Жүдочид “Их дуулга”-аас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэй ирлээ

Жүдочид “Их дуулга”-аас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэлтэй ирлээ
Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн сар шинийн баярын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа орохуйц энэ тэмцээнд 54 орны эрэгтэй 240, эмэгтэй 147, нийт 387 тамирчин 22 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манайхаас эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин Парисын татамид зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Жин өгсөн 73 кг-д барилдаж буй дэлхийн аварга Х.Цагаанбаатар зургаан барилдаан дараалан ялж, Парисын Их дуулгад анх удаагаа түрүүлжээ. Мөн Их дуулга зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь алтаа авч байна. Лондоны олимпод оролцсон ОУХМ Д.Төмөрхүлэг мөн л жин өгсөн 66 кг-д барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна. Тэгвэл эмэгтэй тамирчдын ганц медалийг ОУХМ М.Уранцэцэг авчирлаа. Тэрбээр Израилийн Ш.Ришони, БНСУ-ын Чой Со-Хе нарыг цэвэр савж, их шөвөгт үлдээд дэлхийн хошой аварга Японы Х.Асамид ялагдлаа. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд бразил бөх, Лондоны олимпийн аварга С.Менезесийг цэвэр савсан юм. Уранцэцэг өнгөрсөн жил Парисын Их дуулгаас мөн хүрэл медаль авч байсан билээ. Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө барилдаад тавдугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт боллоо. Түүнчлэн Б.Сугаржаргал хоёр ялж, хоёр хожигдоод долдугаар байр эзэлсэн байна. Ийнхүү нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан монголчууд багийн дүнгээр Франц, Японы ард, гуравт бичигдлээ.
Б.Саруул-ОД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)