Сүлд баавгай

Сүлд баавгайнууд нь маш ганцаардмал амьдралтай бөгөөд энэхүү залуу эрэгчин гав ганцаараа халхавчаас гарч задгай талбай луу загасчлахаар олон дахин аялах аж.
Паул Никлэн

Сүлд баавгайнууд нь маш ганцаардмал амьдралтай бөгөөд энэхүү залуу эрэгчин гав ганцаараа халхавчаас гарч задгай талбай луу загасчлахаар олон дахин аялах аж.

Нийтлэлийг: Брюс Баркот
Гэрэл зургийг: Пол Никлэн
National Geographic сэтгүүл, 2012 оны 8 сар


    Британийн Колумбын бороо шивэрсэн намрын өглөө нэгэн том зүйл эргийн хөвөө лүү гэтэсхийн ирлээ. Хар баавгай өглөөний ундаа зооглохоор иржээ. Загас түрсээ шахдаг үе ирсэн тул Гриббэлийн Арлын гол горхи загасаар дүүрэн. Энэ арал бол дэлхий дээрх хамгийн том далайн эргийн дулаан чийглэг ойн нэг болох Канадын Том Баавгай Ойн багахан хэсэг нь юм. Гэтэж буй баавгай агаарт ямар нэгэн юм шиншлэх мэт хэсэг зогсов. Яргай загас далайн давалгаа цохилох ургамалд орооцолдон хэвтэх аж. Баавгайны хар үс нь хар өнгөтэй чулуу, бараандуу моднуудад уусч, газрын дагуу сүүдэр шиг хөдлөнө.
Марвин Робинсон баавгайг харсан хэдий ч төдий л сонирхсонгүй бололтой, эргэн харав. “Урсгал өөд явбал бидэнд илүү аз дайрах байх” гэж тэрээр хэллээ. Робинсон 43 настай эндхийн хөтөч бөгөөд уугуул гитгаат индианчуудаас гаралтай нэгэн. Хар баавгай бол түүний хайж байгаа баавгай биш байлаа. Тэрээр илүү хүндлэгдсэн, ховор амьтны араас явж байгаа бөгөөд түүнийг гитгаатчууд тооксгм’ол гэж нэрлэнэ. Энэ бол сүлд баавгай буюу цагаан өнгөтэй хар баавгай билээ. Альбинос биш, туйлийн цагаан баавгай ч биш энэ сүлд баавгай нь (Кэрмоуд баавгай ч гэж нэрлэдэг) Хойд Америкийн хар баавгайны цагаан хувилбар нь бөгөөд зөвхөн Том Баавгайн Ойд л нутагшдаг аж. 40000 километр хавтгай дөрвөлжин талбайг эзлэх энэ бүс нутаг нь Швейцарь улсаас нэг аравны тав дахин том бөгөөд Канадын баруун эргээс доош 265 километрийн зайд орших ба манан бүрхсэн хавцал, өтгөн ой бүхий арлууд, цаст оргил бүхий уулсаас бүрдэж аж. Саарал баавгай, хар баавгай, чоно, нохой зээх, бөгтөр халим, хар цагаан халим нутагласан энэ газар эртнээс гитгаат зэрэг уугуул индианчуудын омгууд оршин суусаар иржээ. Эндхийн газар жихүүдэс төрүүлэм, онгон зэрлэг агаад нууцлаг.
 
Роббинсон нигүрс модны мөчирт торон үлдсэн туг цагаан үсийг олж харлаа. “Тэд гарцаагүй энэ хавиар байна” гэж тэр хэлээд мэрсэн модны холтсыг хуруугаараа заав. “Сүлд баавгай модны дэргэд босч зогсоод моддын холтсыг мэрж газар нутгаа заан тэмдэг тавьдаг. Энэ нутаг эзэнтэй, энэ гол загасчинтай болохыг бусад баавгайнуудад мэдүүлж буй хэрэг” гэлээ.
 
Нэг цаг өнгөрлөө. Робинсон бид хоёр хаг өвсөнд хучуулсан бул чулууны орой дээр тэвчээртэйгээр хүлээнэ. Гэнэт тэрээр бут хөдөлж буйг олж харлаа. “Нөгөөдөх чинь тэнд байна” гэж хэлэв. Цагаан баавгай модноос гарч ирэн горхины эргийн чулуу руу очлоо. Яг цав цагаан ч биш юм. Түүний өнгө цэвэрлэгээ шаардлагатай шаргал өнгөтэй хивс шиг аж. Баавгай толгойгоо тал тал тийш эргүүлэн, яргай загас хайн эргүүлгийг анхааралтай ажина. Загас руу дайрахаас нь өмнө гэнэт нэгэн хар баавгай ойгоос гарч ирэн, цагаан баавгайг сууж байгаа газраас хөөн зайлуулав. Цагаан баавгайн “гүйн” холдов. Баавгайн “гүйлт” ирж буй өвөлдөө зориулан эцсийн илчлэгээ хадгалахыг оролдож буй мэт, удаан хөдөлгөөнд оруулсан бичлэг шиг харагдана. Цагаан баавгай баацагнасаар шигүү ой руу орж алга боллоо. Робинсон энэ бүхнийг ажиглаж байв.
 
Тэрээр бүхий л амьдралаа сүлд баавгайнуудын дунд өнгөрүүлжээ. Гэсэн хэдий ч энэ гайхалтай амьтантай учрах тоолондоо амьсгал даран алмайран хардаг. “Цагаан баавгай маш хүлцэнгүй. Заримдаа тэднийг харахаар зүрх өвддөг юм. Тэднийг хамгаалмаар санагддаг. Би нэг удаа хөгшин цагаан баавгай луу залуухан хар баавгай дайрч байхыг харсан. Би үсэрч очоод хар баавгай руу халуун чинжүүний уусмалаа цацмаар болж байлаа. Тэгтэл цагаан баавгай босч, түүнийг түлхэн унагаасан” гэж Робинсон ярилаа. Баавгайны тулаанд үсрэн орох гэж байсан нь гоомой явдал гэдийг бататгах гэсэн мэт тэрээр инээмсэглэлээ. Гэвч түүний нүдэнд үүнийг хийхээс буцахгүй байсан байж болох шинж тэмдэг илэрнэ. Робинсон л ганцаараа ийм зантай биш юм. Түүнтэй төстэй өөрийгөө хамгаалах зөн совинтой хүн ба амьтад Том Баавгайн Ойд олон бий. Энэ бол сүлд баавгайг амьд үлдээсэн хүчин зүйлсийн нэг юм.
 
“Манай нутгийнхан хэзээ ч цагаан баавгайг агнаж байгаагүй” гэж Хэлэн Клифтон гал тогооны өрөөндөө ярилцан суухдаа хэлэв. Дуу чанга, зүрх зориг ихтэй, 86 настай Клифтон бол Британийн Колумбийн баруун хойд зүгийн далайн эргийн Сумшиан хүмүүсийг бүрдүүлдэг 14 омгийн нэг болох гитгаатын омгийн ахлагч билээ. Баавгайн махыг хүнсэнд бараг л хэргэлдэггүй байсан гэж тэрээр хэлэв. Гэвч 18–р зууны сүүлээр европын худалдаачид Британийн Колумбид арьсны наймаа дэлгэрүүлж. Нутгийн уугуул анчид баавгайга ихээр агнах болсон. Гэвч хэзээ ч сүлд баавгайг агнаж байгаагүй. Тэр үед хүртэл цагаан баавгай агнахыг хориглодог байсан бөгөөд энэхүү уламжлал олон үеийг дамжин өнөөг хүрсэн байна. “Бид сүлд баавгайн тухай чанга ярихыг ч цээрлэдэг” хэмээн Клифтон өгүүлэв.
Энэ уламжлал нь байгалаа хамгаалахад маш их хэрэгтэй байсан бололтой. Цагаан баавгайны талаар ярихгүй байж, тэднийг хамгаалдаг байжээ. Тиймээс ч сүлд баавгайн тухай арьсны наймаачдын чихэнд хүргээгүй аж.
Өнөөдөр ч гитгаатууд болон китасу-ксайксиас нар баавгайнуудыг хамгаалалтандаа байлгасаар байна. “Манай нутагт сүлд баавгай агнахаар ирэх нь тийм ч сайхан санаа биш. Юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Манай омгийнхон сүлд баавгай агначид руу галт зэвсэг шагайж ч болзошгүй” гэж Робинсон хэллээ.
 
Хэдэн арван жилийн туршид хулгайн анчид, нэр хүнд олж авахыг улайрагчид төдийгүй мод боловсруулах үйлдвэр зэрэг нь Том Баавгай дахь саарал баавгайнуудыг үргэхэд хүргэж байжээ. Үйлвэрүүд хаагдаж байгаль сэргэснээр баавгайнууд эргэн ирэх болсон. “Намайг энд ажиллаж эхлэх эхний жилүүдэд саарал баавгайг олж харах нь үнэхээр азтай тохиол байлаа” гэж Дуг Стюарт өгүүлэв.
Энэ бүс нутгийн загас агнуурын байцаагч Стюарт загас үржлийг 35 жилийн туршид ажигласаар иржээ. “Харин одоо байдал өөрчлөгдөж тэднийг хаа сайгүй харах боломжтой. Би өглөө бүр тав хүртлэх саарал баавгайтай тааралддаг” гэлээ.
Саарал баавгайн тоо толгой ихсэж байгаа нь шинжээчдийн санааг зовоох болжээ. Тэд хар болон сүлд баавгайг загас барьдаг байршлаас хяхаж зайлуулж болзошгүй. “Саарал баавгайн байгаа газар хар юм уу цагаан баавгайг олж харахгүй. Тэд саарал баавгайнаас зайлсхийдэг” хэмээн китасу-ксайксиас омгийн индиан хөтөч Дуг Нислос хэллээ.
 
Энэ нь сонирхол татам таамаг дэвшүүлэх хөрсийг бий болгодог. Магадгүй саарал баавгай Кэрмодын генийг Британийн Гүнж болон Гриббэлийн арал дээр төвлөрөх боломжийг бүрдүүлсэн байж болох талтай. “Саарал болон хар баавгайнууд эдгээр жижиг арлуудыг эс тооцвол хаа сайгүй эв найртай хамтдаа оршдог” гэж Викториагийн Их Сургуулийн биологич Томас Рэймчэн хэллээ. “Эдгээр жижиг арлууд дээр саарал баавгайнуудыг нутагшихад хангалттай амьдрах газар байдаггүй. Тэдэнд ургамал өндөр уудам голын адаг, уул нурууны дэд бүсийн газар нутаг, аварга том бүс нутаг шаардлагатай байдаг ба эдгээр арлуудад ийм нутаг байхгүй билээ”.
 
ЭРДЭМТЭД хар баавгай ХЭРХЭН цагаан үстэй болон төрж буйг таамаглаж буй. Тэд яагаад гэдэгт л эргэлзэж байна.
 
Кэрмодизм гэж нэрлэгддэг энэхүү сонин үзэгдэл нь MC1R удамшлын генийн мутациас үүсэлтэй бөгөөд энэхүү ген нь улаан үстэй, цагаан арьстай хүмүүст ижил байдлаар нөлөөлдөг юм. Цагаан үстэй төрөхийн тулд баавгай эцэг, эхийн аль алинаас мутацийг уламжлан авах шаардлагатай. Эцэг, эх нь цагаан байх шаардлагагүй. Тэд зөвхөн удамшлын мутацийг тээхэд хангалттай. Тиймээс хар баавгайнууд дундаас цагаан баавгай төрөх нь ховор зүйл биш билээ. Британийн Колумбийн эх газрын далай эргээр 40 – 100 хар баавгай тутамд ганцхан цагаан баавгай төрдөг боловч энэхүү шинж тэмдэг Том Баавгайн Ойн тодорхой хэдэн арлууд дээр онцгой тод байдаг.
Британийн Гүнжийн Арал дээр арван хар баавгайны нэг нь цагаан байдаг. Гриббэлийн Арал буюу Британийн Гүнжийн Арлын чанх хойд талын арал дээр гурван хар баавгай тутмын нэг нь цагаан байдаг юм. Валхалла Зэрлэг Байгалийн Нийгэмлэгийн биологич Вэйни Мак Крори Гриббэлийг “цагаан баавгайнуудын эх арал” гэж нэрлэсэн.
 
Энэхүү удамшил хэрхэн бий болсон нь тодорхойгүй байдаг. Нэгэн онол бол “мөстлөгийн баавгай” хэмээх таамаглал бөгөөд энэ нь Кермодизмийг 11000 жилийн өмнө болж дууссан хамгийн сүүлийн асар том мөстлөгийн ул мөр гэж үздэг. Тэр үед одоогийн Британийн Колумбийн дийлэнх хэсэг нь мөсөнд дарагдсан байсан бөгөөд цагаан үс нь өнгөлөн далдлалт болдог байсан байж болох юм. Гэвч мөстлөгийн баавгайн тухай онол нэгэн асуудлыг дэвшүүлдэг. Мөстлөг дууссан дараа яагаад цагаан үсний удамшил багасахад хүрсэн бэ?
Энэ талаар илүү ихийг мэдэхийн тулд Дуг Нислос бид хоёр Британийн Гүнжийн Арал руу баавгайнуудыг ажиглахаар явсан. “Сайн уу, баавгай” гэж Нислос завьнаас голын эрэг рүү үсрэх зуураа хэллээ. Хэдийгээр ямар ч амьтан харагдахгүй байгаа хэдий ч тэрээр Баавгай гэдэг нэртэй найзтайгаа мэндлэх мэт. “Бид түүнийг гэнэтийн зочлолтоороо үргээхийг хүсэхгүй байгаа биз дээ?” хэмээн гэнэт 28 настай китасу-ксайксиас хөтөч маань хэлэв. Түүний ташаан дээрх гар бууны гэрэнд саарал баавгайг саатуулах хүчтэй чинжүүний цацлага байсан.
Хясаа, жижиг чулуунуудын дундуур их чимээ гаргасаар Нислос чийглэг ойн хөшгийг ярлаа. Унжсан хаалтан дор бүх зүйл зөөлөн, чимээгүй болох аж. Хортой ургамал, хуш, улаан модны мөчирнүүдээс хаг бууна. Түүний резинэн гутал тэнгэрээс хагд өвсөн цас орсон мэт харагдах нов ногоон, хөвсөлзөх зөөлөн газарт ямар ч мөр үл үлдээх аж. Нислос хортой модны дор тэмдэглэгээ хийж, тасралтгүй орох борооноос хамгаалан юүдэнгээ өмслөө. Тэрээр саяхан энэ хавьд цагаан баавгай харсан гэх боловч дахин тааралдах баталгаа үгүй. Гурван цаг өнгөрөх үеп тэрээр голын нөгөө эрэг рүү заалаа. Бидэнд аз дайрчээ. Нэгэн цагаан баавгай голын эргийн дагуу уруудахыг олж харав. Энэ баавгай өөрийнхөө хэмжээнээс хоёр размераар том өмсгөл өмссөн мэт харагдана. Тэрээр жижигхэн горхи луу өлийн харж байснаа, гэнэт хоёр савраараа зэрэг дайрах мэт хөдөлгөөн хийж ус цалгилуулан, метр орчим урттай яргай загас уснаас гаргаж ирлээ.
 
Саяхан судлаачид сүлд баавгайны цагаан өнгө нь загасчилахад нь давуу тал болдог болохыг баталжээ. Хэдийгээр цагаан болон хар баавгайнууд нь харанхуй болсны дараа ижил хэмжээний загас барьдаг бол өдрийн цагаар энэ хэмжээ өөр байдгийг Викториагийн Их Сургуулийн эрдэмтэд болох Рэймчэн болон Дан Клинка нар ажиглажээ. Цагаан баавгайнууд гурван оролдлого тутмын нэгэнд яргай загас барьдаг бол хар баавгайнуудын амжилт 25 хувьтай байдаг байна. “Усан дороос цагаан өнгө айж сүрдмээр харагдаггүй бололтой” гэж Рэймчэн таамаглаж байна. Энэ нь магадгүй цагаан үсний удамшил яагаад өнөөдрийг хүртэл цэцэглэн дэлгэрсээр байгааг нэг талаас нь тайлбарлах юм. Хэрэв яргай загаснууд далайн эргийн баавгайнуудын өөх тос, уургийн үндсэн эх үүсвэр болдог бол ан ав сайн хийдэг эмэгчин баавгай өвөлдөө зориулан илүү их өөх хуримтлуулах бөгөөд энэ нь түүний төрүүлж чадах бамбаруушнуудын тоог нэмэгдүүлэх боломжтой.
 
Британийн Гүнжийн Арал дээр бороо тасралтгүй шивэрсээр л... Нислос бид хоёр сүлд баавгай хэрхэн яргай загасаа зооглохыг ажиглан зогсоно. Олз омог арвин үед баавгай нар хоолоо ихэд голж шилнэ. Зарим нь зөвхөн загасны толгой иднэ. Харин зарим зөвхөн түрс зооглоно. Зарим нэг бүүр ховдгорхоно. “Би нэг удаа сүлд баавгайг нэг удаад 80 яргай загасидэж байхыг харж байсан” гэж Нислос хэлэв. Сүлд баавгай ганцаараа хооллохыг эрхэмлэдэг. Тэд яргай загасыг шүдэндээ зууж бусдад үл харагдах нуугдмал газарт очихоор өөд тийш гүйх аж. Хорин минутын дараа буцаж ирээд дахин загас бариад ой руу аваад орно. Энэ үйл явдал гэгээ тасрах хүртэл хэдэн цагийн туршид үргэлжлэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)