Наадам наашилсаар
- 2013-05-31
- Спорт
- 0
...Морьдоо магтаж байгаа болохоор сонгууль ярихаа түдгэлзээд
...Буурал дээдсийнхээ түүхтэй Бурхан Халдун хайрханыхаа хормой дэрлэж өссөн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргадаа төрийнхөө жолоо атгуулахаа түмэн олон монголчууд минь надаар хэлүүлэлтгүй мэднэ биз ээ гээд цэг тавьж, унаган хүлэг морьдоо уяж, угалзтай майханд унтаж амарч явахдаа, уяач өвгөдтэй хүүрнэсэн түүхээс, шинэ залуу уяачдадаа хандан Дамбадаржаа сэтгүүлчийн зөвлөснийг дор нийтэллээ.
ХУРДАН АЗАРГА, МОРЬ БОЛОХ УНАГА
Эхээс дөнгөж гарсан унага алагдаахай шиг харагдаж, сүүл нь оодогносон тугалынх шиг байвал сайн азарга, морь болно. Ийм унага дөрвөн хөлөө цүг цүг гишгэлж, шүдлэн насандаа хөл нь бүдүүрч, өвчүү нь урагшаа ёрвогор түрэнгэ байдалтай, хүзүү хоншоор нь урт байваас илүү сайн азарга болно гэж өвгөд өгүүлжээ.
ЭЗНИЙ БУРУУГААС САЙН МОРЬ ЭНДДЭГ
Тарган моринд уяа засал буруу хийснээс болж бөглөрч унахыг багтраа гэдэг. Ингэж унасан морины мах булчин чичирч, хамрын самсаа нь дотогшоо хумигдан амьсгал нь цөөн болж, хамраас нь цус гарч ч мэднэ. Ийм үед яах вэ? Мориныхоо хамрыг сандарсан үедээ хөлийнхөө жийрэг ороолтоор ч юм уу, хамрыг нь таглаж чадвал анхны тусламж авч, морь чинь босч ирэх талтай.
ГУТАГ БУЮУ ГҮЕН БОЛОХ ТОХИОЛДОЛД
Уяж байгаа морины толгойн үс унаж, доод зах шүд нь хөхрөөд ирвэл гутаг олжээ гэж бодох хэрэгтэй. Удаан хугацаагаар унаж ядраасан моринд гутаг гүен тусдаг. Энэ өвчин морины хамрын мөгөөрсийг доороос нь товойлгож гардаг. Үүнийг авах юм уу огтолж задлах арга хэмжээ авна. Энэ үед морь шүдээ зуусан, ам нь ангайхгүй байвал завжинд нь давс хийж, хэнхдэгийг нь усаар шавшиж, шүдээ зуусныг тавиулах хэрэгтэй гээд өвгөд домнодог.
ДЭЛСЭЭ ХИЙГЭЭД ДЭЛҮҮТЭХ
Морийг өлөн үед нь услахгүйгээр их давхиулбал ихээр хөлөрч, зүрх нь хүчтэй цохилон, хөл дээрээ зогсож ядан байхыг дэлсээ-түгшээ гэдэг. Ийм үед өтгөн хар цай өгч, цээж бүдэрхийг нь хүйтэн усаар шүршиж, хөдөлгөх нь чухал. Мөн ороо хар, хааны буюу уушгины судас, хамрын сиймхий, умдагны тагнайн судас хатгадаг. Литр хэртэй исгэлэн айрганд аяга архи найруулж цутган уулгах, хошногоор нь дүнсэн тамхи татуулдаг ардын арга байдаг тухай ярилцдаг. Хужир дутагдсанаас болж адуу шороо долоож, шорвог шар ус ууснаас дэлүүтдэг. Дэлүүтсэн адуу хөлөрч хөрвөөн нүдээ аних нь ихэсдэг. Ингэсэн үед босоо байхад нь сүвээний гуравдугаар хавирганы урд, нурууны голоос 4-6 хуруу доор ханана. Ханалт зөв болж дэлүү оносон бол хатгуур зүү шөвөг нь нар зөв эргэж харагдах учиртай гэжээ.
ӨЛӨН БӨГЛӨӨ БОЛБОЛ ЯАХ ВЭ?
Уралдаж явсан морь амаа ангайн шилээ татаж унахыг өлөн бөглөө гэдэг. Ийм явдал тохиолдвол нуруунд нь хүйтэн ус цацаж, хамраар нь хамрын тамхи хийх, адууны шар хомоолыг өрөм тостой хольж утах арга хэмжээ авдаг. Өлөн бөглөө гэдэг нь уралдах морины хоол багадаж, морины нарийн гэдэс орооцолдож байна гэсэн үг. Үхрийн шингэн баас зуурч цутгадаг газар ч бий.
МОРЬ ГОЛХИО ЦОХИХ БУЮУ САМРАХ
Хурдан морь хүчтэй өрсөлдөх үед хойт талын хөл нь урд талын хөлийнхөө шөрмөс хүчтэй цохисноос болж шөрмөс томорч цус хуралдахыг голхио цохих самрах гэдэг. Ийм үед уг морь эмзэглэн доголдог. Үүнийг шөрмөсний бороололт ч гэдэг. Энэ хавдрыг зөөлрүүлэхийн тулд айраг, айрагны өтгөн өнгөр юм уу эсвэл малын сэвсээр мориныхоо хөл шилбийг боож, долоогоос доошгүй хоног хол явуулахгүй эмчлэх хэрэгтэй.
МОРЬ ЗООГОО АВАХ ҮС ГАРВАЛ
Хурдан морь гэнэт эвгүй давхих, хүчтэй өшиглөх, шавраас хөлөө ширүүн суга татах зэргээр хойт хөлөө доголохыг зоогоо авах гэдэг. Ийм явдал тохиолдвол хий тангаруулах, зоон дээр нь ташуур, гурилын модоор сайн нухаж “хомоол” цохих гэгч арга хэрэглэнэ. Ингэхдээ ташаан дээр нь хомоол тавьж цохин ташаан толгойн мах доргионо гэсэн үг. Хурдан морины хөлд цус буух морийг удаан чөдөртэй байлгах, уралдуулж ирээд хөтлөхгүй зогсоох, хөлстэй морийг халуун бууцан дотор уях зэргээс болж хөлд нь цус буудаг. Ингэж цус буусан бол мориныхоо бэрэвхий, сиймхий, туургыг ханаж, гахай сөхөх эмчилгээ хийдэг байна. Гахай сөхөхөд урдаас нь сөхөөд нарийн хануур зүүгээр цус гаргаж дараа нь гахайг буцааж байранд нь оруулах үйлдлээр эмчилгээ явуулдаг.
ДААГА ШҮДЛЭН ЦЭЭЖЭЭ АВАХ ҮЕД
Том хүн бага адуу унаж давхих, уруу газар хурдлах, явдал дунд нь гэнэт эргүүлж зогсоох зэргээс цээжээ авдаг. Цээжээ авсан адууны урд хоёр хөл зэрэг бүдэрдэг. Хатирч чадахгүй цогих дүр үзүүлдэг. Ийм үед хүйтэн усаар далны хөх махыг нэвт норгосны дараа уяж чичрээх арга хэрэглэдэг. Мөн далны хөх махны сиймхий хатгах, сээр хүзүүний сиймхий товчлуур хатгах гээд нарийн хатгаа хэрэгтэй болдог. Хэрвээ морио хатгуулбал бүтэн жил уялтгүй гэдгийг мартаж болохгүй.
ЖИДҮҮ БА ЖИЛБЭНТЭХ ҮЕД ЯАХ ВЭ?
Өвөл хаврын цагт уралдсан, унаж явсан морио их хөлөрсөн үед нь услах хөлс нь хатаагүй байхад эмээлийг нь авах, хаврын цагт цасны шар ус уулгах зэргээс болж, морины нуруу овойж хавдан өвдөхийг жидүүтжээ гэдэг. Мөн морийг хайр гамгүй унаснаас болж үүссэн гэмийг жилбэн гэнэ. Ийм үед мориныхоо толгойг битүү хучиж үхрийн богино хавирга, ясаар утаж хамраас нь ус гоожуулбаас сайн. Мөн тарваганы хатаасан цөс, баавгайн доньт өгөхөөс гадна, хонины хуучирсан сүүл хошногонд нь шургуулж, ясны шөлөнд шар будаа буцалгаж уулгах, муулсан хонины гүзээг халуун бүлээнээр зоон дээр нь тавьж, хөлстэй хуучин тохом чанаж тохох зэргээр домнон эмчилдэг өвгөдийн мэргэн арга байдаг. Морины нуруу хавдсан үед давстай хүйтэн усаар жин тавьж, шээсээр шавших сайн ажээ.
АРАНГА, СОЁНГОТОХ ҮЕД ЯАХ ВЭ?
Таны уясан даага өвс идэх нь багасч тураад байвал арангатжээ гэж бод! Ийм үед зөөлөн унагаж шүдийг нь үзэхэд аль нэг талын эрүүнд нь илүү давхар шүд ургасан байдаг. Энэ бол аранга. Үүнийг бахиар сугалан авч хая! Удахгүй зүгээр болно. Үрээг хөнгөлөн “агтлах” үед цус алдан хавдахыг соёнготох гэнэ. Энэ нь агтлах ажиллагаа муу хийгдэж, бохир орсноос үүсдэг. Ийм үед шархыг үхрийн шөлөөр угааж, эсгий норгоод шархан дээр нь тавих юм уу засааг нь буцалган уулгаж, зандангаар утдаг байна. Адууны туурайн ирмэгээр идээтэй шарх гарахыг сөдрөг гэдэг. Ийм байдал ажиглагдвал долоон хар цучил бэлтгэн, харуй бүрийн цагаар туурайг нь тойруулан түрхэж “эм дом- эм дом” гэж домнох аргыг гурваас есөн удаа хийвэл сайн.

Сэтгэгдэл (0)