Ч.Уртнасан: Улаанбурхан өвчин 2015 онд устана

Улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнөж буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.
Улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнөж буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Уг вакциныг 3-14 насны бүх хүүхэд хийлгэх ёстой юу?

-Тиймээ. Манай төв улаанбурхан өвчнийг таслан зогсоож, улаанууд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хүн амын дархлааны төвшнийг 95 хувьд хүргэх зорилгоор 3-14 насны бүх хүүхдийг “Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье” уриан дор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг (УУ) вакцинаар нэмэлт дархлаажуулах кампанит ажлыг энэ сарын 8-18 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсын ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсэд хамаарах бөгөөд энэ бүс нутагт 2015 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрэн устгах зорилго тавин ажиллаж байгаа.

-Ямар тохиолдолд улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийхгүй вэ?

-Вакцин хийлгэж болохгүй эсрэг заалт байдаг. Жишээлбэл, тухайн вакциныг тарих үед өндөр халуурсан, халдварт өвчтэй байгаа эсвэл тухайн вакцины найрлагад орсон бэлдмэлүүдэд харшилтай хүүхдүүдэд вакцин тарихгүй байх ёстой. Эмч хүүхдийн биеийг үзээд эдгээр шинж тэмдэг илэрвэл вакцин хийхээс түр татгалзах бөгөөд дараа нь нөхөн хийх юм. Энэ удаагийн дархлаажуулалтад Хүний хөхөнцөр вирусын эсрэг гардасил вакцин тариулсан Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон Баянгол, Багануур дүүргийн 11-14 насны охидод улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин тарихгүй.

-Эдгээр өвчний гаралт манай улсад ямар байна?

-Сүүлийн гурван жилд манай улсад улаанбурхан өвчин бүртгэгдээгүй. Харин ижил вакцин тарьдаг БНХАУ, ОХУ-д уг өвчин бүртгэгдсээр байна. Тиймээс манай улс одоо байгаа нөхцөл байдлаа бататгахын тулд энэ вакциныг хийж байгаа юм. Вакцинжуулалтын хөрөнгийн тал хувийг ДЭМБ, үлдсэн хувийг Засгийн газар гаргаж байгаа юм.

-Улаанууд гэж ямар өвчин бэ?

-Салхинцэцэг, улаанбурхан, гахайн хавдар зэрэг өвчинтэй адил бага насны хүүхдүүдэд амьсгалын замаар халддаг тууралтат халдварт өвчин юм. Бага насны хүүхэд уг өвчнийг тусахад онц ноцтой аюул байхгүй боловч жирэмсэн эх өвчлөхөд урагт нөлөөлөх аюултай. Урагт хэрхэн нөлөөлөх вэ гэхээр нярай хүүхдийн хараа, сонсголын гажигтай төрөх магадлал өндөр байдаг.

-Вакциныг хаана хийлгэх вэ?

-Улсын хэмжээнд нийт 580 мянган хүүхэд хамрагдана. Вакциныг сумын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв болон сургуулийн дархлаажуулалтын түр цэгүүдээр хийнэ. Иргэд, эцэг эхчүүд, хүүхдийн байгууллагын удирдлагууд энэхүү дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж, товлосон хугацаанд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг уриалж байна.

Г.НЯМСҮРЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Park.Jiyeon (112.72.13.119)

    2015-04-15

    Аягаад манай Монгол улсад улаанбурхан өвчин гарсан юм бэ? Манай улсын хүүхдүүдэд чихэр жимс багаар нь өгөөрэй тэхгүй бол улаанбурхан өвчин одоогийн БНХАУ саас орж ирж байгаа жимс чихэрээр дамжиж өгөхгүй байхыг анхааруулж байна

  • аминэрдэнэ (103.10.23.55)

    2015-04-09

    сайн байна уу манай охин 9сартай,2настайгийн вакциндаа мхамрагдсан одоо ахиад хийлгэх ёстой гэсэн үгүү одоо 3 настай