”Бүх оддын тоглолт”-д залуучууд гялалзав

NBA-гийн 62 дахь удаагийн “Бүх оддын тоглолт” өчигдөр Хьюстон хотын “Тoyota Center”-т боллоо. Оддын тоглолт уламжлал ёсоор NBA-д анхны болон хоёр дахь жилдээ тоглож буй хүчин зүтгэж буй тоглогчдийн хооронд болдог “Rookie Challenge” тэмцээнээр эхэлсэн.

NBA-гийн 62 дахь удаагийн “Бүх оддын тоглолт” өчигдөр Хьюстон хотын “Тoyota Center”-т боллоо. Оддын тоглолт уламжлал ёсоор NBA-д анхны болон хоёр дахь жилдээ тоглож буй хүчин зүтгэж буй тоглогчдийн хооронд болдог “Rookie Challenge” тэмцээнээр эхэлсэн.

BBVARisingStarsChallenge2013LjDm9N3BJL9l
Бямба гаригт болсон “Rookie Challenge”-г алдарт сагсан бөмбөгч Чарльз Барки, Шакил О`Нил нар удирдсан бөгөөд Барклигийн багт өнгөрсөн жилийн драфтын тэргүүн тоглогч “Нью-Орлеан”-ы Энтони Дэвис, “Денвер”-б довтлогч Кеннет Фариед, “Сан-Антонио”-гийн Кавай Леонард, -Вашингтон”-ы Брэдли Беал, “Миннесота”-гийн Рики Рубио, Алексей Швед, “Кливлэнд”-ийн Тристан Томпсон, “Детройт”-ын Брэндон Найт, “Сакраменто”-гийн Айзея Томас, “Орландо”-гийн Никола Вучевич нар багтсан. Харин Шакын багт өнгөрсөн жилийн тус тэмцээний MVP Кайри Ирвинг, түүний багийн анд Дион Уайтерс, Тэйлор Зеллер, энэ жилийн шилдэг “Rookie” тоглогч болох өндөр магадлалтай Дэмион Лиллард, “Голден Стейт”-ийн Клэй Томпсон, Харрисон Барнес, “Шарлотт”-ын Кемба Уолкер, Майкл Кидд-Гилкрист, “Детройт”-ын Андре Дрэммонд, “Хьюстон”-ы Чандлер Парсонс нар өрсөлдсөн юм. 20 минутаар хоёр үе өрсөлдсөн уг тулаанд Барклигийн баг 163:135-аар буюу 28 онооны зөрүүтэй буулган авав. Тус тоглолтод “Денвер Наггетс”-ийн хүчний довтлогч Кеннетт Фариед 40 оноо түүж, 10 удаа самбараас бөмбөг авч, MVP-гээр тодорсон. “Шижир алтнууд”-ын тоглогч 22 довтолгооныхоо 18-ыг амжилттай болгожээ. Түүнд “Сан-Антонио”-гийн Кавхи Леонард, “Кливленд”-ийн Тристиан Томпсон нар 20 оноогоор тусалсан байна. Харин өнгөрсөн жилийн “Rookie Challenge”-гийн Үнэ цэнэтэй тоглогч “Кливлэнд Кавальерс”-ийн Кайри Ирвинг 32 оноо цуглуулж, зургаан удаа самбараас бөмбөг авч, төдий тооны дамжуулалт өгчээ.


Харин өчигдөр “Rising Star Challenge”, болон цагариг дээр довтлох, гурвын онооны шидэлт, ур чадвар, багийн тэмцээн болсон. Энэ жилийн дээрх тэмцээнүүдийн дүрэм өмнөх жилүүдийнхээс өөр болсон бөгөөд “Өрнөд”, “Дорнод” бүсийн тоглогчид хоорондоо өрсөлдөж, нийлбэр дүнгээр ялсан бүс нь 350 мянган ам.долларыг сайн үйлсэд хандивлах эрхтэй байсан бөгөөд удаалсан баг нь 150 мянган ногооныг буяны үйлсэд зориулахаар болсон юм. “Өрнөд” бүсийг Крис Пол, “Дорнод”-ыг Дуэйн Уэйд нар ахалсан.
“Бүх оддын тоглолт”-ын хоёр дахь өдрийн тэмцээн “Shooting Stars Competition” буюу багийн тулаанаар эхэлсэн. 2004 оноос эхтэй уг тэмцээнд Брук Лопес, Крис Бош, Жеймс Харден, Рассель Уэстбрукийн гэсэн дөрвөн баг өрсөлдсөн. Шигшээ тулаанд Бош, Уэстрбукийн баг тунан үлдэж, Крис Бош, Доминик Уилкинс, Свин Каш наоын бүрэлдэхүүнтэй баг Уэстбрук, Майа Мур, Роберт Орри нарыг ялж, “Shooting Stars Competition” тэмцээнийг аварга болов.


Үүний дараа “Skills Challenge” буюу ур чадварын тэмцээн болсон. Энэ жилийн холбон тоглогчдын тэмцээнд тус төрөлд өнгөрсөн жилийн аварга “Сан-Антонио”-гийн Тони Паркертай “Филадельфи”-гийн Жрю Холидэй, “Детройт”-ын Брэндон Найт, “Атланта”-гийн Жефф Тиг, “Портлэнд”-ийн Дэмион Лиллард, “Хьюстон”-ы Жереми Лин нар өрсөлдсөн. Хэрэв Паркер энэ жилийн тэмцээнд түрүүлбэл гурав дахиа аваргалж, дээд амжилт тогтоох байлаа. Учир нь тэрбээр Стив Нэш, Дуэйн Уэйд нарын хамт “Skills Challenge” тэмцээнд хоёр удаа түрүүлээд байв. Гэсэн ч Паркер бүсийнхээ холбон тоглогчдоос хамгийн тааруухан амжилтыг үзүүлж, тэмцээнээс хасагдсан. Харин хоёр бүсээс тэргүүлсэн Холидэй, Лиллард нар шигшээ тулаанд тунан үлдэж, “Портлэнд”-ийн тоглогч 29.8 секундээр аваргаллаа. Харин “Филадельфи”-гийн холбон тоглогч Холидэй 35.6 секундээр удаалав.


Гурван онооны шидэлтийн тэмцээнд “Индиана”-гийн Пол Жорж, “Кливлэнд”-ийн Кайри Ирвинг, “Нью-Йорк”-ийн Стив Новак, “Нью-Орлеан”-ы Райан Андерсон, “Голден Стейт”-ийн Стефен Карри, “Сан-Антонио”-гийн Мэтт Боннер нарын зургаан тоглогч өрсөлдөв. Эдгээр тоглогч бүгд холын зайн шидэлтийн тэмцээнд анх удаа оролцсон. Тиймээс шинэ аварга төрөх нь тодорхой байлаа. Гэхдээ “Нью-Йорк”-ын довтлогч Стив Новакыг сагсан бөмбөгийн тоймчид аваргалах өндөр магадлалтай гэж үзэж байсан. Учир нь эрх чөлөөний хотын багийн мэргэн бууч энэ улиралд гурвын шугамны ардаас бусдаасаа өндөр хувьтай шидэж байгаа юм. Новак бүсийнхээ хоёр тоглогчоос торойж чадаагүй. Харин “Дорнод”-оос Ирвинг 18, “Өрнөд”-өөс Боннер 19 оноогоор аваргын өрсөлдөх эрхтэй болсон. Харин шийдвэрлэх шидэлтэд “Сан-Антонио”-гийн довтлогч өмнөх амжилтаа давтсан бол “Морин цэргүүд”-ийн лидер Ирвинг боломжит 30 онооны 23-ыг авч, анх удаа холын зайн шидэлтийн аваргаар тодорлоо.


Сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн их татдаг төрөл бол “Slam Dunk” буюу цагариг дээрээс довтлох тэмцээн энэ үдшийн сүүлийнх байв. Энэ жилийн тэмцээнд өнгөрсөн оны аварга “Юта”-гийн довтлогч Жереми Эванс, 2007 оны аварга “Индиана”-гийн Жеральд Грин, “Нью-Йорк”-ын довтлогч Жеймс Уайт, “Торонто”-гийн довтлогч Терренс Росс, “Клипперз”-ийн Эрик Бледсое, “Денвер”-ийн хүчний довтлогч Кеннет Фариед нар өрсөлдсөн юм. “Дорнод” бүсээс Росс, “Өрнөд”-өөс цолоо хамгаалагч Эванс нар шалгарч, финалын хоёр үзүүлбэрийг сонирхуулсан. Урьдчилсан үзүүлбэрт сагсан бөмбөг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөсөн үзүүлбэрээр маруухан байсан бөгөөд финалын хоёр тохолт үзэгчдэд өндөр сэтгэгдэл үлдээлээ. NBA-д эхний улиралдаа тоглож буй Росс 2000 оны “Slam Dunk”-ийн аварга Винс Картерын тухайн үед үзүүлж байсан самбарын араас 360 градус эргэн цагаригт довтолсон довтолгоог давтаж, хүүхдийн дээгүүр харайхдаа агаар дунд бөмбөгөө хоёрын холынхоо голоор гаргаж, цагаригт хийсэн юм. Харин Эванс өөрийн зураг дээгүүр харайж, “Даллас”-ын хамгаалагч Дэнти Жонсыг сандал дээр суулгаж, түүн дээгүүр харайхдаа бөмбөгийг нэг гараараа хүлээн авч, довтлов. Ингээд ордонд хуран цугласан үзэгчид “Үлэг гүрвэлүүд”-ийн довтлогч Россод 58 хувийн санал өгснөөр тэрбээр анх удаа “Slam Dunk”-ийн аварга боллоо.
Дөрвөн тэмцээний нийлбэр дүнгээр “Лос-Анжелес Клипперз” багийн холбон тоглогч Крис Полоор удирдуулсан “Өрнөд” бүс 140 оноогоор тэргүүлж, “Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд ахлагчтай “Дорнод” конференц 125 оноогоор удаалав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)