Олон улсын бөхийн холбооны удирдлагууд тэмцэхээ мэдэгдэв

   Швейцарь Улсын Лозанн хотод өнгөрөгч мягмар гаригт болсон Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаанаар 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт оруулах болон хасах спортын төрлүүдийг хэлэлцэн санал хураалт явуулжээ.
     Швейцарь Улсын Лозанн хотод өнгөрөгч мягмар гаригт болсон Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаанаар 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт оруулах болон хасах спортын төрлүүдийг хэлэлцэн санал хураалт явуулжээ. Санал хураалтаар 2020 оны Зуны олимпийн наадамд хөнгөн атлетик, сонгодог завины спорт, бадминтон, сагсан бөмбөг, бокс, байдарк завины спорт, дугуйн спорт, каноэ, морин спорт, туялзуур, хөлбөмбөг, гимнастик, хүнд атлетик, гандбол, зүлэгний хоккей, жүдо, орчин үеийн таван төрөлт, усан сэлэлт, таеквондо, одон бөмбөг, ширээний одон бөмбөг, буудлага, байт харваа, триатлон, далбаат зивины спорт, гар бөмбөг гэсэн спортын үндсэн 20 төрлийг оруулахаар болсон байна. Тус шийдвэрийг гаргахдаа шийдвэр гаргагчид спортын төрөл бүрийг дэлхийд тархсан байдал, хичээллэгчдийн болон хөгжөөн дэмжигчдийн тоо, хэдэн тив, орны тамирчин уг спортоор олимпийн медаль хүртэж байгаа зэрэг 30 үзүүлэлтээр шалгаруулснаа ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос тайлбарласан. Харин анхны олимпийн наадмын таван төрлийн нэг болох бөхийн спортыг Зуны олимпийн наадмаас хасах тухай урьдчилсан шийдвэр гаргасан нь дэлхийн олон орны хөгжөөн дэмжигч, тамирчны дургүйцлийг хүргэж, тэдний эсэргүүцэлтэй тулгарахад хүргээд байгаа юм.
     Чөлөөт бөхийн оронд бейсбол буюу софтболом, каратэ, роллер-спорт, хадны авиралт, сквош, вейкбординг, ушу зэрэг олимпийн бус төрлөөс шалгаруулан олимпийн наадамд оруулахаар зэхээд байна. Энэ асуудлын талаар Гүйцэтгэх хорооны хуралдааны дараа удирдлагууд өөр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо ФИЛА-гийн ерөнхий- лөгч Р.Мартинэтти дэлхийн бөхийн хамтын нийгэмлэгт хандан тавьсан илгээлтдээ “Дэлхийд амьдарч байгаа ард түмнүүдийн соёлын чухал хэсэг болсон эр зоригийн спортын төрлийг дэмжихээс татгалзсан нь гэнэтийн зүйл боллоо. Сүүлийн жилүүдэд бид бөхийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар их ажил хийсний дүнд спортын орднуудад үзэгчдийн хөл тасрахаа больсон. Мөн бөхийн спортоор хичээллэгсэд дэлхий даяар нэмэгдэж Лондоны олимпийн наадмаас 25 орны бөх медаль зүүсэн биз дээ. Одоогийн байдлаар дэлхийн 180 гаруй оронд бөх хөгжиж буй спортын төрөлд багтаж байна. Бөхийн спорт хөгжиж буйг үүнээс өөр юугаар нотлох билээ” хэмээн онцлон дурджээ. Мөн Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили “Энэ шийдвэр миний зэвүүцлийг хүргэлээ. Би сарын өмнө ФИЛА-гийн ерөнхийлөгч Р.Мартинеттигаас бөхийн спортыг жагсаалтаас хасах талаархи шийдвэрийг эргэн харах, шаардлагатай арга хэмжээ авахыг шаардсан. Гэвч тодорхой арга хэмжээ авсангүй. Тиймээс ФИЛА-гийн ерөнхийлөгч Р.Мартинеттигийн албан тушаалдаа таарч тэнцэж байгаа тухай асуудлыг гаргаж тавина. Лондоны олимпийн наадамд Оросын тамирчид нийт 24 алтан медаль авсны дөрвийг бөхчүүд авсан” гэж мэдэгдсэн байна.
     Ираны үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Мухаммад Али-Абади мэдэгдэлдээ “Бөх бол манай улсад хамгийн өргөн дэлгэрсэн спортын төрөл юм. Бөхийн спортыг олимпийн төрлөөс хасах гэж буй нь Ираны спортод хүчтэй цохилт болно. Иймд бөхийн спортыг олимпийн төрөл хэвээр үлдээхийн төлөө бид тэмцэх болно” хэмээн ярьжээ. Энэ талаар манай улс ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж ирэх тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох Гүйцэтгэх хорооны хуралдаанаар зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж буйгаа мэдэгдсэн байна. Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэртэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

Ц.Сэрээтэр: ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн
-Азийн ихэнх орныг баяраа тэмдэглэж байх үеэр ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаар бөхийн төрлийг зуны олимпийн наадмаас хасах шийдвэр гаргалаа. Энэ талаар манай улс ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн үү?

-Бөхийн спорт хөгжсөн орнуудын нэгэн адил манай улс ч гэсэн ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Бусад бөхийн спорт хөгжсөн орнууд ч эсрэг байр суурьтай байгаа болохоор тэд шийдвэрээ эргэн харах байх. Өнөөдөр /өчигдөр/ Олон улсын бүх төрлийн бөх барилдааны холбооны товчоо Тайландын Пхукетад яаралтай хуралдаан хийж байгаа. Энэ хуралдаанаас бүх зүйл тодорхой болно гэж бодож байна. Манай улсын хувьд олимпийн наадмын анхны спортын төрлийн нэг бөхөөр олимп, олон улсын наадамд амжилттай оролцсоор ирсэн. Өнгөрсөн хугацаанд манай тамирчид олон ч удаа медалийн тавцанд гарч төрийн дууллаа эгшиглүүлсэн.

-Бөхийн спортын оронд хэд хэдэн төрлийг дэвшүүлээд байгаа. Энэ талаархи бодлоо хуваалцаач?

-Бөхийн спортыг зуны олимпиос хасах шийдвэр эцэслэн гараагүй байна. Одоо нэр нь дэвшиж буй төрлүүд жагсаалтын дороос гарсан. Харин бөх бол угаасаа л жагсаалтын эхэнд байсан шүү дээ. Тиймээс дахин санал хураалтаар нааштай шийдвэр гарах байх. ОУОХ ирэх есдүгээр сарын 7-10-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрест хуралдаж 2020 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотыг зарлана. Энэ үеэр олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг эцэслэн гаргана. 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө Испаний Мадрид, Туркийн Стамбул, Японы Токио гэсэн гурван хот тунаж үлдээд байгаа. Бөхийн спорт өндөр хөгжсөн Турк, Япон Улс эрх авч чадвал үзэгчид олонтой гэдэг үзүүлэлтээр бөхийн спорт 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтах магадлал өндөр.

-Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гадаад уруу явсан гэсэн. Энэ асуудлаар явсан юм уу?


-Үгүй. Өөр асуудлаар явсан.

-Одоогоор 2020 оны зуны олимпийн наадмын спортын хэдэн төрөл тодроод байгаа бол?

-25 төрөл нь тодорхой болсон. Үүн дээр бөхийн спорт нэмэгдэнэ гэсэн найдлага тавьж байна.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ahmad (202.179.20.216)

    2013-02-15

    orloo geed manaihan medali avch chadahgui dee ta nar. hairan chuluut buh mini unaltand orchloo.