Эх, хүүхдийн эндэгдэл алслагдсан аймаг сумдад их гардаг

Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг эх, хүүхдийн эндэгдэл хэр байгаагаар нь дүгнэдэг. Тиймээс энэ нь дан ганц эрүүл мэндийн салбарын анхаарах ёстой асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, иргэн хүн, төр засаг, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын хамтын ажиллагааны оролцоо үүнд чухал үүрэгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, ололт амжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлсэн “Эх хүүхдийн эрүүл мэнд” улсын зөвлөгөөнийг өнгөрөгч баасан гаригт ЭМЯ-наас зохион байгуулав. Уг зөвлөгөөнд НҮБ, ДЭМБ болон нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 100 гаруй мэргэжилтэн оролцсон юм. Манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орон уруу шилжсэн. Өөрөөр хэлбэл 1990 онд эхийн эндэгдэл зуун мянган амьд төрөлтөд 204 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2004 онд энэ тоо 100 болон буурснаар нь НҮБ, ДЭМБ-аас ийн дүгнэсэн байдаг. Гэсэн ч өнөөдөр эхийн эндэгдлийн бууралт тууштай бат бөх байж чадахгүй байна. Үүний тод жишээ 2011 онд эхийн эндэгдэл зуун мянган амьд төрөлтөд 48.3, 2012 онд 51 хувь болж тус тус өсчээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд эхийн эндэгдэл буурсан гэх үзүүлэлт гарсан ч алслагдсан хөдөө аймаг, сумдад ижил төвшинд буурахгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч онд Баянхонгор, Завхан, Төв аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт эхийн эндэгдэл өндөр гарчээ. Харин Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Архангай зэрэг аймагт эхийн эндэгдэл гараагүй байна. Ганцхан жишээ өгүүлэхэд, 2009 оны томуугийн H1N1 халдвараар 21 жирэмсэн эх нас барсан нь эхийн эндэгдэл тухайн жилд огцом нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Эндсэн эхчүүдийг насны бүлгээр ангилвал ихэнх нь 20-24 насныхан байжээ. Харин 1990 онд нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 64.4 тохиолдол бүртгэгдсэнийг 2011 оны эхний найман сартай харьцуулахад 16.8 болон буурсан гэх эерэг дүн гарчээ. НҮБ дээд хэмжээний чуулга уулзалтаа Нью- Йоркт 2000 онд хийсэн. Уг уулзалтад дэлхийн 189 орны төр, засгийн тэргүүнүүд “Мянганы хөгжлийн зорилт” хэмээх түүхэн баримт бичгийг боловсруулж, улс орнуудын өмнө тулгараад буй шийдвэрлэвэл зохих зорилго, зорилтуудыг тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын эрүүл мэндийн чиглэлд “Хүүхдийн эндэгдлийг бууруулах эхийн эрүүл мэндийг сайжруулах“ гэсэн заалтыг тусгажээ. Эл зорилтод тулгуурлан Засгийн газраас 2001-2010 онд “Эхийн эндэгдлийг бууруулах стратеги” гэх хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эх, хүүхдийн эндэгдэл буурахад ихээхэн нөлөөлснийг зөвлөгөөнд оролцогчид онцолсон юм. Эх, нярайн өвчлөл эндэгдлийг цаашид тэглэх зорилготойгоор 2011-2015 он хүртэл “Эх нярайн эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Манай улсад эх, хүүхдийн эндэгдэл гарч байгаагийн олонх нь алслагдсан аймаг, сумдад гарч буй гэдгийг салбарын дэд сайд өгүүлж байсан. Учир нь дэд бүтэц хөгжөөгүй, аймгаасаа сумын төв нь хол, зарим газар үүрэн холбооны сүлжээ ороогүй зэргээс эмнэлгийн тусламж оройтож авдаг нь ихээхэн нөлөөлдөг байна. Мөн дээрхээс гадна өөр хэд хэдэн шалтгааныг өгүүлж болох юм. Үүнд: хөдөөнөөс хотод шилжиж ирсэн, тогтсон хаягийн бүртгэлгүйгээс болж эмчийн хяналтад оройтож орох, ар гэрийнхний зүгээс жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд тавих анхаарал халамж сул, хүсээгүй жирэмслэлтийн улмаас амь насанд аюултай үр хөндөлт хийлгэх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг ажээ. Эдгээрээс харахад эрүүл мэндийн шат шатны байгууллага иргэнд хүрч үйлчлэх талд ялангуяа жирэмсэн эх, нярай, бага насны хүүхдийг харьяалал харгалзахгүй хүлээн авч тусламж үзүүлэх асуудал дутагдалтай байгаа нь илт байна. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутаг гэлтгүй хот суурин газарт оюутан залууст зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэрэгтэй юм. Хэрвээ эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж буй эдгээр хүчин зүйлсийг арилгаж чадвал манай улс 2015 он хүртэл тавьсан зорилтдоо хүрч, эх хүүхдийн эндэгдлийг тэглэх боломжтой болох юм.
Зөвлөгөөнд оролцогчдоос дараах асуултад хариулт авснаа хүргэе.
ӨСӨЛТГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ
ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа:
-Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах талд бодлогын хүрээнд ямар зохицуулалтыг хийж байна вэ?

-Эх хүүхдийн эрүүл мэндыг сайжруулах талд хийж, хэрэгжүүлж байгаа бүх ажил бодлогын төвшинд зохицуулагдсан байгаа. Энэ талд ЭМЯ-ны зүгээс их анхаарч, их ч ажлыг хийж байна. Эх болон нярайн эндэгдлийг 10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр энэ тоо хамаагүй буурсан. Тийм ч учраас ДЭМБ, НҮБ- аас бидний энэ талд хийж хэрэгжүүлсэн ажлыг сайн байна гэж дүгнэсэн. Гэхдээ эх, хүүхдийн эндэгдэл буурсан гээд зүгээр суух биш. Үүнийг цаашид бүр байхгүй болгох нь ЭМЯ-ны нэг зорилго. Онцгой анхаарах нэг асуудал бий. Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар нь орон нутгийн байршил, тухайн өрхийн орлогын хэмжээнээс болоод харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл, зарим аймагт эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайн байхад заримд нь муу, өрхийн орлого их айлд нярайн эндэгдэл бага тохиолдож байхад эсрэгээрээ өрхийн орлого бага айлд нь нярайн эндэгдэл их гарч байх шижээтэй. Тэгэхээр энэ мэт тэгш бус байдлыг арилгах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна.
-Хөдөө орон нутаг гэлтгүй, нийслэлд ч ийм тохиолдол мэр сэр гарсаар байгаа. Нийгмийн хүчин зүйлсээс илүү эмч нарийн ур чадвартай холбоотой асуудал биш үү. Мөн өсөлтгүй жирэмслэлт их байгаа нь юутай холбоотой байна вэ?
 -Өсөлтгүй жирэмслэлт гэж хэзээ ч байхгүй. Хэрэв байгаа бол үүнийг нарийн мэргэжлийн эмч нараас асуу. Мэдээж эмч нарийн ур чадвар эх, хүүхдийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Тиймээс шинээр бэлтгэгдэн гарч байгаа мэргэжилтнүүд болон олон жил ажилласан эмч нарийн ур чадварыг дээшлүүлэх талд яамны зүгээс их анхаарч ажиллаж ирсэн. Цаашдаа ч анхаарна. Тухайлбал, сүүлийн хэдэн жил ажлын байрны сургалтад эмч нарыг байнга хамруулж байна.
-Төрөх эмнэлгүүдийн хүрэлцээ, багтаамж хэр байна вэ. Эмнэлгийн аж ахуйн асуудал хан галтгүй байгаагаас үүдэн нярай эндэх тохиолдол гардаг. Тухайлбал, төрөх эмнэлгийн цахилгаан тасарснаас болж инкубаторт байсан нярай эндсэн. Салбарын яам энэ асуудлыг дахин гаргахгүй байх үүднээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сүүлийн жилүүдэд төрөх эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт их хийсэн. Тухайлбал, III төрхийн барилгыг шинээр барьсан. Мөн I төрхийн өргөтгөлийн ажил дууссан. Энэ сарын 16-наас нэгдүгээр төрхийн өргөтгөл амаржих эхчүүдийг хүлээж авна. Бас Яармагт шинээр төрөх эмнэлэг барих ажил эхэлчихсэн явж байна. ЭХЭМҮТ-ийн сантехникийн асуудлыг шийдвэрлэхгүй бол хүнд нөхцөлд байгаа. Үүнд хэрэгтэй хөрөнгө, мөнгийг ирэх жилийн төсөвт суулгуулахаар холбогдох албаныхантай хэлэлцэж байна. Эмнэлгүүдийн аж ахуй, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг солих, шинэчлэх талд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн.
МОНГОЛ УЛС ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ИХТЭЙ ОРНООС ДУНД ЗЭРЭГТЭЙ ОРОН БОЛНО
ГЭДЭГ ТОМ АМЖИЛТ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Нуинт Сое:
 -Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орон уруу шилжсэн. Гэтэл өнөөдөр эх, нярай эндэх асуудал гарсаар л байгаа. Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлыг Та ямар төвшинд байна гэж харж байна вэ?
- Нярайн эндэгдэл гэдэг нь төрсний дараах дөрвөн долоо хоногийг хэлж байгаа юм. Үүнийг нярайн эрт үеийн эндэгдэл гэж нэрлэдэг. Монгол Улсад энэ төрлийн эндэгдэл их байна. Уг энэ хугацааг хамрах нярайн эндэгдлийг бууруулбал таваас доошхи насны хүүхдийн эндэгдлийг амжилттай бууруулж чадна гэсэн үг юм. Тиймээс Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдалд ололттой болон анхаарах ёстой юм чамгүй их байна. Гэхдээ эхийн эндэгдэл ихтэй орноос дунд зэрэгтэй орон уруу шилжинэ гэдэг том амжилт. Цаашид үүнийг бүр таслан зогсоохын төлөө улам илүүг хийх хэрэгтэй.
-Эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж эх, хүүхэд эндсэн тохиолдол багагүй гардаг. Ер нь эх, хүүхдийн эрүүл мэндэд эмчийн ур чадвар ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. ДЭМБ-аас үүнд хэрхэн анхаарч байна вэ. Олон улсад хариуцлага алдсан эмчид ямар шийтгэл ногдуулдаг юм бол?
-ДЭМБ-аас нярайн эрт үеийн асаргаа тусламж, үйлчилгээний багцийг боловсруулан гаргасан. Үүний хүрээнд хүүхдийн эмч, эх баригч зэрэг мэргэжлийн эмч нарийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулахаар болсон. Эмчийн ур чадварыг сайжруулснаар нярайн эндэгдэл болон өвчлөлийг бууруулна гэж манай байгууллагаас үзэж байгаа. Тухайлбал, хүүхдийг эхээс төрөнгүүт судасны лугшилтыг нь зогссоны дараа хүйг таслах ёстой. Ингэснээр нярайн эндэгдлээс болон цаашид цус багадалтаас сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ мэтчилэн энгийн атлаа үр дүндтэй аргуудыг хэрэглэхийг эмч нарт зөвлөж байна. Мөн дахин нэг зүйлийг нэмж өгүүлэхэд Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалж хүүхдийг төрсний дараа дулаан байлгах хэрэгтэй. Тийм учраас дөнгөж төрсөн нярайг усанд оруулах гэж яарсны хэрэггүй. Аль болох өлгийдөж ээжтэй нь хамт байлгах хэрэгтэй. Эхийн биеийн дулааныг хүүхдэд өгөх хамгийн чухал. Олон улсад ганц эмчид хариуцлага хүлээлгэхээс гадна, өөр хариуцлага алдсан эмнэлгийн ажилчин, албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тухайн эмчийн эмчлэх эрхийг хасахын зэрэгцээ хууль шүүхийн байгууллага зохих ял шийтгэлийг нь өгдөг.
МАНАЙ АЙМАГТ АМЬСГАЛЫН АППАРАТ ДУТАГДАЛТАЙ БАЙНА
Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ариунаа:
-Танай аймагт эх, хүүхдийн эрүүл мэндэд тул гамдаж буй ямар бэрхшээл байна. Эх, хүүх дийн эндэгдэл гарах тохиолдол хэр байна вэ?
-Улсын хэмжээнд авч үзвэл манай аймагт эхийн эндэгдэл гарах тохиолдол бага. Он гарсаар эхийн эрүүл мэндтэй холбоотойгоор 6-7 нярай эндсэн. Өөрөөр хэлбэл, эх ямар нэгэн суурь өвчтэй байх, жирэмсний хожуу үеийн хордлого зэргээс болж хугацаанаас өмнө төрөх тохиолдол их. Энэ үед төрсөн нярайн уушгины хөгжил дутуу байдаг учраас эрт үедээ энддэг. Эрт үеийн нярайн эндэгдлийг бууруулах талд зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг нь аймаг орон нутгийн эмнэлгүүдийг амьсгалын аппаратаар хангах шаардлагатай байгаа юм. Үүнийг төрөөс бодлогын хэмжээнд авч үзээсэй гэж хүсэх байна. Мөн нярайн болон хүүхдийн эмчийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Энэ нь 1995 оноос хойш хүүхдийн эмч хангалттай бэлтгэгдэж гарахгүй байгаатай холбоотой.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (124.158.91.33)

    2014-07-17

    ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа: энэ эрүүл мэндийн сайд, анагаах ухааны докторгуай ...... өсөлтгүй жирэмсэн гэдэг нэр томьёо огт мэддэггүй хүн байна. Хэлэх үг ч алга даа, хоосон толгоотой мал.