Энхийн манаанд зөвшөөрөлгүй зогсч болох уу

    Эмнэлгийн байгууллага иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллахаас илүүтэй ашиг орлогын хойноос хөөцөлдөх болсныг хүн бүр халаглан ярьж байна. Улсын эмнэлэгт биеэ үзүүлье гэвэл ааштай эмчийн алгыг тэнийлгэж, чадах чинээгээрээ хахуульдахгүй л бол наашаа гэх эмч олдохгүй.
    Эмнэлгийн байгууллага иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллахаас илүүтэй ашиг орлогын хойноос хөөцөлдөх болсныг хүн бүр халаглан ярьж байна. Улсын эмнэлэгт биеэ үзүүлье гэвэл ааштай эмчийн алгыг тэнийлгэж, чадах чинээгээрээ хахуульдахгүй л бол наашаа гэх эмч олдохгүй. Эмч нар хаан шиг, иргэд боол шиг царайчилж суудаг дүр зураг одоог хүртэл үргэлжилсээр. Зөвхөн эмч, сувилагчид л хүнд суртал гаргаад байдаг юм биш эмнэлгийн удирдлагууд ч эрх мэдлээ урвуулан ашиглах тохиолдол цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд Наркологийн төв эмнэлгийн дарга Х.Хулан албан тушаалаараа түрий барьж, анагаахын анхан шатны мэдлэггүй ах дүүгээ ажиллуулж, өвчтөнүүдэд эм тариа шахдаг байсан нь тогтоогдож, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ мэт ёс зүйгүй, хууль бус үйлдэл ар араасаа хөвөрч, эрүүл мэндийн салбарыг аалзны тор шиг хэрсэн гэхэд хилсдэхгүй. Хэд алхаад л нүд, шүд, элэг, зүрхний эмнэлэг гэсэн эрээн мяраан хаяг харагддаг. Гэтэл эдгээр эмнэлгүүдийн дийлэнх нь мэргэжлийн эмч байхгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь МХЕГ-ын шалгалтаар тогтоогдоод байна. Тухайлбал, “Богд хаан” амралтын газар бариа заслыг мэргэжлийн бус хүнээр хийлгэж байсан аж. Түүнчлэн “Буянпил” компанийн нэр дээрх тусгай зөвшөөрлөөр “Зулзаган цагаан” компани сувиллын үйл ажиллагаа явуулж байсан зэрэг олон зөрчил илэрчээ. Үүнээс хамгийн хачирхалтай нь ХанУул дүүргийн I хороонд байрлах “Амин хүч” өрхийн эмнэлэг, харьяа байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атал дур мэдэн иргэдэд үйлчилж байсан явдал юм. Энэхүү мэдээллийн дагуу бага үдийн орчим тус эмнэлгийг зорилоо. Албаны хүнтэй уулзах гэсэн боловч ахлах эмч М.Бүүвэй байсангүй. Эмнэлгийн аргазүйчийн хэлж буйгаар уг эмнэлэгт хоёр эмч, гурван сувилагч ажилладаг гэнэ. Хамгийн удаан ажилласан эмч нь гэхэд жил хүрэхгүй хугацаанд тус эмнэлэгт ажиллажээ. Уг эмнэлгийг мэргэжлийн боловсон хүчин дутмаг, эрүүл ахуйн горим зөрчигдсөн гэх үндэслэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн хяналтын байцаагч үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн ч одоог хүртэл ажилласаар байгаа аж. Тус эмнэлгийн аргазүйч цааш ярихдаа “Өнгөрсөн баасан гаригт МХЕГ-аас байцаагч ирсэн. Дахиад л ажиллаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч ажиллаад л байна. Би нарийн учрыг нь мэдэхгүй юм. Дарга л мэднэ” гэв.
    Эмч нараас нь энэ асуудлаар тодруулах гэсэн ч завгүй байв. Даваа гариг учраас ачаалал ихтэй, голдуу өндөр настнууд болон залуу хосууд хүүхдээ үзүүлэх гэж дугаарласан байгаа харагдсан. Тус эмнэлгийн удирдлагууд эмч, сувилагчдаа сар ч ажиллуулалгүй халж, сольж байдагт иргэд бухимдаж, өргөдөл хүртэл гаргажээ. Үүнээс гадна тус эмнэлэгт I хорооноос гадна XV хорооны иргэд ч давхар харьяалагддаг аж. Гэтэл хоёр хорооны иргэд байтугай хорин хүн багтахгүй давчуу талбайд ажиллаж байх юм. Ийм нөхцөлд эмчлүүлж чадахгүй гэж иргэд гүрийсний эцэст Төв цэнгэлдэхийн ойролцоо шинэ өрхийн эмнэлэг бариулжээ. Нэгэнт шинэ нь баригдчихсан юм чинь хууль бусаар ажиллаж буй хуучин эмнэлгээ хаахыг МХЕГ-аас удаа дараа сануулсан ч эмнэлгийн дарга М.Бүүвэй үл тоосоор байгаа аж. Ийн дураараа дургиж буй өрхийн эмнэлэгт ямар арга хэмжээ авсан талаар МХЕГ-ын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос тодруулахад “Амин хүч” өрхийн эмнэлгийн талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгахад өрхийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Түүнчлэн хамгийн удаан ажилласан эмч нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажилд орсон байх жишээтэй. Өвчтөнүүдэд шаардлагатай эм тарианы хангамж муу. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх мэт олон зөрчил илэрсэн. Харьяа дүүргийнх нь мэргэжлийн хяналтаас ч ажиллаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Гэтэл бидний шалгалтаар тус эмнэлэг хэвийн ажиллаж байсан нь тогтоогдсон. Манай байцаагчид өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Харин тус эмнэлгийн дарга М.Бүүвэй эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн манай байгуулагыг Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн. Ийм л нөхцөл байдал үүсээд байна” гэв.
   Эмнэлгийн дарга юунд ингэтлээ гүрийнэ вэ. Ажиллаж болохгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарчихсан байхад өвчтөн хүлээж аваад л байдаг. Иргэдээ гэсэн чин сэтгэлийн илрэл үү эсвэл ард нь өөр эрх ашиг нуугдаж байна уу. М.Бүүвэйг залуучуудад халаагаа өгч, өрхийн эмнэлгийг шинэчлэх хэрэгтэй гэдгийг уулзсан хүн бүр хэлж байсан. Эмнэлгийн ажилтнууд нь сар ч хүрэхгүй солигдоод байхад нөгөө л эмнэлгийн дарга нь хэвээр байдаг нь хэнд гэсэн хардлага төрүүлдэг биз.
   Өөрөө албан тушаалтайгаа үлдэхийг хүсэх хэрнээ өрөөлийг болохоор алга урвуулахын адил халж, солиод байдаг. Ийм дураараа эмнэлэгт хэн хяналт тавих ёстой вэ. Өрхийн эмнэлэг гэдэг хэн нэгний хувийн эд хогшил биш байлтай. Хэрвээ тусгай зөвшөөрөл аваагүй л бол эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа хууль зөрчиж байна гэсэн үг. Уг нь МХЕГ-аас тухайн байгууллагуудыг өөртөө дотоод хяналт тавихыг шаарддаг. Гэтэл даргаас өөр эрх мэдэлтэн байхгүй “Амин хүч” өрхийн эмнэлэгтэй адил газарт юун дотоод хяналт тавих манатай. Ажлаасаа халагдчихгүй шиг байвал аз. Энэ бол захын нэг эмнэлгийн хууль бус үйлдлийн тод жишээ. Гэтэл үүний цаана хэчнээн эмнэлэг амин хувийн ашиг хонжоогоо бодож иргэдийг хохироож байгааг таашгүй.

 Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)