Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгчтэй уулзав
- 2012-12-12
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Ялмар Хугдал болон түүнийг дагалдан яваа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийн зөвлөх Бжорн Сорхус, төслийн удирдагч С.Баяржаргал, төслийн зохицуулагч Ц.Амгаланзаяа нарыг тэдний хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Хугдал Норвегийн тусламжийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулав. Тус байгууллага нь 1994 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүүхдийн эрх, ядуурлыг бууруулах чиглэлүүдээр олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Oдоогоор эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хоёр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төсөл Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад хэрэгжиж байна. Уг төслийн хэрэгжих хугацаа 2012 онд дуусч байгаатай холбогдуулан төслийг үргэлжлүүлэн 2013-2017 онд дээрх гурван аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөн төслийн хүрээ өргөжиж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, боловсролын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаанууд тусгагдсан болохыг тэмдэглэн хэллээ.
Дэд сайд Ж.Амарсанаа Монгол улсын алслагдсан баруун бүс нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ дээрх төсөл нь анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Уулзалтын явцад талууд төслийн хэрэгжилт, явц, тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудын талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, санал солилцов.
Уулзалтын төгсгөлд дэд сайд Ж.Амарсанаа төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлээд, хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа дахин нотолж, цаашид ЭМЯ-ны бодлого, чиглэл бусад төсөл хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаагаа холбон ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэн хэллээ.


Сэтгэгдэл (0)