Японы эрдэмтэд элэгний өвлөлийн талаар үнэ төлбөргүй лекц уншив

   Монголын элэг судлалын холбоо, Ази-Номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулав.
   Монголын элэг судлалын холбоо, Ази-Номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулав. Тус онол практикийн хуралд 14 орны 350 гаруй төлөөлөгч, эмч, судлаач, эрдэмтэд ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр хуралд оролцсон Японы эрдэмтэн, эмч нар элэгний өвчний талаар үнэ төлбөргүй сонсгол тавьсан. Соёлын төв өргөөнд болсон сонсголд элэгний өвчтэй болон гэр бүлийнх нь аль нэг гишүүнд уг өвчний онош илэрсэн хүмүүс ирсэн байлаа.
Мөн анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд ирж Японд элэгний өвчнийг хэрхэн анагааж ямар эмчилгээ хийдэг талаар сонирхсон юм. Вируст гепатитаас хэрхэн сэргийлэх тухай сонсголыг Токиогийн их сургуулийн эрдэмтэн Масао Омато тавив. Тэрбээр тун ойлгомжтойгоор өвчний тухай мэдээлэл өгч тайлбарласан нь тус сонсголыг үзэхээр ирсэн хүмүүсийн талархлыг ихэд хүлээж байсан.
Харин элэг хатуурахаас хэрхэн сэргийлэх талаар сонсгол тавьсан Японы эмч Жиа Хон Као өвчнийг зурагтай тайлбарласан юм. Японы эрдэмтэн Сато Шинпэй элэгний хавдрыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийн аргаар эрт үед нь түлж эмчлэх боломжтой гэдгийг сурталчлан таниулав. Энэ мэтчилэн сонсголын тусламжтайгаар элэгний өвчтэй хүн өвчнийхөө ямар шатанд хэрхэн эмчилбэл илүү үр дүнтэй байдгийг мэдэх боломжтой байсан юм. Эрдэмтдийг сонсгол тавьсны дараа дээрх өвчний гурван тохиолдол бүрт үзэгчдээс ирсэн асуултад хариулсан. Мөн хэрхэн эмчилгээ хийлгэх талаар оновчтой зөвлөгөө өгч байлаа. Ингээд эмч нарын элэгний өвчний талаар тавьсан сонсголыг толилуулъя.

ЖИА ХОН КАО: ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛТАЙ ХYН ӨДӨРТ 25-35 КИЛЛКАЛОРИ АВАХ ШААРДЛАГАТАЙ
Элэгний хатуурлыг бүтцийн болон шалтгааны гэж ангилж болно. Бүтцийн ангилал нь зангилааны том жижгээс шалтгаалдаг. Элэг хатуурах олон шалтгаан байдгаас B, C вирусээс даамжрах нь элбэг. Мөн зарим төрлийн хорт бодисоос болж элэг хатуурна. Тухайлбал, архи их уух нь энэ өвчин тусах нэг шалтгаан болдог. Мөн бодисын солилцооны буюу төмөр илүүдэх, венийн судасны түгжрэлээс болж элэг хатуурна.
Мөн дархлааны тогтолцооны хямралаас үүдэн өвчилж болно. Өөрөөр хэлбэл, бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах нь муугаар нөлөөлдөг байна. Элэгний хатуурал нь эхний болон хожуу үеийн гэсэн шинж тэмдгээр илэрдэг. Өвчний эхний үед шинж тэмдэг илрэхгүй буюу ямар ч зовиургүй байж болно. Эсвэл бага зэрэг ядрах, хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрдэг. Харин элэгний хожуу үеийн шинж тэмдэгт элэгний дутмагшил үүсэх, үүдэн венийн даралт ихсэнэ. Мөн элэгний дутагдлаас болж хүний бүх бие шарлах шинж тэмдэг илэрдэг.
Үүдэн венийн даралт ихэссэнээс хэвлий устах шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна элэгний хатуурлын үед турах, хэвлий цанхайх, алга улайх, эрэгтэй хүний хөх томрох зэрэг шинж тэмдэг илрэх тохиодол ч бий. Дэлүүний хэмжээ томрох нь бас нэг шинж тэмдэг болдог ажээ. Сүүлийн үед элэгний хатуурлыг заавал элэг рүү зүүгээр хатгахгүйгээр шинжилдэг болсон. Мөн элэгний хатууралтай хүн хоолны дэглэм барих нь чухал. Хоол хүнсээ тохируулан хэрэглэснээр эрүүл мэндээ хэвийн байлгаж чадна. Элэгний хатууралтай хүн өдөрт 25-35 ккал авах шаардлагатай.
Зарим тохиолдолд уургийн гаралтай хоол хүнс хязгаарлах шаардлага гардаг. Түүнээс гадна сорвижилтийн эсрэг эмийг эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай юм байна. Шалтгааныг нь зөв олж эмчилбэл үр дүнд хүрнэ.


МАСАО ОМАТО: ЗАРИМ ШИНЖИЛГЭЭГЭЭР ЭЛЭГНИЙ ХАТУУРЛЫГ ИЛРYYЛЖ ЧАДДАГГYЙ
Элэг 1200 грамм жинтэй, зөөлхөн эрхтэн. Гэхдээ зарим үед хатуурдаг. Учир нь элгэн дээр сорви үүсдэг. Вирусээс болж элэг сорвиждог. Монголчуудын ихээр хэрэглэдэг архи элгийг бас сорвижиход нөлөөлнө. Түүнээс гадна хэт таргалалттай байх нь элгийг өвчлүүлдэг. Элэг маань сорвижсоор байгаад хатуурал гэдэг өвчин үүснэ. Өөрөөр хэлбэл, энэ бүхнээс болоод элэг мод шиг хатуу болдог.
Тиймээс элэгний өвчтэй хүний элэг хэр зэрэг хатуу байгаагаас хавдар үүсэх магадлалыг тогтоодог. Харин элэг өвчлөхөд Таниас шалтгаалахгүй зүйл бол С, В вирус. Элэгний А, В, С, D, E вирусийн талаар ярья. Үүнээс хамгийн аюултай нь элэгний С, В вирус юм. Энэ нь цусан замаар дамждаг. Тиймээс хэдийгээр элэгний ямар нэг өвчингүй ч ядаж жилд нэг удаа С, В вирусийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Монголд элэгний С, В вирустэй хүн 10 хувиас дээш байдаг. Энэ нь нийт хүн амын 25-27 хувь буюу гурван хүний нэг нь эдгээр вирусын халдвартай гэсэн үг. Харин Японд нэг хувиас бага тархалттай. Хүмүүс элэгний АлАТ, АсАТын шинжилгээ өгдөг ч үүгээр элэгний хатуурлыг илрүүлж чаддаггүй.
Хамгийн зөв арга бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх юм. Элэгний өвчнийг таван үе шаттай гэж ойлгож болно. Хэрвээ Та элэгний өвчтэй бол яг аль төвшинд явж байгааг илрүүлэх нь хамгийн чухал юм. Элэгний өвчлөл F1-F5 үе шаттай. Тэгэхээр элэгний сорвижилтын хэмжээ ихдэх тусам улам аюултай болно. Сонирхуулахад, дөнгөж төрсөн хүүхдийн элэгний сорвижилтын төвшин F0 байдаг. “Fibroscan” нэртэй төхөөрөмжөөр элэг рүү заавал хатгалгүйгээр хатуурлын төвшинг мэдэх боломжтой. Ази-Номхон далайн орнуудын элэг судлалын холбооноос “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг Монголд зохион байгуулж буй нь учиртай.
Уг хурлыг зохион байгуулсан оронд өвчинтэй тэмцэх идэвх сайжирдаг. Тиймээс ч энэ удаад Монголд хийж байна. Энэ удаагийн сонсголоор монголчуудын элэгний өвчний талаархи мэдлэг ямар байгааг сонслоо. Ихэнх нь сайн мэдэж байна. Гэхдээ эрүүл мэндийн боловсрол сайн эзэмших нь чухал байдаг учраас цаашид ч анхаарах шаардлагатай.


САТО ШИНПЭЙ: РАДИО ДОЛГИОНЫ ЭМЧИЛГЭЭ ЭЛГИЙГ ЭМЧЛЭХЭД ЧУХАЛ YYРЭГТЭЙ
Радио долгионы эмчилгээний талаар сонссон хүн байна уу. Энэхүү эмчилгээг тухайн хагас унтаа байдалтай хийдэг нь манай эмчилгээний онцлог байгаа юм. Энэхүү төхөөрөмжөөр хавдартай хүний хавдар уруу хатгаж түлэх замаар эмчилдэг. Манай Улсад элэгний шинжилгээг зөөврийн машинаар үнэ төлбөргүй хийдэг юм.
Энэ арга их чухал нөлөө үзүүлсэн. Азийн орнуудад элэгний өвчлөл өндөр байдаг. Монгол Улсын хувьд архи их ууж байгаа нь өвчин үүсэх нэг нөхцөл болж байна гэж боддог. Мөн сүүлийн үед хүн амын дунд таргалалт нэмэгдэх болсон нь сөрөг нөлөөтэй. Тиймээс эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж өвчлөөгүй байхдаа эмчид хандаж байгаарай. Ингэж чадвал урьдчилан сэргийлэх боломжтой.

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)