В.Баярмаа: Бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл нь шилжилтийн үедээ илэрч гардаг

Хүүхдийн сэтгэл гутрал гэж юу вэ. Үүнээс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах вэ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн багийн их эмч, Анагаах ухааны докторант В.Баярмаатай ярилцлаа.


    Хүүхдийн сэтгэл гутрал гэж юу вэ. Үүнээс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах вэ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн багийн их эмч, Анагаах ухааны докторант В.Баярмаатай ярилцлаа.

-Сүүлийн үед өсвөр насныхан сэтгэл зүйн гутралд ихээр орох боллоо гэх юм. Үүнд эн тэргүүнд нийгэм, гэр бүл нөлөөлдөг гэдэг. Харин мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Өсвөр буюу 13-19 насны хүүхдүүд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Энэ байдал нь улам гүнзгийрснээс болж амиа хорлох, түр зуур ч болов тайвшрах гэсэндээ элдэв химийн бодис, гааз үнэртэх зэргээр илэрч байна. Сэтгэл гутралын үед хүүхэд сэтгэл санаагаар унана, ямар нэг юманд идэвх сонирхолгүй болно. Хэл яриа, үйлдэл хөдөлгөөн нь удааширч, ерөнхийдөө бусад хүнтэй харилцахад идэвх сонирхол нь буурах шинж илэрдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд гэр бүлийн байнгын хэрүүл маргаан, найз нөхдийн дарамт шахалт, өсвөр насныхны дунд түгээмэл тохиолддог үерхэл, нөхөрлөлийн асуудлаас сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Энэ тохиолдолд заавал сэтгэлзүйч болон сэтгэцийн эмчид хандах шаардлагатай. Харин эцэг эхчүүд ханддаггүй, сэтгэл заслын эмчилгээг хийлгэдэггүйгээс хожим гарах хор уршиг нь их байдаг. Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд манайд их ирж байгаа. Энэ бол хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Энэ нь тухайн гэр бүлийн хүмүүсийн нэр хүндийн асуудлыг их хөнддөг учир төдийлөн ил гаргахыг хүсдэггүй нууцапдгаас хохирогч нь хүүхэд болж үлддэг.

-Хүнийг чухам хэдэн насандаа сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшсөн гэж үздэг вэ. Мөн хүүхдийн нас, насны онцлог юу байдаг вэ. Манай улс энэ тал дээр судалгаа хийсэн зүйл байдаг уу?

-Монгол Улсын хуульд зааснаар бол 0-18 насыг хүүхэд, өсвөр нас гэж үздэг. Харин бид 0-12 насыг хүүхэд, 13- 19 насыг өсвөр нас гэж хоёр үе шатанд хуваадаг. Мөн сэтгэлзүйн хувьд төлөвших үеийг 25 нас хүртэл үргэлжилдэг гэж үздэг. Хүүхдийн нас бүрт онцлог байдаг. Тухайлбал, 18 сараас гурван насныхныг хошногоны үе гэж нэрлэдэг. Энэхүү үедээ хүүхэд баах, шээх үйлдлийг хийснээрээ сэтгэл нь тайвширна. Хэрвээ тухайн хүссэн үед нь баалгахгүй байх, тэр үйлдлийг нь хорьсон тохиолдолд хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл үүсч байна гэж үздэг. Мөн-3-6 нас буюу бэлэг эрхтэний үе гэж бий. Энэ үеийг Эдипийн үе ч гэж нэрлэдэг. Эдипийн үед тухайн хүүхэд эсрэг хүйснийхээ хүнд илүү ойр дотно байснаараа сэтгэл нь тайвширна. Өөрөөр хэлбэл охид аавтайгаа, хөвгүүд ээжтэйгээ илүү дотно байдаг. Магадгүй энэ үед нь аав, ээжийнх нь аль нэг салаад явчихсан, нас барсан зэрэг шалтгааны улмаас байхгүй бол тэр хүүхдийн аав, ээжтэйгээ дотносох боломж нь хязгаарлагдаж, хэрэгцээг нь хангаагүйгээс сэтгэл зүйн гэмтэл үүснэ. Харин 6-12 нас бол харьцангуй нууц үе. Ийм үед онцгой гойд өөрчлөлт анзаарагддаггүй. Цаашлаад 13-18 насыг бэлгийн бойжлын үе гэх бөгөөд сэтгэл зүй болон бие махбодийн хувьд ихээхэн өөрчлөлт гардаг. Ер нь хэдийчинээ бага балчир насандаа сэтгэл зүйн гэмтэл авна төдийчинээ шилжилтийн насанд нь тод илрэн гарч ирдэг.

-Сэтгэл заслын эмчилгээ хийлгэснээр хэдий хугацаанд засрал авах вэ. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдээ гутралд ороод явааг нь анзаардаггүй. Амиа хорлох юм уу ноцтой үйлдэл гаргасан хойно л ойлгодог гэсэн үг үү?

-Сэтгэл заслын эмчилгээг зайлшгүй хиилгэх шаардлагатай. Уг нь амиа хорлох оролдлого хийсэн юм уу, аливаа эрсдэлтэй зүйлийг туршаад үзье гэсэн сэтгэхүйтэй болсон хүүхдэд яаралтай тусламж үзүүлсний дараа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж хүүхэд нь юуны улмаас ийм байдалд хүрэв гэдгийг мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч эмчлүүлэх шаардлагатай. Тэгээгүйгээс хүүхэд гэрээсээ, хамт олноосоо, найз нөхдөөсөө зайлж дайжиж, зугтаадаг. Эцэст нь гадуур тэнэх донтой болдог муу талтай. Үүнээс урьтаж манай төвд эрт хандах шаардлагатай юм. Сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан хүүхэд төдий хугацаанд эдгэрнэ, эрүүл саруулаар асуудалд ханддаг болно гэдгийг хэлэхэд хэцүү. Тухайн хүүхдийн сэтгэлзүй хэдий хэр гэмтсэнээс л шалтгаална.

-Хүүхэд өсвөр насандаа л сэтгэл зүй нь тогтоогүйгээс бусдыг даган дууриах, элдэв зүйлд автахдаа амархан байдаг. Хүүхдүүд компьютерт донтох нь элбэгшлээ. Ийм донтой хүүхэд танайд хэр их ханддаг вэ?

-Мэдээллийн эрин зуунд интернэт, компьютертэй холбоотой гарч ирж буй донгийн нэг хэлбэр энэ юм. Энэ нь тэнэх донтой адил юм. Мөн л сэтгэл зүйн шалтгаантай. Өөрөөр хэлбэл, хүүхэд РС тоглоомын газар руу үргэлж яваад байна гэдэг нь сэтгэлээ тайвшруулах гэсэн арга. Насанд хүрсэн хүмүүс архинд донтдогтой адил гэсэн үг. Хүүхдүүдэд бий болсон сэтгэл зүйн гэмтэл нь зан үйл нь өөрчлөгдөх шинжээр илэрч байгаа нь энэ. Ийм хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зан үйлийг нь засах сэтгэл засал эмчилгээ хийлгэнэ.

-Манайхан хөдөлгөөнтэй хүүхдийг дүрсгүй гэдэг. Үүнийг зарим нь эмгэг гэх юм. Үүнийг хэрхэн ялгаж, салгаж ойлгох вэ?

-Хүүхэд дүрсгүйтээд байна гэдэг нь хэт хөдөлгөөнтөх эмгэг байж болно. Эсвэл хүүхэд сэтгэл зүйн гэмтлийн улмаас сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, сахилгагүйтэх байдлаар илэрч бас болно. Иймд хүүхэд ямар шалтгааны улмаас сахилгагүйтээд байгааг оношлуулах шаардлагатай. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ сайн анхаарч, анзаарч байх ёстой. Хүүхэд тоглож байхдаа хүртэл тоглоом, найз нөхдөдөө ямар байдлаар хандаж байгааг сайн анзаарах шаардлагатай юм. Найз нөхдөдөө өширхөж, хонзогнож байна уу гээд ажиглах зүйл олон бий.

-Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхгүй, өвчлүүлэхгүйн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Хүүхэд заавал аав, ээжтэйгээ хамт байх ёстой. Гэр бүл салахгүйн тулд ханиа зөв сонгох, гэр бүлээ зөв төлөвлөх, гэр бүлийн талаархи боловсролыг эрт олгох явдал гэж боддог. Мөн хүүхдийг ердийн хүмүүжлээр хүмүүжүүлэх юм. Хэт эрх танхи өсгөх, эсвэл хэт ад шоо үзэх, хараа хяналтгүй байх, дутуу асрамжлах зэрэг нь хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл үүсгэдэг. Аль болохоор хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж сайн сонсдог байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (45.117.32.6)

    2016-07-06

    Энэ хүний утасны дугаарыг мэдэх хүн байна уу? Зөвөлгөө авах гэсэн юмаа

  • enhuush (202.131.226.243)

    2012-10-18

    shn medee bn huuhdee zov humuujuuleh talaar medegdehuuntei bolmoor bn ene telaar bas medeelel taviach