Д.Гончигсүрэн: Ирэх онд 24 тэрбум төгрөгийн техник төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ

Эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэлийн талаар Оношлогоо эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэнгээс тодрууллаа.

Эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэлийн талаар Оношлогоо эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэнгээс тодрууллаа.

-Одоогоор шинэчлэх шаардлагатай байгаа тоног төхөөрөмж юу байна вэ. 2013 онд хэрхэн яаж шинэчлэх вэ?


-Ирэх дөрвөн жилд оношлогоо эмчилгээний технологийн үнэлгээ хийж хүрээгээ тогтоогоод тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэх гэж байгаа. Шинээр оношлогоо эмчилгээний хэлтэс гэж байгуулсан. Хамгийн түрүүнд аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн оношлогооны чадамжуудыг сайжруулах судалгаа өргөн хэмжээгээр хийгдэж байна. Үүнийг 21 аймагт байгаа үндсэн бүс оношлогоо болон лабораторийн шинэчлэлүүдийг хийнэ. Үүнтэй холбоотой судалгаанд 21 аймгийн өвчлөл ямар байна, хорт хавдар гэхэд аль нь давамгай байна гэх мэтээр оношлогоо болон лабораторийн тоног төхөөрөмжийн нэр төрөл гарч ирнэ. Ер нь нийслэл, аймгуудад технологийн шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Технологийн хэлтэс гэж шинээр гаргасан. Өмнө нь шууд л хаана ямар техник хэрэгтэй байна шууд олгодог байсан. Харин одоо судалгаа шинжилгээ хийж, яг ямар төрлийн техник илүү хэрэгцээтэй байна вэ гэдгийг судалж байж хэрэгтэй газар нь техникийн хэрэгсэл олгоно гэсэн үг. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байхгүй том оношлогооний багаж тавьчихаж байгаа юм. Гэтэл түүнд ажиллах боловсон хүчин байхгүйд асуудал гарч байгаа. Хэрвээ түүнийг эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр байрлуулбал өдөрт 100 хүн үзнэ. Тухайлбал, говийн аймгуудаар амьсгалын замын өвчин ихтэй байдаг. Тэнд уушгины эмч, сайн аппарат хэрэгтэй. Ийм зохицуулалтыг хийхээр шинэ хэлтэс гаргасан.

-Манай улсад жил бүр олон улсын санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмж орж ирдэг. Дэлхийн бусад орнуудтай харьцуулбал тоног төхөөрөмж, шинжилгээ хийдэг аппаратаараа ямар төвшинд явж байгаа бол?

-Манай улсын эдийн засаг сүүлийн таван жил сэргэж байна. Өмнө нь үнэхээр санхүүжилт байхгүй байсан. Харин одоо яг хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангаж эхэлж байна. Түүнээс өмнө олон улсын санхүүжилт, тусламжаар л төхөөрөмж авдаг байлаа. Бусад улс орны төвшинтэй харьцуулахад дажгүй боломжийн болсон. Гэхдээ ойрын хугацаанд маш түргэн сайжирна гэж бодож байгаа.

-Зүү тариур, тоног төхөөрөмжнөөс халдвар тархах, түүнээс болж өвчин үүсэх шалтгаан бий болдог. Энэ байдал бүрэн арилах боломжтой юу?

-Дээр үед буцалгадаг шприз ашигладаг байсан түүнээс болж манай ард түмэн маш их гамшигт өртсөн. 45-аас дээш насны бүх хүн В вирусын халдвартай байдаг. Харин зөвхөн нэг удаагийн шприз хэрэглэдэг болсноос хойш энэ байдал намжсан. 1990 оноос хойш төрсөн залуучууд элэгний вирусээр өвчлөх нь эрс багассан.

-Ирэх жил тоног төхөөрөмж шинэчлэх тал дээр хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Ерөнхий сайд манай яам дээр ирж бидэнд үүрэг даалгавар өгсөн. Тэр нь 21 аймагт тавих оношлогооны төвийн төсвийг гаргах, ямар аппарат шаардлагатай байгааг тооцоолох үүрэг даалгавар өгсөн. Тэр судалгаа хийгдэж байна. Жил бүрийн төсөв гардаг. Ирэх онд гэхэд эрүүл мэндийн яаманд 24 тэрбум орчим төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэхээр тусгагдсан.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)