Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсдог эмч нараа алдаршуулъя

  Монголын ард түмэн 1921 оны Ардын хувьсгалын өмнө хүн ардаа эмчлэн сувилах байгууллага үгүй, зуугийн нэг нь дуганд олбогтой, зургаагийн нэг нь дутуу бичигтэй байв. Монголын 600 сүм хийдэд 100 мянган лам шавилан сууж, шарын шашнаар ард түмнийг мунхруулж байсны улмаас дөнгөж 600 мянган хүн амтай, төрсөн үр хүүхдийн ихэнх нь хүн болж чадахгүй эндэж, хүн ард нь төрөл бүрийн халдварт өвчнөөр өвчилж байсан юм.
  Монголын ард түмэн 1921 оны Ардын хувьсгалын өмнө хүн ардаа эмчлэн сувилах байгууллага үгүй, зуугийн нэг нь дуганд олбогтой, зургаагийн нэг нь дутуу бичигтэй байв. Монголын 600 сүм хийдэд 100 мянган лам шавилан сууж, шарын шашнаар ард түмнийг мунхруулж байсны улмаас дөнгөж 600 мянган хүн амтай, төрсөн үр хүүхдийн ихэнх нь хүн болж чадахгүй эндэж, хүн ард нь төрөл бүрийн халдварт өвчнөөр өвчилж байсан юм. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялснаар ард түмнийхээ эрүүл мэндийг онцгойлон анхаарч, Европын анагаах ухаанд суурилсан үндэсний орчин үеийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү түүхт 90 жилд хот хөдөөгүй эрүүл мэндийн байгууллага олноор байгуулагдаж эмчлэн сувилах ажлыг эрчимтэй хийсний ачаар монгол хүн өсөн хөгжиж, одоо гурван сая орчим хүн амтай болсон нь бидний бахархал. Монгол оронд орчин үеийн эмнэлэг хөгжиж, хүн ардаа эрүүл саруул болгосон нь нам, засгаас тухайн цаг үед хэрэгжүүлсэн оновчтой арга хэмжээний үр дүн юм. 
   Нөгөө талаар Орос Улсаас Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны үндэстэй эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд дэмжлэг, тусламж үзүүлснийг хэн ч, хэзээ ч мартах ёсгүй. 1923 онд манай Засгийн газрын хүсэлтээр Орос Улсын Засгийн газар сэтгэл харамгүй тусламж үзүүлж, өндөр боловсрол, мэргэжилтэй олон шилдэг эмч нарыг илгээсэн юм. Жишээ нь, доктор М.Н.Немой, П.Н.Шастин зэрэг олон эмч гэр бүлээрээ ирж, Улаанбаатар, аймгийн төвийн эмнэлэгт ард түмний эрүүл энхийн манаанд мэргэжил, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж байв. Гэсэн ч алтан амиа дотоодын дайсанд алдсаны улмаас Архангай аймагт ажиллаж байсан эмч М.Н.Немойн ачит хань, үр хүүхэд нь өнчрөн хоцорсон юм. Тиймээс Монголын ард түмний төлөө мэргэжил мэдлэг, амь насаа зориулсан орос эмч нарыг алдаршуулах шийдвэрийг төр засгаас гаргажээ. Тухайлбал, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийг М.Н.Немойн, Улаанбаатар хотын улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийг П.Н.Шастины нэрэмжит болгон алдаршуулан хөшөөг босгосон билээ. Эдгээр эмчийн үр хүүхэд, ач зээ эх орондоо эмчээр ажиллаж буй тул манай эрүүлийг хамгаалахын байгууллага тэдэнтэй байнгын холбоотой ажиллаж, хүндэтгэл үзүүлж, туршлагаас суралцаж, эмч нарыг харилцан солилцон ажиллуулбал үр дүн гарна гэж үздэг олон хүний нэг нь би юм. 
   Оросын алдарт хоёр эмчээр овоглосон Архангайн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг улам бэхжиж хөгжиж буйг өөрийн биеэр үзлээ. Миний бие шинжилгээ хийлгэж, эмчлүүлэхдээ П.Н.Шастины гуравдугаар эмнэл гийг дэлхийн хөгжилтэй орнуудын том эмнэлгийн хэмжээнд дүйцэхүйц эмчилгээ, үйлчилгээтэй болжээ хэмээн үнэлсэн. Энэ эмнэлгээр ороход хаана ямар эмчилгээ үйлчилгээг явуулдгийг мэдэхэд ихээхэн цаг орохоор том. Эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр байнга хангагдаж, үе үеийн удирдлага, эмч, сувилагч, асрагчдын асар их хөдөлмөрийн үр дүнд хөгжин бэхжиж байна. Уг эмнэлэгт ажиллаж байсан, ажиллаж байгаа олон эмч нар ариун хөдөлмөрөө хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулсан учир төр засгийн хүндэт шагналаар шагнагджээ. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Баасанжав, Ж.Хайрула, Төрийн соёрхолт эмч Т.Шагдарсүрэн, Б.Батчулуун нарын 13 эмч, Ардын эмч Р.Пүрэв, Ч.Цэрэннадмид, Хүний гавьяат эмч Х.Гэлэгжамц, Б.Батчулуун, Н.Баасанжав нарын есөн эмч, анагаах ухааны доктор, дэд доктор зэрэг алдар цолтныг дурдаж болно. Эмнэлгийг сүүлийн 10 шахам жил удирдаж буй Б.Батчулууны нөр их хөдөлмөр, идэвх зүтгэлийн хүчээр эл эмнэлэг бүх төрлийн өвчнийг эмчлэх тасаг, кабинет, оношлогоо, орчин үеийн техник, тохилог сайхан өрөө тасалгаатай болж, гадаадын хөгжилтэй олон орны эмнэлэгтэй харилцаа тогтоож, тэдний туршлагыг нэвтрүүлж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоног лож, цахим эмнэлэг гэсэн алдар хүртжээ. Үүний үр дүнд П.Н.Шастины нэрэмжит улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэг Мон гол Улсын эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага, Ерөн хийлөгчийн нэрэмжит бүтээм жийн шагналаар шагнагдсан юм. Эмнэлгийг олон жил удирдаж буй Б.Батчулууныг төр засаг, түмэн олон үнэлж, Төрийн шагнал, хүний гавьяат эмч хэмээх эрхэм алдрыг хүртээсэн. Гэсэн хэдий ч хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулж буй Б.Батчулуун эмчид Ардын эмч эсвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олговол нүдээ олсон хэрэг болно хэмээн үзэж байна. Энэ эмнэлэгт ажилладаг шилдэг олон эмч, ялангуяа нүдний тасгийн эмнэлгийн эрхлэгч Баттуяад төрийн хишиг хүртээвэл олон хүн баярлана даа. 
    Төр засгаас хүн ардынхаа эрүүл мэндийн талаар ихээхэн арга хэмжээ авсны үр дүнд хот хөдөөд эмнэлгийн байгууллага олноор байгуулагдаж, өндөр мэргэжилтэй эмч, эмнэлгийн ажилтнаар хангагдаж байгаад талархаж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн байгууллагыг өөрчлөн хөгжүүлэх, эрүүлийг хамгаалах бүх ажилтны хариуцлага, сахилга, санаачлагыг дээшлүүлэх талаар олон ажил төлөвлөж буйгаа өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө хэлснийг уншаад сэтгэл өндөр байна. Улс эх орны хамгийн чухал ажил болох хүн ардаа эрүүл саруул, сайн сайхан амьдрах боломжийг бүрдүүлдэг байгууллага, тэнд ажиллаж буй хүмүүс сахилга хариуцлага, мэргэжил, дадлагаа сайжруулбал эрүүлийг хамгаалах байгууллагын ажил улам өнгөжин сайжрах нь дамжиггүй. 

АРХАНГАЙ АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА Д.САМДАНМӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)