Дэлгэсэн алга шиг Монголын дэлхийд гайхуулах дэлгэр наадам айсуй
- 2013-07-08
- Спорт
- 0

“Алдар”, “Сүлд”, “Хүч” гээд томоохон спорт хороод болон олон бөхтэй зарим нэг аймаг эрт гал болон гарч нэгдсэнийг эс тооцвол ихэнх нь нутаг орноос өгөх зардлаа хүлээх, эсвэл зарим нэг нь нутгийн ах нараа дэмжин, сонгуульдсан байх тул бэлтгэлд гарах ёстой бөхчүүд хэд хоногийн өмнөөс бүрэн бүтнээрээ цуглацгааж байгаа ажээ. Манай сонины сурвалжлах хэсэг Өвөрхангай аймгийн бөхийн галаар орлоо. Энэ галын бөхчүүдийн бэлтгэлийг дархан аварга Б. Цэрэнтогтох, улсын арслан Б.Ганбаатар нар удирдаж байгаа юм байна. Арслан Б. Ганбаатар “Бөхчүүд өглөө эрт бэлтгэлээ хийсэн. Одоо амарч байна. Маргааш цэргийн наадамтай болохоор өнөөдөр жаахан амарсан нь дээр байх хэмээн ярих нь бөх хүн бахөө л хайрлах сайхан сэтгэлийн тодотгол буй за. Биднийг Б.Ганбаатар арслантай уулзахаар гэрт нь ороход олноо том хэмээн алдаршсан улсын заан Санжаа гуай ирчихсэн сууж байлаа. Ийнхүү ахмад заан, арслан хоёр хол ойрын бөхийн домог ярьж, өнөө цагийн залуусынхаа барилдааны ур, хүч тамирын тухай хөөрөх нь цаанаа л нэг сайхан. Өвөрхангайн гал энэ жил Богд Хан-Уулын баруун өвөрт Бугын сангийн аж ахуйн ойролцоо гарчээ. Ер нь энэ хавьд уул ус тэгш, сайхан зун болж байна. Нөгөөтэйгүүр хэд хэдэн бөхийн гал айлсчээ. Тухайлбал ”Хилчин” спорт хорооны дарга, улсын өсөх идэр начин, гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц “Хилчин” спорт хорооныхоо бөхчүүдийг ахлан гараад байна. Энэ галд улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Д.Пүрэвсүрэн, Н.Түмэннаст, Н.Бүрэнбаатар нарын 40 гаруй бөх бэлтгэлээ базааж байгаа аж. Өнгөрсөн жилийн наадам “Хилчин” спорт хорооных болсон. Энэ жил ч бөхчүүд нь муугүй барилдах бололтой. Энэ галд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний зарим бөх хамрагджээ. Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин Б.Сангисүрэн нарын бэлтгэл сайн байгаа гэнэ. Энэ галынхан аймгийн арслан Ц.Чимэддоржийг улсын цол хүртэнэ гэх яриатай угтав. Мөн “Хилчин” спорт хороотой залгаад улсын харцага Д.Батболдын удирдсан Баянхонгор аймгийн “Их богд” бөхийн дэвжээний гучаад бөх бэлтгэлээ хийсээр. Энэ галаас улсын их баяр наадмаар аймгийн арслан Д.Энхбат, Б.Эрдэнэхүү нарын бөхчүүдээ цолонд хүрнэ байх хэмээж сууна. Сүхбаатар аймгийн бөхчүүдээс аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар энэ жил амжилттай барилдаж, улсын цолтны эгнээнд хүрэх боломж буй сурагтай. Дорнод аймгийн бөхчүүд өнөө жил хамгийн түрүүнд наадмын бэлтгэлдээ гарсан. Хэн нь ч юм дуулгахыг үгүй гэх газаргүй. Өмнөговиос өнгөрсөн жилийн наадмаас төрсөн Ц.Одбаяр, Б.Сумъяа нарын бэлтгэл ч дажгүй байгаа гэсэн. Улсын начин Б.Одхүү ч нутгийнхаа бөхчүүдийг амжилттай сойж, хоосонгүй буцаж мэдэх юм. Наадмын өмнө бөхчүүдийн галаар орж бэлтгэлийн тухай яриа чих дэлсэх нь нэг ийм.
Ингээд бид зорьж ирсэн Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэлийг ахалж буй Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Б. Ганбаатартай цөөн хором ярилцлаа. - “Их монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд маань хэдийнээс бэлтгэл сургуулилтдаа гарсан бэ?
-Улс хувьсгалын их баяр наадам үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн бөхчүүд зургадугаар сарын 12-ноос эхлэн бэлтгэл сургуулилтаа хийж байна. Хилийн цэргийн бөхчүүдтэй айл саахалт буучихсан байгаа. Ер нь манай бөхчүүдийн гал жилийн жилд ойрхон гардаг. Манай аймгийн бөхчүүд нэлээд олуулаа гарсан байгаа. Залуучууд, улсын цолтой бөхчүүд ч олон бий. Ерөнхий зөвлөхөөр нь дархан аварга Б.Цэрэнтогтох ажиллаж байна. Дасгалжуулалтыг нь арслан Ганхуяг бид хоёр хийлгэж байгаа. Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт хэвийн сайхан байгаа.
-Энэ жил танай залуусаас бэлтгэл хангагдсан улсын цолонд хүрэх магадлал өндөр хүн олон байгаа биз?
-Үүнийг хэлэх хэцүү шүү дээ. Хүн болгон л сайхан уран гоё барилдаж олон түмнээ баярлуулах, өөрсдөө шинэ цолонд хүрэх зорилготой байгаа нь тодорхой шүү дээ. Ер нь наадмын өдрийн од гэж бий.
-Өвөрхангайн бөхчүүдийн зарим нь”Алдар” спорт хороонд харьяалагддаг. Тэнд хэн хэн байгаа вэ?
-Өвөрхангай аймгийн бөхчүүдээс “Алдар” спорт хороонд харьяалагддаг 12 бөх байдаг юм. Тэр бөхчүүд маань бүгд л өнгөтэй сайхан байгаа. Түүний дээр улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй аймаг, цэргийн цолтой хэд хэдэн бөх байна. Тус тусынх нь бэлтгэл жигдэрч, бөхчүүд маань наадмын өнгөө нэмж байна даа.
-Арслан Та олон жил нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэлийг удирдлаа. Заал, танхимын барилдаанаас харахад энэ жил танай аймгийн залуучууд нэлээд сайн байгаа санагдсан?
-Сүүлийн хэдэн жил Өвөрхангайн бөхчүүдийн бэлтгэлийг дасгалжуулж, нутгийн бөхчүүддээ тус дэм болох гэж хичээж л явна. Бөхчүүдээ ахалж байх хугацаанд Д.Сумъяабазар маань аварга боллоо. Д.Ганхуяг маань улсын наадамд түрүүлж, арслан боллоо. Ер нь жилийн жилд Өвөрхангайгаас шинэ цолтон төрж байна. Тэр бүхэнд баярлаж явдаг даа. Энэ жилийн нэг онцлог нь барилдаан олонтой жил байлаа. Тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаанд манай аймгийн бөхчүүд хоёрдугаар байр эзэлсэн. Тэр барилдаанд залуучууд голдуу бөхөө барилдуулсан. Тэгэхээр шинэ залуу хүчтэнүүддээ ихээхэн найдлага тавьж байгаа.
-Бөх хүн хаа явсан газраа эрэлхийлж өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийг хайж явдаг гэж ярьдаг. Таны хувьд ч тийм зан бий биз?
-Байлгүй яахав. Бөх хүн гэдэг эр хүний дээд, эх орны нөмөр нөөлөг шүү дээ. Тиймээс энэ тэнд явахдаа залуу хүүхдийн бие хаа, барилдаан гээд олон зүйлийг анхаарч, анзааралгүй яахав. Би чинь дасгалжуулагч хүн. Тиймээс зөвхөн үндэсний бөх ч биш өөр төрлүүдээр тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах алдартан бэлтгэх нь миний үүрэг, хариуцлага. Зүгээр Ганбаатар гэдэг хүн өөрөө барилдаж эсвэл өөрийгөө бодох эрх надад байхгүй. Тиймээс хойч үеэ монгол бөхийн түүхэнд төрүүлэх нь чухал юм.
Ийнхүү төр, түмнийхээ хайр ивээл, итгэлийг хүлээх монгол бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа хангаад эр бие, бяр хүч нь жигдэрлээ. Улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдсэн. Энэ өдрүүдэд хэн нь хэн бэ гэх бөхийн тааврыг тодорхойлсон хэд хэдэн барилдаан болсон. Тухайлбал улсын баяр наадмын их сорилгод Төв аймгин Дүнжингарав дэвжээний бөх Төв аймгийн Баянхангай сумын уугуул улсын залуу начин Б.Батмөнх түрүүлсэн нь бөх сонирхогчдын анхаарлыг татаад зогсохгүй энэ жил өсөх ирээдүйтэй олон залуус буйг тодорхойлох нэгэн үзүүлэлт болсон биз ээ. Бөхийн галаар явж байхад анзаарагдсан нэг зүйл бол бэлтгэл нь хангагдсан залуу бөхчүүд маргаашнаас бэлтгэлээ дуусгаж аймаг сумынхаа наадамд зодоглохоор мордох ажээ. Харин улсын наадамд барилдах бөхчүүд ирэх долоо хоногоос бэлтгэлээсээ буух гэнэ. Залуу бөхчүүдийн нөмөр нөөлөг болсон ахмад буурлуудыг бөхийн галууд урьж барилдаанаа сонирхуулж заавар зөвлөгөө авдаг уламжлал тогтоод удаж байна. Тэр ч утгаараа Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээнийхэн улсын заан Санжаа гуайг урьжээ. Өдгөө наян насны босго алхаж буй энэ буурал цагтаа ид хаваараа гайхуулж, уран мэхийг уралдуулан барилдаж түмэн олноо баясган цэнгүүлж явсан түүх бий. Тэр ч утгаараа “Том” хэмээх ард түмний хүндлэл тээсэн алдрыг хүртсэн биз ээ.
Ингээд Монгол Улсын заан “том” Санжаа гуайтай товч хөөрөлдлөө.-Сайн байна уу та, сайхан зусч байна уу?
-Сайхаан хүүхдүүд минь. Сайхан зусч байна уу.
-Нутгийнхаа бөхийн гал дээр ирчихсэн сайхан байна уу?
-Сайхан байлгүй яахав. Зодог шуудгаа өмсөөд л асч, дэвээд гарч буй хүүхдүүдийг харахаар залуу нас санагдаад өөрөө барилдах гэж байгаа юм шиг л болох юм.
-Өвөрхангай аймгаас олон сайхан хүчтэнүүд төрсөн. Тэр дундаас одоо хамгийн өндөр настай бөх нь Та бил үү?
-Тиймээ. Ахмад нь би боллоо. Насныхаа оргил дээрээс эргээд харахад намайг залуу явахад олон сайхан ахмад бөхчүүд маань бидэнд их юм зааж сургаж байж. Тиймээс тэр сайхан хүчтэнүүдийнхээ эрдэм, мэдлэгийг хойч үедээ өөрийнхөө чадлаар өвлүүлэх юмсан л гэж хичээх юм. Сүүлийн хэдэн жил манай Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээнийхэн урьж залуу бөхчүүдийнхөө барилдааныг сонирхуулж заавар зөвлөгөө авах юм. Үүнд нь ч би их дуртай. Бөхчүүд гал болон гарч гэж сонсоод л догдолно шүү дээ.
-Таны барилдаж байсан үе, өнөө цагийн бөхчүүдийн хооронд ялгаа их байна уу?
-Бөх гэдэг дан ганц бяр, хүчээр хүнийг дийлэхийг хэлдэггүй. Барилдаж байхад үргэлж л оюун ухаан ажиллаж байдаг. Нэг их ялгаа гэж юу байх вэ. Олон сайхан аавын хүүхдүүд уламжлал болж ирсэн уран гоё мэх хийгээд л барилдаж байна. Гэхдээ өнөө цагт их сайхан барилдаанууд болдог болж. Би ч өөрийгөө нас өндөр болчихсон гэж голохгүй шүү. Хаана ямар барилдаан болж байна сураг сонсоод л таягаа тулаад гарна шүү дээ.
-Энэ жилийн улсын их баяр наадмаар та хэнийг түрүүлнэ гэж бодож байна?
-Ер нь л бөхчүүд маань өнгөтэй сайхан харагдаж байна. Олон аавын хүүхдүүдээс нэг нь тунаж үлддэг нь жам. Таахад бэрх шүү дээ. Босоо хийморьтой сайхан барилдаанаараа бусдаасаа илүүрхсэн нь л түрүүлэх байх.

Өнгөрсөн жил манай сонины сурвалжлах багийнхан ирж байсан Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат О.Мөнхбаяр байлаа. Танилтай хүн талын чинээ ч гэж үг бий. Бид эртний танил шиг дуу шуу болон мэндэлж морьдын уяа сойлгын тухай яриандаа шилжлээ. -Хул азарга өнгөрсөн жил хэр хурдалсан бэ. Ямар гаралтай адуу вэ?
-Сайхан шүү. Сумынхаа наадамд айрагдаж, аймгийнхаа наадамд арваар давхисан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай. Эцэг тал нь их хурдтай азарга байгаа юм. Яахав молор эрдэнийн буян. Одоо даага, шүдлэн гээд үр төлөөс нь уяж эхэлж байна. Задгай давхилттай. Нар, бороо гэж нэг их ялгаад байдаггүй хурдан буян даа.
-Зуншлага сайхан уу?
-Газрын гарц одооноос л өнгө засч байна. Ойрхон булагтай болохоор морьдын ажилд байгаль, дэлхий нэг их сөрөг нөлөө үзүүлэхгүй л байна. Манайх ч жил бүхэн Түргэний голоор нутаглаад сурчихсан. Адуу ч эндээ ижил дасал болчихлоо доо.
- Энэ жил хэдэн насны морьд барьсан бэ?
-Зургаан настай. Их морь, соёолон хоёр давхар. Нийтдээ найман морь уячихаад л сууж байна даа.
-Хаана уралдах вэ?
-Улсын наадамд энэ жилдээ уралдахгүй гэсэн бодолтой байгаа. Маргаашаас морьдоо ачаад хөдөлнө. Сумдаа давхилыг нь тааруулж их сунгаа маягаар уралдана. Дараа нь Төв аймгийнхаа 90 жилд хурдаа шалгана даа.
-Таны хувьд хамгийн сайхан наадам гэж ямар наадмыг хэлэх вэ?
-Наадам бүхэн сайхан шүү дээ. Гэхдээ хүүхэд, морь хоёр л эрүүл энх байх шиг сайхан наадам хаа байх вэ. Уяач хүн нэг л алдаа гаргавал морь цуцах, гэмтэх аюултай. Мөн хурдан морины эмээл, хазаараас эхлээд ганц ширхэг угсуурга, ганзага байсан ч анхаарал хандуулахгүй бол болохгүй.
-Цаг агаарын байдлаас морьдын давхил мэдэгддэг гэдэг. Энэ үнэн үү?
-Хүн малын зоо тэнэгэр байна. Уралдах морьдод цаг агаар, газрын бартаа чухал байлгүй яахав. Гэхдээ уяа сойлго чухал л даа. Морьдын байдлаас наадмын өнгийг ч харж болно шүү дээ.
-Наадам бүр л өөр өөрийн өнгөтэй байдаг. Энэ жилийнхийг тодорхойлбол?
-Олон сайхан хурдан хүлгүүд төрнө байх. Монгол хүн морьддоо хүнээс дутуугүй хайртай байдаг болохоор адуу эзэн хоёр шүтэлцээтэй байдаг биз. Энэ наадам их сайхан наадам болно гэж бодож байна.
-Танай сумаас улсад түрүүлж байсан хурдан морьд бий биз?
-Байлгүй яахав, “Соёмбын хонгор” улсынхаа 50 жилээр айрагдаж, бас Баасандашийн соёолон түрүүлж байсан удаатай.
-Түргэний голын орчмын газрын хөрс ямар байна. Морины хөлд хэр халгаатай вэ?
-Энэ яахав морьдын зохицолдлогоо гэж байна л даа. Ер нь манай энд хуурай хөрстэй, чулуу ихтэй. Ийм газар морины хөл улдах халгаатай байдаг. Зүүн чигээс буюу зөөлөн хөрстэй газраас ирсэн адууны хөл манай энд хурдан гэмтчих гээд байдаг.
-Сүүлийн үед морины цус сэлбэх, газар газрын хурдан хүлгийг сонирхож цуглуулах нь уяачдад их анзаарагдаад байна. Залуу хүний хувьд өөрөө аль зэрэг цус сэлбэлт хийж байна.
- Сайн сэлбэж байгаа. Сүхбаатар аймгаас л гэхэд дөрвөн азарга авчирсан.
- Ер нь анзаараад байхад зүүн талын адуу давхил нь арай илүү байгаад байна уу?
- Тийм. Ер нь Сүхбаатарын адуу их сайн байгаад байна даа. Ахмад уяачид хурд тойрдог гэж ярьдаг. Тэгэхээр алсаараа өөр газраас хурд төрөх байх. Ер нь хурд тойрдог л юм гэсэн тэгээд зүүнээсээ урагшлах юм уу яах юм бүү мэд.

Тэрбээр 20 гаруй жил морь уяж байгаа аж. Улсын их баяр наадмаар хоёр ч айраг авчихсан энэ залуу морины эрдмийг ааваасаа өвлөж авсан. Арав гаруйхан насандаа уйлж гуйж байгаад анх нэгдэлд туслах адуучнаар ажилд орж байсан гэдэг. Тухайн үед насанд хүрээгүй хэмээн бага цалин өгдөг байсан ч түүнд цалин биш адуу л сонирхолтой байсан гэдэг. Морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах гээд адуутай холбоотой бүх л эрдмийг төгс эзэмшсэн энэ залуу энэ жилийн улсын их баяр наадамдаа 20 шахам шандаст хурдан хүлгээ сойжээ. Морьдоо эмээллэж ойрын зайн давхил буюу уяачдын хэлээр үсэргээ, тар хийлгэж байлаа. Саравчтай шар малгайгаар ижилссэн энэ хоёр охин хэдийгээр хотод төрж өссөн ч адуучин ахынхаа буянаар хурдан морины нуруун дээр өссөн юм шиг л цангинатал гийнгоолж, уяагаа гороолоод алсын давхил хийж гүүглэх нь цаанаа л дотно. Ийнхүү уяа сойлго жигдэрч шандаст хурдан хүлгүүд торгон жолоо зүүдлэн зүүрмэглэнэ. Ай хурдан морины туурайн тоос дээлэнд шингэх, хулсан хусуурын сувдан хөлс магнайд буух монгол наадам айсуй.
В.НЭРГҮЙ
М.АЗАЙ
Х.МӨНХЗУЛ
М.АЗАЙ
Х.МӨНХЗУЛ

Сэтгэгдэл (3)
хаан (202.179.28.162)
Монгол хүн дэлгэсэн малгыг их бэлэгшээдэг. Алгаа дэлгэсэн хүний сэтгэл ч өгөөмөр сайхан байдаг. Наадам ч ойртлоо доо
М.АЗАЙ (103.23.51.1)
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСАДНЫ 807 ЖИЛИЙН ОЙ,АРДЫН ХУВЬСГАЛЫН 92 ЖИЛМЙН ОЙ БАЯР БОЛОХОД ЕРӨӨ 04 ХОНОГ ҮЛДЭЭЛЭЭ ШҮҮ
(202.179.11.98)
delgesen alga shig gen uu