Р.Гончигдорж нарын санаачилсан хууль батлагдвал нэг ч түрүүлээгүй бөх аварга болох нь


УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулсан хэсэг гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад байгаа билээ. Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн учир УИХ-д өргөн бариад буй. Хэрвээ УИХ баталчихвал Р.Гончигдорж гишүүний санаачилсан хууль өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хэрэгжих бүрэн боломжтой болох юм. Энэ хуулийн төсөлд далай аварга цолыг хэрэгсэхгүй болгож, улсын баяр наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгох тухай заалт оруулжээ. Тиймээс тус төсөл ёсоор даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга болцгоох юм. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Сүхбат 2000 оны улсын наадмын 5-9-ийн даваанд улсын начин Ч.Батзориг, шинээр улсын начны болзол хангасан аймгийн арслан Ц.Сумъяабэйс, улсын заан Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох нарыг давж, анх удаа түрүүлээд, улсын арслан, 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын 5-10-ын даваанд улсын начин Т.Моломжамц, шинээр улсын начны болзол хангасан аймгийн арслан Ш.Зоригт, Г.Ганхуяг, шинээр улсын зааны болзол хангасан улсын начин О.Одгэрэл, заан Г.Өсөхбаяр, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг өвдөглүүлэн, хоёр дахиа түрүүлж, Монгол улсын 17 дахь аварга болсон юм. Залуу аварга маань 2004 оны наадмын 5-9-ийн даваанд аймгийн заан И.Батсайхан, шинээр улсын начны болзол хангасан аймгийн арслан Ж.Алтансүх, шинээр улсын харцагын болзол хангасан аймгийн начин Л.Пүрэвжав, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарыг орхисноор гурав дахиа түрүүлэн, Монгол улсын анхны далай аварга боллоо. Үнэндээ бол 2001 онд ес давахад нь аварга, арав давахад нь далай аварга цол олгох ёстой байсан ч аварга хэвээр нь үлдээв. Сонирхолтой нь 2006 оны наадмын долоогийн даваанд шавь, улсын начин Д.Амгаланбаатарыг улсын заан болгосныхоо дараахан зодог тайлж буйгаа ард түмэндээ дуулгасан түүнд жилийн дараа даян аварга цол хүртээсэн билээ. харин А.Сүхбат аварга энэ талаар “Ардын хувьсгалын 80 жилийн ой буюу 2001 оны наадамд 1024 бөх барилдсан юм. намайг ес давангуут аварга болчихсон гээд зарлачихсан. Тэгээд арвын даваанд би даян аварга гэдэг цолны төлөө Б.Бат- Эрдэнэ аваргатай барилдаж түрүүлж байлаа. Гэтэл тэр цолыг маань өгөөгүй л дээ. Би тэгэхэд арслан цолтой барилдаад арав давчихсан байсан байхгүй юу” хэмээн ярьсан бөгөөд үүнд маш их гомдолтой явдгаа ч нуугаагүй. Бөхчүүдийн хооронд цолны төлөөх өрсөлдөөн байдаг болохоор арга ч үгүй биз. Хэрэв тэгэхэд өгөх ёстой далай аварга цолыг нь өгчихсөн бол тэрбээр дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэн тогтох, Б.Бат-Эрдэнэ нарын дараа эрэмбэлэгдэх байв. Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Өсөхбаяр 2002 оны наадмын 5-9-ийн даваанд аймгийн начин М.Батжаргал, улсын начин До.Ганхуяг, заан Д.Сумъяабазар, дар- хан аварга Б.Бат-Эрдэнэ, заан Б.Гантогтох нарыг давснаар анх удаа түрүүлж, арслан, 2003 оны наадмын 5-9-ийн даваанд аймгийн заан Л.Нямсүрэн, шинээр улсын начны болзол хангасан аймгийн арслан С.Даваасамбуу, улсын заан И.Доржсамбуу, аварга А.Сүхбат, заан Д.Сумъяабазар нарыг өвдөг шороодуулан хоёр дахиа түрүүлж, арын сайхан хангай нутгаас төрсөн дөрөв дэх аварга боллоо. Түүнээс өмнө Тариат сумын харьяат, “Буур” хэмээх Н.Жамъян, Хайрхан сумын харьяат Ц.Чимэд-Очир нар даян аварга, Батцэнгэл сумын харьяат Г.Вандан улсын аварга цол хүртсэн байжээ. Дашрамд дурдахад Архангайгаас өөр дөрвөн аваргатай аймаг байхгүй. “Өндөр” аварга маань 2005 онд дотны анд, улсын гарьд Д.Сумъяабазартайгаа, 2009 онд өмнөх жилийн түрүү бөх, улсын арслан До.Ганхуягтай үзүүр түрүү булаацалдан давж, далай, даян аварга цолуудыг дөрвөн жилийн зайтай хүртжээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга болчихвол үндэсний бөхийн хамгийн дээд эрхэм хүндтэй цолыг хүртсэн найм, ес дэх хүчтэн болно. Тэднээс өмнө Булган аймгийн Сэлэнгэбүрэн сумын харьяат Б.Түвдэндорж, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Ш.Батсуурь, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Д.Дамдин, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ж.Мөнхбат, Увс аймгийн Хяргас сумын харьяат Х.Баянмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Д.Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Б.Бат-Эрдэнэ нар дархан аварга болсон байх юм. Улсын наадамд Б.Бат- Эрдэнэ 11, Х.Баянмөнх арав, Б.Түвдэндорж долоо, Ж.Мөнхбат зургаа, Д.Дамдин тав, Д.Цэрэнтогтох дөрөв, Ш.Батсуурь хоёр удаа түрүүлжээ. Ш.Батсуурь нь мөн гурвантаа үзүүрлэсэн ба хамгийн сүүлд 1957 онд Д.Дамдин аваргатай тэргүүн байр булаацалдан унахдаа дархан аварга цол хүртсэн аж. Ер нь ийм нэг өөрчлөлтийг хуульд тусгахгүй бол үндэсний бөхийн дархан аварга хэмээх эрхэм дээд цол тасрах аюулд хүрээд байгаа юм. Тэгвэл далай аварга гэдэг цолыг улсын алдар цолтой 17 бөхийн бүрэлдэхүүнтэй 1990 онд хуралдсан Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар бий болгосон байна. тэгээд Д.Дамдин. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх гээд аваргууд бүгд байж байгаад л улсын наадамд гурав түрүүлсэн бөхөд далай аварга цол өгнө гэж шийджээ. Уг дүрмийн дагуу улсын наадамд нэг түрүүлэхэд арслан, хоёр түрүүлбэл аварга, гурав түрүүлбэл далай, дөрөв түрүүлбэл даян, тав түрүүлбэл дархан аварга болно гээд заачихаж. Р.Гончигдорж нарын гишүүдийн санаачилсан хууль батлагдчихвал үндэсний бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэж, лай ланчгийн эхлэл болно гэж үзэгсэд ч байна. Тухайлбал, Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Ухаандаа энэ хуульд улсын наадамд 1024 бөх барилдахад ес давсан арслан цолтой бөхөд аварга цол олгох, арав давбал даян аварга цол олгох тухай заасан байна. Энэ заалтыг мөрдөөд үзвэл Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын даян аваргууд давхар аварга болох боломж нь бүрдэнэ. Г.Өсөхбаяр аварга улсын наадамд дөрөв түрүүлсэн. Хуулийн дагуу далай аварга цол хасагдвал шууд дархан аварга болох боломжтой. А.Сүхбат аваргад 2000 оны наадамд Б.Гантогтохтой үлдэж түрүүлэхэд нь хуулийн дагуу арслан цол олгосон. 2001 онд арслан цолтой бөх Г.Өсөхбаяраар ес давахад нь аварга, Б.Бат- Эрдэнэ аваргаар арав давж түрүүлэхэд нь дархан аварга цолны болзол хангасан гэж үзчихэж байна. Тухайн хуульд зааснаар бол ингэж болно л доо. Гэхдээ монгол бөхийнхөө зуу зуун жилд явж ирсэн ёс уламжлалыг эвдэж арай л эрээ цээргүй даварч байх шиг” гэж ярьжээ. Мөн уг хуульд арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэвэл улсын аварга болно гэж заасан байна. Энэ нь Д.Мөнх- Эрдэнэ арсланд зориулсан заалт болох нь ойлгомжтой. Архангай аймгийн Булган сумын харьяат хүчит арслан маань 1992, 1993, 1995- 1997 онд цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэсэн билээ. 1995 оны улсын наадмын дараа МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар арслан О.Балжинямд аварга, заан Д.Мөнх-Эрдэнэд арслан цол олгосныг бөх сонирхогчид санаж байгаа биз ээ. Тэгэхэд О.Балжинням 1991 оны наадамд ес даван түрүүлж, 1994 оныход ес, 1989 онд найм давж үзүүрлээд байсан бол Д.Мөнх-Эрдэнэ гурав үзүүрлэчихсэн бай лаа. Хэрвээ эрхэм гишүүдийн санаачилсан хууль батлагдчихвал нэг ч түрүүлээгүй бөх аварга болох хачирхалтай гэмээр явдал болох нь. Түүнчлэн хуульд зааснаар улсын наадамд найм давж, гурвантаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор болжээ. Энэ болзлыг хангасан ганцхан бөх нь Б.Гантогтох гарьд. “Зууны манлай бөх” дархан аварга Х.Баянмөнхийн отгон хүү тэрбээр 2000, 2004 онд экс хүргэн ах, даян аварга А.Сүхбаттай, 2002 онд нэгэн үе “зургаан залуу заан” хэмээн ард түмэндээ хүндлэгдэж явсан даян аварга Г.Өсөхбаяртай тэргүүн байр булаацалдан өвдөг шороодож үзүүрлэсэн. Б.Гантогтох гарьдад арслан цол өгчихвөл аварга Д.Сумъяабазарт даян аварга цол олгох асуудал гарч ирэх нь тодорхой. Яагаад гэвэл бөхийн зүлэг ногоон дэвжээнээс парламентийн суудал руу шилжсэн энэ хүчтэн 1998, 1999 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэд, 2003, 2005 онд даян аварга Г.Өсөхбаярт тахимаа өгч үзүүрлэсэн юм. Шинэ хууль батлагдвал тэрбээр гурав үзүүрлэсэн амжилтаараа арслан цол хүртэх бөгөөд Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, ардын хувьсгалын 85 жилийн түүхт ойн наадмын (2006 он) 5-9-ийн даваанд аймгийн арслан Б.Бадамдорж, шинээр улсын начны болзол хангасан цэргийн арслан П.Цогзолдорж, улсын харцага Г.Элбэг, заан Б.Ганбат, далай аварга Г.Өсөхбаяр нарыг давснаар аварга үзүүр түрүүнд харцага, заан, гарьд цолуудыг алгасан арслан цолны болзол хангасан Д.Азжаргал начин өвдөглүүлэн түрүүлсэн учир даян аварга болох ёстой. За тэгээд хэрэв арслан цолтойгоор хоёр үзүүрлэсэн бөхөд аварга цол олгож байгаа юм бол заан цолтойгоор хоёр удаа долоо давсан бөх хуулийн дагуу гарьд, начин цолтой бөх хоёр удаа тав давсан бол харцага, харцага цолтон хоёронтоо зургаа давбал заан болох боломж нь бүрдээд ирж байгаа юм. Ийм эцэс төгсгөлгүй маргаан гарах төдийгүй Р.Гончигдорж нарын санаачилсан хууль батлагдвал бөхчүүд нь “шинэ хуулийн дагуу болзлоо хангачихсан учир би ийм тийм цол авна” хэмээн зүтгэх нь мэдээж билээ.


Ш.ЭРДЭНЭТӨР



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (203.91.117.4)

    2013-06-18

    Гончигдорж сурсан зангаараа хүмүүсийг хооронд нь муудалцуулах нээ

  • MASH SAIN (202.72.245.122)

    2013-06-18

    ZUV ZUV BATLAGDAASAI MASH ZUV BUHIIN HUGJILIIG ZUV DEMJIJ BAINA

  • N@-B@ (124.158.109.223)

    2013-06-18

    Uls torchid odoo buur davarch bnaa. Undesnii buh ruu hutgaldaad

  • (80.188.216.206)

    2013-06-18

    holiohiimo anhnaasa ulamjlalaaraa baih baisiin odo buur utgaa aldahin baindaa

  • Danzanhan (202.72.247.148)

    2013-06-18

    zuwhun arslan 3 udaa uzuurelwel awarga gj bga bizdee.., ternees bish nachin 3 hartsaga 3 udaa ymarch hamaagui ym oilgodoggui mal we danzan gj

  • (202.179.11.74)

    2013-06-18

    Сүхбат ингэх гэж АН-д элссэн байхгүй юу даа