“Өглөгийн тангараг”

Д"Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон түүний хамтрагч Дастин Московиц нар хөрөнгийнхөө талаас илүү хувийг өглөгт зарцуулахаа амлаж, нигүүлсэнгүй сэтгэлтнүүдийн клубт эргэлт буцалтгүй элсэн оржээ.
Д.Мөнхчимэг

Д"Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон түүний хамтрагч Дастин Московиц нар хөрөнгийнхөө талаас илүү хувийг өглөгт зарцуулахаа амлаж, нигүүлсэнгүй сэтгэлтнүүдийн клубт эргэлт буцалтгүй элсэн оржээ. Дэлхийн хамгийн баян 70 орчим хүний нэгдсэн  “Өглөгийн тангараг” (The Giving Pledge) төслийг алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет, Билл Гейтс болон түүний гэргий Мелинда хамтран санаачилсан юм. Америкийн толгой баячуулыг хөрөнгийнхөө талаас дээш хувийг буяны ажилд зарцуулахыг уриалсан энэхүү клубт Нью-Йоркийн амбан Майкл Блүүмберг, найруулагч Жорж Лукас, зочид буудлын аварга Баррон Хилтон болон “Microsoft”-ын үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен зэрэг алдартан багтаж буй. Эдүгээ энэхүү клубийн хүрээг тэлж, Энэтхэг, Хятадын тэрбумтнуудыг элсүүлэх нь Баффетын гол зорилго ажээ.
“Хүнийг хайрлах” гэсэн грек үгнээс гаралтай филантроп гэх ойлголтоор буяны үйлст сэтгэлээ зориулсан хүмүүсийг хэлдэг. Энэ нь АНУ болон Европын хувьд аль эртнээс тархсан ажээ. Тухайлбал, “Standard Oil” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн анхны долларын тэрбумтан Жон Рокфеллер цуутай филантроп байв. 1897 оноос тэрбээр буяны үйлст дурлаж, боловсрол, эрүүл мэндийн салбарт хагас тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Альфред Нобель, Якоб Шифф, Эндрю Карнеги, Жорж Соросоос эхлээд Майкл Жексон, Жон Леннон, Шакира ч буяны үйлсээрээ дэлхийд зартай. Улс төр, бизнес, урлаг соёлын алдартнууд “филантроп” хэмээн өөрсдийгөө нэрлүүлэхдээ улам л дуртай болж буй. Ерөөсөө ийм сонирхолтой хүн соёлт ертөнцөд олон байдаг болохоор Баффет, Гейтсийн санаачилгыг баячууд дуртай хүлээж авсанд гайхах юмгүй.
Тансаг зэрэглэлийн бараа, хувцаснаас зайгаа барьж, түргэн хоолны газруудаар үйлчлүүлдэг Уоррен Баффет нэг үе дэлхийн хамгийн баян хүний сэнтийд заларч байсан ч мөнгөө буяны ажилд зарцуулсаар байгаад байр сууриа алдсан гэдэг. Тэгвэл Америкийн болон дэлхийн “толгой баян”-ы албыг олон жил хашсан Билл Гейтс өөрийн гэр бүлийн үүсгэн байгуулсан буяны санд 30 тэрбум ам.доллар зарцуулсан болохоор л “Forbes” сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж чадахаа байжээ. 2010 онд Баффет маань Билл болон Мелинда Гейтсийн “Gates Foundation”-д өөрийн хөрөнгийн дийлэнх хэсгийг өвлүүлэх гэрээслэл бичсэн. Чухам эндээс л “Өглөгийн тангараг” төслийн санааг тэд олжээ. Нигүүлсэнгүй сэтгэлтэй хүмүүс олон бий, яагаад тэднийг нэгтгэж болохгүй гэж?
Баффет  Гейтс  хоёр төслийн санаагаа маш энгийн аргаар хүмүүст хүргэсэн тухайгаа ярьдаг. Зүгээр л Америкийн хамгийн баян 400 хүний нэрсийн жагсаалттай  “Forbes” сэтгүүлийн дугаарыг аваад, утас цохиж эхэлжээ. “Өөрийнхөө цэвэр ашгийн талыг буяны үйлст зарцуулах, эсвэл энэ зорилгоор хөрөнгийнхөө талыг өвлүүлэх хэрэгтэй гэж бид тэрбумтнуудыг ятгасан гэх үү дээ. Гэхдээ үүнд ямар нэгэн дарамт, шахалт байхгүй. Энэ бол хууль зүйн биш, ёс суртахууны тангараг. Бидний ярьсан хүмүүсийн тал нь санаачилгыг таатай хүлээж авсанд баяртай байгаа” хэмээн Баффет “Forbes” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Түүний залгасан зарим хүн санаачилгыг эргэлзсэн байдлаар хүлээж авахад нь ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэхийг сануулж, Эндрю Карнеги болон Жон Рокфеллерийн сайн үйлсээр жишээ татан ятгаж байсан аж. Ялангуяа “Forbes”-ын жагсаалтад орсон залуу хүмүүст ойлгуулах нь хамгийн чухал гэдгийг Баффет тэмдэглээд, “Бид залуу хүн бүртэй ярилцаж амжих ёстой” гэжээ. Энэ нь ч амжилттай хэрэгжиж байгааг Марк Цукерберг болон Дастин Московицын шийдвэрээс харж болох биз.
“Өглөгийн тангараг”  төслийн   хү¬рээнд цугларах мөнгө ямар нэг тодорхой зүйлд биш, харин хандивлагчдын өөрсдийнх нь зөв гэж бодсон ажил үйлст зарцуулагдах юм. Байгаль орчны хамгаалал, эрүүл мэнд, боловсрол гээд юу ч байж болно. Тухайлбал, “Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Forbes” сэтгүүлийн үнэлснээр 1.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Вальтер Скотт мөнгөө шинжлэх ухаан, боловсролд зарцуулах сонирхолтой буйгаа илэрхийлжээ. “Эхний ээлжинд би залуу хүмүүст тусалмаар байна. Мэдээж би өөртэйгээ ижил хөгшчүүлд муу санаагүй л дээ. Гэхдээ залуус бол хамгийн ашигтай хөрөнгө оруулалт. Дээд боловсрол эзэмших боломжийг бий болгох замаар бид боловсролтой, бүтээлч иргэдийг төлөвшүүлж чадна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
“Forbes” сэтгүүлийн тооцоолсноос үзэхэд “Өглөгийн тангараг” клубийн гишүүдийн буяны үйлст зарцуулахаар амласан хөрөнгийн хэмжээ хэдийнэ 120 тэрбум ам.доллараас хальчихаад буй. Гэхдээ энэ бүх мөнгө хэрэгцээтэй хүмүүстээ шууд хүрнэ гэж дүгнэхэд бэрх аж. Сайн үйлсийн төлөө асар их мөнгө зарцуулж байгаа хүмүүс тэр хөрөнгө нь ядуусыг гэхээсээ илүү баян банкирууд, буяны сангуудыг тэжээж байгааг ойлгодоггүй гэнэ. Үнэхээр ингэж боддог хүн цөөнгүй бий ажээ.
Өнгөрсөн намар “New York Post” сонины хамт олон нэгэн шуугиан дэгдээсэн юм. Юу гэвэл U2 хамтлагийн дуучин Боногийн рекламдаад байдаг ядуурлын эсрэг сан болох ONE сайхан сэтгэлтнүүдийн халааснаасаа гаргасан мөнгөний ердөө 1.2 хувийг л өлсгөлөн хүүхдүүд болон тусламж хэрэгтэй хүмүүст зарцуулжээ. Гэтэл 98.8 хувь нь тус сангийн үйл ажиллагаа, ажчилчдын цалин зэрэгт алга болсон байсан гэвэл итгэх үү? Мэдээж ONE ашгийн бус байгууллагын төлөөлөгчид өөрсдийгөө өмөөрч, “Бид сайн үйлс хийдэг” хэмээн зарласаар, сурталчилсаар байсан боловч “New York Post”-ын нийтлэлийг худлаа гэдгийг нотолсон нэг ч тоо, баримт гаргаагүй. Үүнтэй ижил жишээ мундахгүй байдаг болохоор л буяны сангуудын нэр хүнд унаж, иймэрхүү санаачилгад таагүй ханддаг хүн ч олширсон талтай. Тэдний нэг нь “Forbes” сэтгүүлийн жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлж буй Карлос Слим юм. 74 тэрбум ам.долларын хөрөнгөтэй мексик эр яагаад Баффетын ятгалгад ороогүйгээр барамгүй “Өг¬лөгийн тангараг”-т нэгдэхгүй гэдгээ олон нийтийн өмнө мэдэгдсэн юм бол? “Сүүлийн 50 жилийн хугацаанд сайн үйлс бүтээх чиглэлээр олон их наяд доллар урссан боловч ямар ч асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Өөрийн хөрөнгийн 40-50 хувийг үүнд зарцуулна гэдэг мөн л утгагүй, үр дүнгүй хэрэг шүү дээ. Баячууд мөнгөө нийгмийн хүнд асуудлуудыг арилгахад зарцуулахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ мөнгө яг хэрэгтэй хүмүүстээ очно гэсэн баталгаа хаа байна вэ? Ядууралтай тэмцэх цорын ганц бодит арга бол ажлын байр бий болгох явдал гэж би боддог” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд тайлбарлажээ. Товчхондоо, Карлос Слим бол хүмүүст загас өгч болохгүй, харин түүнийг яаж дэгээдэх аргыг нь зааж өгөх хэрэгтэй гэж үздэг нэгэн аж.
“Өглөгийн тангараг” санаачилгыг ийнхүү хүмүүс сайнаар ч, саараар ч хүлээж авч буй аж. Гэхдээ өөдрөгөөр харж, нэгдэж буй нигүүлсэнгүй сэтгэлтэн илүү олон байгааг Баффет тэмдэглээд,  “Тиймээс яагаад буяны үйлст хөрөнгөө өгөхөөр шийдсэн тухай¬гаа манай цахим хуудсанд захидал бичиж үлдээхийг бид хүссэн юм. Энэ бол уншихад таатай түүхүүд юм шүү” гэжээ. Тэрбумтнуудын захидлыг Givingpledge.org цахим хуудаснаас харж болно. Үнэхээр ч өглөгийн тангараг өргөсөн хүн бүрийн түүх сэтгэл хөдлөм байсан болохоор нийтлэлийнхээ төгсгөлд зарим хүний захидлаас иш татав.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)