Доктор Луо Дапенгийн хөдөлмөрийг үнэллээ
- 2013-01-18
- Эрүүл мэнд
- 0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн
газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн доктор Луо
Дапенгийг халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд оруулсан хувь
нэмрийг нь үнэлж өчигдөр Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр шагналаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн доктор Луо Дапенгийг халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж өчигдөр Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр шагналаа. Доктор Луо Дапенг 2006 оноос хойш манай улсад ажиллах хугацаанд халдварт өвчний чиглэлээр олон хөтөлбөр, ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, шинэ сэргэж буй халдварт өвчний Ази-Номхон далайн стратегийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, эрт илрүүлэх тандалтын тогтолцоог байгуулах, энэ чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад идэвх санаачлагатай ажилласан байна.
Мөн 2009 оны томуугийн цартахлын үед манай улс шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ДЭМБ-аас хандивласан вакциныг хүлээн авсан анхны орон болж, цартахлыг амжилттай даван туулахад Дапенгаар удирдуулсан хамт олон чухал үүрэг гүйцэтгэсэн аж.
Түүнчлэн 2010 онд зоонозын буюу мал амьтнаар дамжин халдварлах өвчинтэй тэмцэх сэргийлэх салбар хоорондын зөвлөлийг байгуулах болон үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулахад тэрбээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, удирдан чиглүүлж ирснийг ЭМЯ-ны удирдлагууд онцлов. ЭМЯ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан уг зөвлөл цар хүрээгээ улам өргөжүүлж УМХГ, ОБЕГ зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.
Б.ЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)