З.Ойдов: Би 1976 оны олимпод түрүүлнэ гэж бодож байсан

Манай чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр Лондоны тэнгэр дор хүч, чадал, оюун ухаан, авхаалж самбаагаа сорино. Тиймээс Монголын төрийн дууллыг дэлхийн цээжинд олонтаа эгшиглүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдовтой ярилцлаа.
Манай чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр Лондоны тэнгэр дор хүч, чадал, оюун ухаан, авхаалж самбаагаа сорино. Тиймээс Монголын төрийн дууллыг дэлхийн цээжинд олонтаа эгшиглүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдовтой ярилцлаа.

Зүүн гар талаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин,
дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдов


-Таны төрсөн нутаг ус, бөхийн гараагаа эхэлж байсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Би хуучнаар бол Архангай аймгийн Лүн сум одоогийнхоор Өвархангай аймгийн Хархорин сумын нутгийн Азар гэдэг газар төрсөн. Хуучнаар Архангай аймгийн Лүн суманд бага сургуульд орж Өвөрхангай аймгийн Хархорин сумд шилжин суусан. Яагаад шилжиж суух болсон бэ гэхээр 1955 оноос Эрдэнэзуугийн талд газар тариалан тарих туршилт явагдаж хийдийн зүүн талд төмс хүнсний ногоо, сангийн аж ахуй анх үүссэн юм. Ингээд л Лүн сумыг татан буулгасан. Зарим айлыг нь Хашаат, Хотонт суманд шилжүүлж нэг хэсэг нь Хархориндоо үлдсэн. Тэгэхээр миний өсч төрсөн нутаг Хархорин юм. Тухайн үеийн хөдөөний хүүхдүүд биеийн тамирын хичээл дээр охидууд нь ардаа алчуур хаяж тоглоно, хөвгүүд нь гахай цохих, матаг цохихоос гадна барилддаг байсан л даа. Ер нь хөдөө чинь хонины бэлчээрт, адууны захад ч барилдаж л байдаг. Миний бага нас ингэж л өнгөрсөн дөө.

-Чөлөөт бөхөөр хэзээнээс хичээллэв?

-Би долдугаар анги төгсөөд Баянхонгорын барилгын ТМС-т очсон юм. Нэг өглөө манай дотуур байрны үүдэнд “Чөлөөт бөхийн секцэнд явах хүүхдүүд Бямбаа багшид нэрээ бүртгүүлнэ үү” гэсэн зар байсан. Тэгээд ангийнхаа дарга Батдэлгэртэй чөлөөт бөхийн тухай яриад зогсож байтал хажууд нэг их гоё хүн ирчихсэн зогсож байна. Бид хоёр яриандаа болоод тэр хүнийг анзаараагүй байхгүй юу. Өмсөж зүүсэн хувцас, зүс царай их гоё санагдсан л даа. Бид хоёр жаахан бэргээд л “Чи эхэлж бүртгүүл” гээд зогсож байтал нөгөө хүн чинь “Та хоёр айх хэрэггүй. Би бүртгээд авчихъя. Том нь томтойгоо, жижиг нь жижигтэйгээ барилддаг юм” гээд л бүртгэчихсэн. Тэгж л анх спортын замнал минь эхэлсэн.
Өнөөх гоё хүн нь бидний анхны багш Ц.Бямбаа байсан юм билээ. Ц.Бямбаа багштай таарсан нь бидий аз байсан гэж би одоо боддог юм. 1965-1967 онд чөлөөт барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохиогдсон юм билээ. 1967 онд бөхчүүдийнхээ халааг бэлтгэх зорилготой идэрчүүдийн аварга гэж болсон. Тэр үед мастеруудаа орон нутагт явуулж залуу тамирчдыг бэлтгээд хавар нь Улсын аварга болсон.
Тэгэхэд 57 кг-д барилддаг спортын мастер Д.Хашбат гэж хүн Баянхонгорт очиж бидэнд хичээл заасан юм. Ингээд л тэр хүний зааснаар, өөрийнхөө багшийн сургаснаар барилдаж эхэлсэн дээ. Би улсын шигшээ багт ирэхдээ 10 гаруй л мэх мэддэг байсан. Хөдөөний хүүхдүүд чинь үндэснийхээ сайхан сайхан мэхийг хийгээд сурчихсан байдаг нэг сайн талтай шүү дээ. Одоо ч гэсэн би багадаа сурсан мэхээрээ л амьдарч явна.

-Анхны медалиа хэдэн онд хүртэж байв?

-1967 оны дөрөвдүгээр сард шиг санаж байна. Идэрчүүдийн аварга болоод 32 нийгэмлэгээс хүүхдүүд ирж барилдсан. Тэгэхэд Баянхонгороос найман хүүхэд ирж барилдаж 70 кг-д Цулбуур гэж хүүхэд хүрэл медаль авч би 60 кг-д түрүүлж алтан медаль авч байсан юм. Анхны медаль минь л тэр шүү дээ. Гэхдээ би дүрэм сайн мэддэггүй байсан л даа.

-Хэдийнээс эхэлж улсын шигшээд барилдах болсон бэ?

-1967, 1968 онд хоёр сарын бэлтгэл хийсэн. Өвөл нь нутагтаа очиж барилгынхаа ажлыг хийдэг байсан. Тэгээд 1969 оны долдугаар сарын 9-нд надад бичиг ирж социалист орны залуусын “Олимпийн найдвар” тэмцээнд бэлтгэл сургуулилт хийгээч гэсэн. Намайг 18 хоног бэлтгэл хийсэн гэдэг юм билээ. Цэрэнбатаа гэж хүүхэдтэй сорил хийж тэнцсэн. Тэр тэмцээнд намайг явуулахад би зургадугаар байрт орсон. Зүүн тохой жаахан гэмтэлтэй могойн хортой тос түрхэж, ширээний гэрлээр шарж байгаад л унтдаг. Маргааш өглөө нь жаахан хөндүүр нь арилсан байна. Тэгээд л барилдана даа. Намар нь Монгол-Япон, Монгол-Болгарын уулзалт гэж хэдхэн хоногийн зөрөөтэй барилдаан боллоо. Тэр цагаас л улсын шигшээ багт орж барилдсан.

-“Ойдов” гэж олон улсад алдаршсан мэхнийхээ тухай?

-Аливаа юмыг хүн мэргэшээд ирэх үед өөрийнхөө ажил хөдөлмөрөөс их туршлагаждаг байх. Хүн ажил, амьдралынхаа талбар дээрээс суралцдаг. Өөрсдөө барилдаж байхдаа ийм хөдөлгөөн хийчихээр ийм мэх болчихдог юм байна гэсэн санаа их гарна шүү дээ. 1974 оны хавар Даколовын тэмцээнд Свелев гэдэг хотод болсон юм. Тэгээд Ираны айхавтар бөхтэй таарлаа. Би өмсүүлэхгүйг хичээгээд тэр хүн намайг өмсөх гээд л барилдаж байтал өвдөг нь эрүүндээ тулаад байгаа нь анзаарагдсан. Тэгэхэд “хатуу” хийгээд унагачих санаа орсон ч хийгээгүй. Тэр бөхөө ялсан л даа би. “Хатуу” гэж адуу унагаах аргыг хөдөөний хүүхдүүд л мэднэ. 1974 оны хавар Баянхонгорт Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх хийж тэр цагаас хойш дэлхийн дасгалжуулагч, бөхчүүдийн дунд өнөөх мэх маань “Ойдов” гээд алдаршчихсан 30 гаруй жил энэ тэндхийн барилдаанд хийгдсэн. Харин саяхнаас “Ойдов” гэсэн нэр нь патенттай болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1974 онд түрүүлсэн дээ. Тухайн үед ЗХУ, Америк, Унгар, Япон, Болгар, Энэтхэг, Куба гээд л олон орны сайн тамирчин байсан. Манай бөхчүүд ч их сайн барилддаг байлаа.

-Дэлхийн аваргаас хошой алт хүртэж Монголынхоо их спортын түүхэнд нэрээ алтаар мөнхөлж чадсан хүн бол Та. Гэхдээ Таныг дэлхийн аварга болсон барилдааныг их сайн барилдаан гэж ярьдаг шүү дээ?

-1974,1975 онд түрүүлээд 1976 оны олимпод би 68 кг-д барилдъя гэж хүсэлт гаргасан. Яагаад гэхээр миний өсөлтийн биологийн нас дуусчихсан байсан үе. Тэгээд үүнийг бөхийн засуул, чөлөөтийн анхдагчдын нэг Б.Санжаа гуай 29 настай хүн жин хасч болохгүй шүү гэж надад хэлж байсан юм. Биологийн өсөлтийн нас нь дуусчихсан хүн жин хасвал нөхөн сэргээлт дахин авч чаддаггүй юм гэж туршлагаасаа хуваалцсан. Тэгээд би Б.Санжаа гуайн туршлагаар санал гаргасан ч намайг хүлээж аваагүй. Хэрэв боломж олдсон бол 1976 оны олимпод би түрүүлнэ гэж бодож байсан юм. 68 кг-д намайг давах хүн бараг л байгаагүй. Тэгээд жингээ 12 кг хасаад сандарч сандарч хоёрт орсон. 74 кг болчихоод хоол бага иднэ шүү дээ. Өмнө нь 10 кг хасаад барилдчихдаг байлаа. Тухайн үед дорхноо л төлжөөд өөрийн жиндээ хүрчихдэг байсан. Гэтэл 12 кг хасаад ахиж төлжөөгүй. Тэгээд Швейцарьт болсон дэлхийн аваргад найман удаа сайхан барилдчихаад ямар медаль авахаа мэдэхгүй сууж байлаа. Гэтэл хүрэл медалийн болзол хангачихсан байсан.

-1976 оны олимпийн аваргын төлөө барилдаж байсан үеэ эргэн дурсвал?

-Би 12 кг хассан байсан болохоор өглөө бүр жин үзнэ. Үнэхээр хүнд барилдаан болсон. Солонгосын Ян Жу Мон гэж их сайн бөх байсан. Би нэгийн даваанд Америкийг ялсан. Хамгийн сүүлийн даваанд Ян Жу Монтой таарсан болохоор ялна гэж бодож байсан л даа. Цэвэр ялчихсан бол би түрүүлэх байсан ч чадаагүй. Америктай барилдахад оноо өгөөгүй нь жаахан луйвар болсон.

-Тэр үед манай тамирчдыгн оноо дарах, хасах луйвар их гардаг байсан уу?

-Бид гадаад хэл мэдэхгүй дээ л тэр нарийн хандлагыг мэдэхгүй байсан юм билээ. Одоо дасгалжуулагч болчихсон болохоор мэдэгддэг юм. Тамирчин байхад юуг нь анзаарах вэ дээ.

-Аав, ээжээ дурсаач. Танайхныг гэр бүлээрээ спортын цолтой хүмүүс гэж сонссон?


-Биднийг өсгөж төрүүлсэн аав, ээж их гайхамшигтай хүмүүс. Манай аав сайхан морь уургалдаг их эрэмгий хүн байсан гэдэг. Би аавыгаа мэднэ л дээ. Гэхдээ настай болчихсон байсан. Ахынхаа ярианаас сонсоход их эртэй, зоригтой өндөр уулын орой дээрээс ороо морийг уруу хөөж уургалдаг байсан гэж ярьдаг юм билээ. Улсын наадмыг цэргийн наадам нэртэй байхад аав нэг удаа барилдаж тав давсан юм билээ. Ээж минь их хурдан гүйдэг байсан. Мөн ээжийн минь ээж их бяртай хүн байсан гэдэг. Миний эгч зургадугаар ангид байхдаа улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль хүртсэн гүйлтийн тамирчин хүн байдаг. Миний дүү улсын заан Дүвчинг монголын ард түмэн андахгүй. Хоёр эмэгтэй дүү улсаас алт, мөнгө, хүрэл авч байлаа. Нямсүрэн гэдэг дүү маань есдүгээр ангидаа спортын мастерын болзол хангаж байсан.

-Ханийнхаа тухай?

-Миний ханийн аав Говь-Алтайнх, ээж нь Хөвсгөлийн гаралтай хүн. Өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Төмөр замын дээд сургуульд багшилдаг. Залуу зандан байхдаа тамирчин гээд гэртээ байх нь ховор. Дараа нь дасгалжуулагч гээд тэнээд явчихна. Би ер нь гэртээ тус нэмэр бага болсон хүн. Энэ хугацаанд бүгдийг нь л миний хань амжуулж, үр хүүхдээ өсгөсөн дөө.

-Чөлөөтийнхөн 1980-аад оноос хойш олимпод амжилт гаргасангүй?

-Хүн бүхэн “Би чадна” гээд зүтгээд байвал ямар нэгэн ажил сайн болно гэж боддог. Машин мэддэггүй хүн машин барихаасаа айдаггүй. Үүнтэй л адил чөлөөтөөр барилдахад алдах юм их шүү дээ. -Чөлөөтийн шинэ дүрмийн талаар? -Сайн хүнд ямарч дүрэм муугаар үйлчилнэ гэж байдаггүй юм. Энэ дүрэм их сайхан дүрэм, манай монголд таарна. Гэхдээ дэлхий нийтэд их алдаатай. Дасгалжуулагч гэдгийг манайхан том албан тушаал гэж ойлгодог. Олон улсын хүнтэй уулзах шат болгож ашиглах гээд байдаг юм. Уг нь сурснаа мэдээд өөрийн тамирчдадаа заагаад хүнээ сайн бэлдэх нь чухал шүү дээ.

-Лондонд олимп их сайхан өрнөж байна. Удахгүй чөлөөтийн барилдаан эхлэх гэж байна. Манайхан тамирчиддаа итгэл хүлээлгэж байгаа. Бэлтгэл сургуулилт нь ямар байгаа вэ?

-Ер нь манай тамирчид сайн бэлтгэсэн гэж би дасгалжуулагчдаас нь сонссон. Зарим нь алдаа гаргасан, зарим нь шүүгчдийн алдаанаас болсон гэх зэрэг янз бүрийн дүгнэлт хийх юм бий. Манайх олимпийн чөлөөт бөхийн медалийн буухиа тасраад удаж байна. Манай баг тамирчид муудаа авч чадахгүй байгаа юм биш. Сургалт дасгалжуулалт их нөлөөлдөг. Үе үедээ манай шилдэг тамирчид цөөхөн шүү дээ. Энэ хэдийгээ л сайн додомдох хэрэгтэй. Тухайлбал хурдан морьдыг хэн дуртайд нь өгөлгүй, яагаад шилдэг уяачдад өгөөд байна вэ. Үүнтэй л адил сайн бэлтгэдэг хүн хэрэгтэй. Тамирчин хүнийг дасгалжуулна гэдэг хүч, хурд, уян хатан чанар, зориг гээд их зүйл тааруулахыг хэлдэг. Мөн жин хасах нэг аюул бий. Техник мэхний асуудал ч бий. Манай тамирчид дэлхийн 204 оны тамирчинтай өрсөлдөж байна. Бид аль ч орны бөхөөс илүү хүчтэй, хурдан шүү дээ. Манай жүдогийнхон их сайхан барилдлаа. Н.Түвшинбаяр тамирчин эр хүний зориг гаргаж чадлаа. Бокс ч том амжилт гаргаж байна. Чөлөөтийнхөн маань нэг юм хүртээсэй гэж бодож байгаа. Эх орондоо нүүр дүүрэн, сайхан баяртай, энгэр дүүрэн медальтай ирээрэй гэж хүсч байна.

В.НЭРГҮЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)