Монголын анагаах ухааны ёсзүйн анхдугаар чуулганы тухай
- 2011-11-10
- Эрүүл мэнд
- 0
Монголын анагаах ухааны академи
Монгол улсад Шинжлэх ухааны
салбар үүсэж хөгжсөний 90 жил, Монголын анагаах ухааны академи
байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан анагаах ухааны салбарын хамт
олон олон улсын болон үндэсний хэмжээний 10-д эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулж, хийсэн судалгааны ажлын үр дүнгээ дэлгэн тавьж, сонгон
хэлэлцүүлсэн юм. Энэ удаа анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бий
болгох, төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж,цаашдын зорилтоо
тодорхойлох зорилгоор анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.
Монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүн амд үзүүлэх эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад орчин
цагийн анагаах ухааны хөдөлшгүй нотолгоо амин чухал ач холбогдолтой
байдаг.
Ялангуяа дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт явагдаж, даяаршиж байгаа
энэ зуунд хүн амын дунд урьд өмнө тохиолдож байгаагүй халдварт өвчин
шинээр тархаж, зарим халдварт өвчин дахин сэргэж, эрүүл мэндийн
салбарын ажиллагсдын мэдлэг, ур чадварыг сорьж байна.
Чанартай судалгаа явуулах нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт чухал
бөгөөд бөгөөд үүнийг сайжруулах нэг арга хэрэгсэл нь анагаах ухааны
ёсзүйн хяналт байдаг. Анагаах ухааны ёсзүйн үндсэн зарчим, хэм хэмжээг
дагаж мөрдөн хэрэгжүүлж чадвал судалгааны ажлын шинжлэх ухаанч байдлыг
дээдлэх үүргээ судалгаанд хамруулж буй хүний эрүүл мэнд, нэр хүнд, сайн
сайхан байдлыг хангах үүрэгтэйгээ нягт уялдуулан арга зүйгээ
боловсруулж, судалгааг явуулж сайн үр дүнд хүрэх боломжтой.
Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог 2015 он хүртэл хөгжүүлэх
стратегийг 2008 онд батлан хэрэгжүүлж байна. Энэ стратегийн 6 үндсэн
зорилтын нэг нь анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх,
түүний үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилгоор үндэсний чуулган зохион
байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр ийнхүү анхдугаар чуулганаа
зохион байгуулж байна.
Анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэхийн тулд ЭМЯ-ны
анагаах ухааны ёсзүйн хяналтын хороо, салбар хороодыг байгуулан
судалгааны төсөлд зөвшөөрөл олгож, төслийн хэрэгжилтийн явцад хяналт
тавьж ажилласнаар судалгааны ажлын чанарыг сайжруулахад бага боловч хувь
нэмэр оруулсан гэж үзэж байна.
Түүнчлэн ёсзүйн хороодын гишүүд, судлаачдыг шаардлагатай гарын авлагаар
хангах, тэдний мэдлэг, дадлагыг сайжруулах сургалтыг удаа, дараа зохион
байгуулж ирлээ. Энэ ажилд ДЭМБ, НДББ, ДЭМБ-ын Монгол дахь суурин
төлөөлөгчийн газар, санхүү, техникийн гүн туслалцаа, дэмжлэг үзүүлж
байдаг. Үүний нэг жишээ нь бидний урилгыг хүлээн авч эрдэм шинжилгээний
тогтолцооны чадавхитай танилцах, цаашид Монголын анагаах ухааны
сэтгүүлүүдийн цахим мэдээний сан үүсгэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээр
НДББ-ийн эрдэм шинжилгээ хариуцсан зохицуулагч хатагтай Манжу Рани
хүрэлцэн ирж, чуулганд оролцож байна.
Түүнчлэн анагаах ухааны ёсзүйн тогтолцоог монголд бий болгох,
төлөвшүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан, Глобал сангийн ДОХ/БЗДХ-ын төслийн
хамт олон гүн туслалцаа үзүүлж ирсэн байна.
Энэхүү чуулганд анагаах ухааны чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэн, төв,
их дээд сургууль, томоохон эмнэлгүүд, бүсийн оношлогоо, эмчилгээний
төвүүд, эрүүл мэнд анагаах ухааны судалгааг дэмжигч байгууллага, энэ
чиглэлийн бодлого тодорхойлогч байгууллага, олон улсын байгууллагыг
төлөөлсөн 100 төлөөлөгч оролцож байна.
Эрүүл мэндийн яам
Монголын анагаах ухааны академи

Сэтгэгдэл (0)