Г.Цэрмаа: Миний охин дэлхийд нэрээ дуудуулж яваа чинь л ээжид нь жаргал
- 2013-08-31
- Спорт
- 0
Талын монгол нутгаас тив дэлхийн дэвжээнд аваргалж, Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ хуудас дэлгэсэн дэлхийн аварга М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаатай ярилцлаа. Монголын эмэгтэй жүдочдоос анхны дэлхийн аварга болж, Монгол хэмээх нэрийг Бразилийн Рио-де-Жанейрогийн тэнгэрт мандуулж бахдам амжилт үзүүлсэн өдгөө 23-хан настай Уранцэцэгийг дараа дараагийн дэлхийн дэвжээ хүлээж буй.-Дээлийн зах мушгиж суусан дэлхийн аваргын ээжийн хувьд охиноо аварга болоход сэтгэл их огшсон байх. Тэр баяр хөөрөөсөө манай уншигчидтай хуваалцаач?
-Яг охиноо аваргын медалиа хүзүүндээ зүүх үед өөрийн эрхгүй уйлсан. Цээж рүү нэг юм огшоод л нулимс гэдэг чинь сул асгараад л байсан. Ер нь, аливаа тэмцээн уралдаанд явах бүрт нь, барилдах бүрт нь би сэтгэлээрээ охинтойгоо хамт барилддаг юм. Ялалт бүрт нь урам хайрлан утсаар ярина, урмын үгтэй мэссэж бичнэ, цай сүүнийхээ дээжийг өргөнө. Зурагтаа хүртэл арц хүжээр ариулна гээч. инээв
-Аваргын төлөөх барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялчихаад медалийн тавцанд зогсон төрийн дууллаа эгшиглэж байх үед Уранцэцэг маань нулимс унагаж харагдсан. Тэр агшин, тэр ялалт маш олон хүнийг огшоосон доо?
-Тэгэлгүй яахав. Бид гэр бүл, хамаатан саднаараа олуулаа үзэж байсан юм. Яг тэр л агшинд чинь бүгд уйлаад л, үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр баярлаж, бахдаж байсан. Өмнө нь, олимпод ороод ялж яваад есхөн секундын дотор ялагдсан болохоор энэ удаагийн аваргын төлөөх барилдаан охины минь хувьд ч, миний хувьд ч үнэхээр хүнд байсан. Гэхдээ охин минь заавал ялах ёстой гэж бурхандаа залбирч байсан. Өөрөө ч их хатуужилтай, эрмэг, зоримог болохоор л энэ амжилтад хүрсэн гэж боддог.
-Ээж нь л хамгийн дотны найз, хамгийн хүндтэй багш нь болдог нь дамжиггүй?
-Тийм ээ. Нэгэнт спорт гэдэг энэ том өрх айлын гишүүн, нэгээхэн хэсэг болсон учир тэсвэр хатуужилтай байж эцсийг нь хүртэл тэмцэх ёстой гэж сургадаг. Заавал оргилд нь гарах ёстой шүү гэнэ. Гэхдээ миний захиас сургамжаас илүүтэй өнөөдрийн энэ амжилтад охин маань өөрөө л хүрсэн. Багаасаа их хэрсүү, юманд тууштай, зөв хор шар нь өдий зэрэгт хүргэсэн.
-Аварга болсны дараа та утсаар ярьсан байх. Тэр үед охины тань сэтгэл хөдлөл ямар байсан бэ?
-“Ээжээ, ээжээ охин чинь ялсан шүү. Одоо таныгаа жинхэнээсээ жаргаанаа” гээд л уйлаад байсан. Өмнө нь олимпын дэвжээнд зодоглоход багахан аз дутсан. Тэр үед “Ээжээ охин чинь таныгаа баярлуулж чадсангүй” гээд сэтгэл дундуурхан ирсэн юм. Тухайн үед би “Ээж нь хэн хүнээс илүү жаргалтай байна. Миний охин дэлхийд нэрээ дуудуулж яваа чинь л ээжид нь жаргал” гэж билээ. Харин өнөөдөр би тэр үеийнхээс ч илүү их жаргалтай, баяртай байна. Охиноо аварга болсноос хойш хөл газар хүрэхгүй л явна даа. Алтан медаль зүүгээд уйлж байгаа нь зурагтаар гарах бүрийд нь хамт уйлна, инээх үед нь хамт инээнэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй болчихсон шүү. “Ээжээ, одоо таныгаа жинхэнээсээ жаргаанаа” гэсэн үг нь дэлхий даяар цуурайтах шиг л болсон. Чихэнд минь дахин дахин сонсогдоод. Одоо ч гэсэн.
-Багадаа барилдах, ноцолдох дуртай хүүхэд байсан гэж сонссон. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Багаасаа л хаа газар л барилдаж явдаг байсан. Эмэгтэй хүүхэд хэр нь өөрөөсөө биеэр том, насаар ах эрэгтэй хүүхдүүдтэй барилдана. Манай удамд шаггүй сайн барилдчихдаг бөх хүн олон байсан болоод ч тэр үү ген нь байдаг санагддаг байсан. Өөрөө ч сав л хийвэл барилдаж ноцолддог, бөхөд дуртай хүүхэд. Хэдийгээр барилдаж ноцолдоод явдаг ч гэлээ уг хүн нь их даруу төлөв зантай. Нэгдүгээр ангид орсон цагаасаа л ангийнхаа банди нартай барилддаг байлаа. Багш нь ч намайг их дуудна. “Танай охин хөвгүүдтэй барилдаад явж байх юм, тэр хүүхдийн толгойг нь булдруу болгочихсон, тэрнийх нь хөл гарыг гэмтээчих шахлаа” гээд л. Дээрээс нь ахтайгаа их барилдана. Өөрөөсөө ах хамаатан садныхаа ах нарыг барилдаад шидчихдэг тийм л хүүхэд байсан даа. “Миний охион, эмэгтэй хүүхэд байж ингэж болдоггүй юм” гэхээр “Эд нар чинь надад шидүүлээд байгаа юм чинь яахав дээ” гээд л хээв нэг сууна. Ер нь л багаасаа их эршүүд хүүхэд байсан юм. Би нэг үе болиулах гэж үзсэн ч надаас нуугдаад үүргэвчиндээ биеийн тамирын хувцас, алчуур хийчихээд Спортын төв ордонд очиж хаалгаар нь шагайдаг байсан гэсэн. Бэлтгэл хийж буй тамирчдыг хараад зогсоод байхаар нь багш нар нь сүүлдээ загнан “Энэ жаахан охин юу хийгээд байгаа юм, яв!” гэхээр төд удалгүй л эргэж орж ирээд суучихдаг, спортод тэр дундаа бөхөд тийм л хайртай хүүхэд байсан даа. “Би өнөөдөр тамирчидтай бэлтгэл хийсэн, тэр эгч нар намайг шидээд, би ч бас шидээд л” гээд хөөрхөн хөөрхөн юм ярина. Тэгэхээр нь би нэг өдөр багштай нь очиж уулзаад “Миний охин бөх сонирхоод байгаа юм. Сонирхлынх нь дагуу секцэнд явуулдаг юм уу” гэтэл “Дэндүү балчир байна, ийм жаахан хүүхэд мөгөөрс, яс нь бүрэн бэхжиж амжаагүй учраас авахгүй ээ, зургаа долдугаар ангид орохоор нь авчирч өгөөрэй” гэсэн. Тэгээд л зургадугаар ангид орсон жил нь манай нэг найз дагуулж Спортын төв ордны жүдо бөхийн дугуйланд оруулж байсан даа.
-Тухайн үед та юу гэж бодож байв?
-Хэдий балчир байсан ч тэр үед би охиноосоо асуусан л даа. Чи үнэхээр чадна, эцсийг нь хүртэл явна гэж байгаа бол одоо сонгож буй спортоо орхиж болохгүй шүү. Чи чадах уу” гэж. Тэгэхэд охин маань нэлээн нухацтай бодож байснаа өөртөө итгэлтэй нь аргагүй “Чадна” гэж хариулсан. Тэр бол өөрийнх нь шийдвэр, сонголт байсан. Охин минь амьдралынхаа замыг өөрөө л сонгож өнөөдрийн амжилтад хүрсэн. Анх Баярсайхан багштай сар гаруй бэлтгэл хийгээд шууд “Женко” клубт орсон доо. Сайд Баттулгын хувьд ч гэсэн үнэхээр нүдтэй хүн юм шиг санагдсан. Морь уядаг гарамгай уяач хүмүүс удам, угшил сайтай хурдан хүлгийг нэг хараад л таньдаг шиг дөнгөж зургадугаар ангийн жаахан охиныг минь олимпын аварга болно гээд клубтээ авч байсан нь үнэхээр гайхалтай. Миний охиныг олон ч тэмцээн уралдаанд бүх талаар нь дэмжиж амжилт гаргахад нь их нөлөө үзүүлсэн хүн. Би охиноо хар багаас нь л хэний ч туслалцаагүйгээр өдий хүртэл өсгөж, нэр, мөр бүтэн явуулах гэж их хичээсэн. Уранцэцэгийг хоёрдугаар ангид байхад нь аав бид хоёр нь тусдаа амьдрах болсон юм. Тэр цагаас хойш гурван хүүхдээ элэг бүтэн өсгөж, хүн шиг хүн болгохын тулд чадахаараа зүтгэсэн. Ганц бие эмэгтэй хүний хувьд их үүрэг хариуцлага байсан. Тиймдээ ч хүүхдүүдээ авьяастай, ухаантай, дайчин, хөдөлмөрч хүүхдүүд болгон шазуур зууж, хэнээс юу ч гуйхгүй явж чадна гэдгээ аавд нь ч, ах дүүст нь ч харуулна гэж боддог байсан. Одоо ч би харуулж байна. Баттулга сайдын хувьд миний охиныг түшиж аваад, тэмцээнд явахад нь тусалж дэмждэг, бараг л эцгийн хайраар дутаж явсан охинд минь аавынх нь оронд аав нь болж байсан даа. Хамт бэлтгэл хийж, нутаг ус, эх орныхоо нэрийг дэлхийд гаргана шүү гэж захиж сургадаг байсанд нь энэ завшааныг ашиглаад баярлаж байгаагаа илэрхийлье. Охиныг минь дэлхийн аварга болгосонд таньд маш их баярлалаа.
-Мэдээж спортын хүнд багагүй хөрөнгө санхүүгийн тусламжаас гадна сэтгэл санааны дэмжлэг хэрэг болно шүү дээ?
-Үнэхээр тийм. Баттулга сайд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн. Мөн “Bridge” группийн захирал Дорждэрэм гэдэг хүн миний охинд их тус болсон. Охин маань самбын дэлхийн аваргад явах болсон юм. Өөрөө ч дуртай байсан л даа. Гэвч тухайн үед зардал олддоггүй. Нэг өдөр утас дуугартал Урнаа маань “Ээжээ би зардлын мөнгөө өөрөө олоод тэмцээндээ явнаа” гэдэг юм байна. Би ч гайхаад хоёр сая төгрөг яаж олох гэж байгаа тухай асуутал “Нутгийнхаа нэг сайн ахыг хүнээр заалгалаа, одоо уулзах гээд ажлынх нь өрөөний үүдэнд ирчихсэн байна” гэлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Сэтгэгдэл (0)