр гадуурхах үзлээ энд хэрэгжүүлэхийг мөрөөдөж байж. Гэтэл 100 болон 200 метрийн гүйлтийн тэмцээнд Америкийн өнгөт арьст тамирчин Жесси Оуэнс ялалт байгуулчихав. Гитлер олимпийн аваргад тусгайлан баяр хүргэхээр гараагүй гэдгээр барахгүй өвдөг нь чичрэн уурссан гэдэг.
1956 онд олимпийн наадам Мельбурн хотноо зохион байгуулагдсан. Зөвлөлтийн дайчид мажарчуудад коммунизмын эсрэг бослого зарлаад байсан Унгарын үйл явдал хүртэл холын Австралид спортын наадмын дэвжээнд үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй.
Зөвлөлтийн болон Унгарын усан спортынхон эцсийн шатанд тунаж үлдэхэд тэмцээн биш эгээ л тулаан болж буй мэт санагджээ. Унгарчууд эцэст нь зодоон үүсгэж, Зөвлөлтийнхнийг улстөрийн байдлаар нь доромжилж байв. Эцсийн дүндээ мажарчууд ял сан бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцахгүй байх шийдвэр гаргажээ. 1964 онд арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж Өмнөд Африкийн багууд бараг 28 жилийн турш олимпийн наадмаас хоцорсон юм.
Дөрвөн жилийн дараах олимпийн наадамд Ардчилсан Германы баг оролцов. Энэ хүртэл дорно Германд тусдаа оролцохыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд гурван олимп дараалан нэгдсэн Германы баг оролцож байжээ. Шалтгаан нь мөн л улстөртэй холбоотой.
1972 оны Мюнхений наадмын үед орчин үеийн Олимпийн спортын түүхэн дэх томоохон эмгэнэлт явдал болсон юм. Палестины “Хар есдүгээр сар” бүлэглэлийн гишүүд Израилийн тамирчин, дасгалжуулагчдын багийг барьцаалав. Амжилтгүй дайралтын уршгаар барьцааны 11 хүн, нэг цагдаагийн ажилтан амь үрэгдсэн юм. Үүний улмаас олимпийн тэмцээн нэг өдрөөр хойшилж байв. Спортын ертөнцөд улстөр хэрхэн “хошуу дүрж” саад болдгийн тод жишээг 1980 болон 1984 оны олимпийн наадмууд тод харуулжээ.
Зөвлөлтийн цэргүүд Афганистанд дайралт хийсэн шалтгаанаар 1980 оны Москвагийн олимпт АНУ, Герман, Япон, Өмнөд Солонгос, Норвеги,Турк, Аргентин тэргүүтэй арав гаруй орны төлөөлөл ирж оролцоогүй билээ. Үүнийх нь хариуг ЗСБНХУ тэргүүтэй социалист орнууд дөрвөн жилийн дараа яг адил барьж Лос-Анжелесийн олимпоос татгалзсан. Хуучин социалист орнуудаас Румын, Югослав хоёр л Америкийг зорьж байв.
Лос-Анжелесийн олимпод удаан хүлээсэн нэгэн чухал үйл явдал болсон нь Хятадын баг хоёр хуваагдсан явдал байлаа. Тайваньчууд удаан хугацааны турш Хятадын нэрийн дор оролцож байсан. Эцэст нь ОУОТХ Хятад ба Тайвань гэсэн хоёр улсын өмнөөс оролцож болохыг зөвшөөрлөө.
Одоо хүртэл “хоёр Хятад” өөр өөр багтай оролцдог. 1988 оны олимп Сөүл хотноо болсон. Хятадын удирдлагууд наадмыг зөвхөн Өмнөд Солонгос бус Ар Солонгос ч хамтран зохион явуулах ёстой гэсэн ухуулга ятгалга хийж байв. Гэвч Пхеньянд нэг ч тэмцээн зохион явуулах боломж өгсөнгүй.
Сөүлийн амиа бодсон занд дургүйлхсэн Куба тэргүүтэй хэдэн социалист орон мөн л олимпод оролцсонгүй. Харин ЗХУ болон Европын социалист орны төлөөлөл Сөүлд ирсэн. 2008 онд улстөр дахин олимпийн наадамд “буцан ирлээ”. Спортын их наадмыг Бээжин хотноо зохион байгуулах болсонд дургүйцсэн орон их байсан юм. Олимпийн бамбар дамжуулах үеэр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид улстөрийн эсэргүүцэл үзүүлсэн юм.
Наадмын нээлтэд барууны зарим лидер орнуудын төлөөлөл хүрэлцэн ирсэнгүй. Наадмын эхний өдрүүдэд Орос,Гүржийн хувьд спорттой манатай байсан гэхэд хилсдэхгүй. Олимпийн түүхэнд анх удаа аль нэг улсын тэргүүн наадмын нээлттэй давхцан дайн эхэлснийг зарлав.
Энэ бол мэдээж Михаил Саакашвили. “Эх орны манан” Гүржийн тамирчдын сэтгэлийг зовоож, тэд тэмцээнийг орхин нутаг буцаж, буу шийдэм агсахыг хүсчээ. Тамирчид олимпийн талбайгаас хөдөлж ч амжаагүй байхад дайн дууссан тухай шуугижээ. АНУ ч бас энд тайван байсангүй.
Бээжингийн олимпийн нээлтэд Өмнөд Суданы уугуул Лопес Бомонг Америкийн одот тугийг намируулсаар гарч ирсэн. Гэтэл америкчууд Хятадыг Судантай нөхөрлөлөө хэмээн дургүйцлээ илэрхийлж эхлэв. Харин хаалтын ажиллагаан дээр Америкийн тугийг Гүржийн уугуул эмэгтэй намируулав.
Тиймдээ ч вашингтончууд Өмнөд Осетийн дайны дараа Гүржийг ихэд дэмжсэн байна. Лондоны олимпийн өмнөхөн ч улстөрийн огцом хувирлууд өөрийнхөө тухай сануулаад авсанд гайхах зүйлгүй. Спортын гол наадамд улстөр нөлөөлсөөр байх нь эндээс харагдаж байна.

“Правда”.ru

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)