Шүлхийн эсрэг тоноглосон 22 машин өгчээ

Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх,
Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, мал эмнэлгийн албыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газраас 375,0 сая рублийн өртөг бүхий буцалтгүй туслалцаа үзүүлэхээр 2010 оны сүүлчээр шийдвэрлэсэн юм.
Энэ тусламжийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд шүлхийн өвчнөөс сэргийлэх 37,0 сая тун вакциныг 3 удаагийн ачилтаар хүлээн авсан бол тусламжийн сүүлчийн хэсэг болох 22 ширхэг ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалттай ДУК автомашиныг өчигдөр хүлээн авчээ. Уг үйл ажиллагаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В. В. Самойленко нар оролцож, аймгуудаас ирсэн Хүнс хөдөө аж ахуйн газрынханд машины түлхүүрийг нь гардуулжээ.

ОХУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлсэн вакциныг ашиглан хэрэгжүүлсэн шүлхийн өвчнөөс сэргийлэх урьчилан сэргийлэлтийн арга хэмжээнд  2011 оны намар 7 аймаг, нийслэлийн 71 сум, 9 дүүргийн шүлхий өвчнөөр мэдрэмтгий нийт 11.4 сая малыг, 2012 онд 05-06 дугаар сард 10.2 сая, 09-11 дүгээр сард 8,7 сая малыг бүрэн хамруулсан бөгөөд вакцинжуулалтын үр дүнд ОХУ-ын нарийн мэргэжлийн судлаачидтай хамтран үнэлгээ дүгнэлт хийжээ. Мөн улсын нөөц болон орон нутгийн Мал эмнэлгийн албанд 2013 онд 2 удаа зүүн бүсийн 4 аймгийн малыг толгой дараалан бүрэн хамруулах хэмжээний вакцины нөөцийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн 2010 онд өвчин гарсан буюу түүнтэй хил залгаа орших 6 аймгийн мэдрэмтгийн бүх малыг вакцинжуулалтанд бүрэн хамруулсан нь өвчин гарах эрсдлийг бууруулж чаджээ.
Дашрамд дуулгахад энэхүү автомашин нь халдварт өвчний голомт, шаардлагаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай, халдваргүйжүүлэлтийн уусмалыг бэлтгэх, 0+85 хэм хүртэл халаах, 8 метр хүртэлх өндөрт 2,5 МПа (кг/см2) хүртэлх даралтаар шүрших, нэг минутанд 8 литрээс доошгүй шингэнийг мананцар маягаар шүрших чадвартай. Мөн жолоочоос гадна 4 хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй УАЗ 390945 маркын 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин юм байна.

Ч. БАТЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)