Бидний эрүүл мэндийн боловсрол муутай байдал нь хавдар үүсэх үндэс болж байна

Аливаа өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэлцдэг. Тэгвэл тэр хийсч, дэгдэж яваа өвчнөөс хүн өөрийгөө урьдчилан хамгаалж чадвал хангалттай юм шиг. Харамсалтай нь хэнэггүй нь хэтэрсэн манайхан ёстой л “ниргэсэн хойно нь хашгирав” гээчийг үзүүлэх юм даа. Учир юу гэвэл насаараа мал маллаж хэдэн малаа үр хүүхэд шигээ бөөцийлж, хоттой хониноосоо холдож үзээгүй шахам ээж минь өнгөрсөн зун хөл нь өвдөж тартагтаа тулаад эмнэлгээр явах болов. Амьдралдаа эмнэлэгт ховорхон хэвтэж, зүү тариа тоотой хэрэглэсэн хөнгөн шингэн ээж минь хоёр дахь шатлалын хоёр, гурван эмнэлгээр явсан ч онош нь тодорхой гарсангүй. Ингээд Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ өгтөл элэгний хорт хавдар туссан болох нь тогтоогдов. Элэг дүлий эрхтэн болох нь эндээс харагдана. Хөл өвдөөд гэхээс өөр зовиургүй хүн хорт хавдар тээж явсан байна шүү дээ. Эмчийн хэлснээр харин ч тартагтаа арайхан тулаагүй байна гэсэн таатаа мэдээ сонслоо. Энэ үед ямар азаар хөл нь өвдсөн юм бэ дээ л гэж бодогдоно. Тэгээгүй бол аглаг хөдөөдөө шигдэж байгаад хүндрүүлэх байлаа. Эмчийнхээ зөвлөгөөгөөр элэг төлжүүлэх эмчилгээг сар гаруй хийлгэсний эцэст хагалгаанд орсон. Бүхэл бүтэн 5-6 цаг үргэлжилсэн мэс засал арайхийн өндөрлөж, ар гэрийнхэнд нь элэгний 65 хувийг авсан болохыг дуулгав. Сонсоход байж боломгүй юм шиг боловч угийн хөнгөн шингэн ээж маань хоолны дэглэм ягштал барьж, эмчийн хяналт дор эмчлүүлсээр өдгөө хөл дээрээ бүрэн босч, биднийхээ магнайг тэнийлгээд байна. Ийн өгүүлэхийн учир хийсч ирэх өвчнийг хүлээх биш, урьдчилж хамгаалахыг сануулахыг зорив. Монголчууд бие нь өвдөхгүй л бол өөрийгөө гаргуунд хаяж, өвчнөө хүндрүүлчихдэг муу зуршилтай. Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдар хуурай өвсөнд тавьсан түймэр мэт хурдацтай тархаж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 5000 гаруй хүн хавдартай гэж оношлуулжээ. Гэхдээ энэ тоо бол зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэд. Үүний цаана хөдөө орон нутагт ээж шиг маань өвчнөө мэдэхгүй яваа олон хүн бий. Манай улсад нийт хавдрын 45 хувийг элэг, 17 хувийг ходоодных эзэлж байна. Хүн амын дунд элэгний В, С болон бусад вирусийн халдвар их байгаагаас хавдраар өвчлөгсөд олширч байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Вирусийн халдвар нь хүний биед маш удаан хугацаагаар оршин элгийг хатууруулж, үрэвсүүлснээс хавдар үүсдэг байна. Энэ нь 1950- 1980-аад оны үед эмнэлэгт нэг тариураар бүх хүнийг тарьж, багаж хэрэгслийн ариутгал муу, хүртээмж хангалтгүй байсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Шүд эмчлэх, шивээс, үр хөндөлт, гоо сайхны мэс ажилбар хийхдээ ариутгаагүй багаж хэрэглэх нь вирусийн халдвар тархах үндэс болдог байна. Бид энэ талаар төдийлөн мэддэггүй тул ялангуяа залуус хаа тааралдсан газраа шивээс хийлгэх нь бий. Энэ бүх шалтгаанаас үүдэн манай улсад ойрын хугацаанд элэгний хавдрын өвчлөл багасахгүй гэсэн урьдчилсан төлөв гарсан байдаг. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай орны хувьд элэгний хавдрын өвчлөл ийм өндөр байгаа нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч М.Чинбүрэн хэлсэн. Учир нь манайхаас хамаагүй олон сая хүн амтай АНУ-д л гэхэд 100 мянган хүн тутмын ердөө хоёр нь элэгний хавдраар өвчлөх магадлалтай байдаг аж. Гэтэл манай улсад энэ үзүүлэлт 90-ээс илүү байх магадлалтай гэж гадаадын хэвлэлд бичжээ. Түүнчлэн М.Чинбүрэн эмчийн ярьснаар тус тасагт өдөрт 40-50 хүн үзүүлж, 2-3 хүн хагалгаанд ордог юм байна. Гэтэл уг тасаг 15-хан ортой учир өвчтөн ор хүлээхээс өөр аргагүй болдог. Уг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлж буй ганц тасаг юмсан. ХСҮТ 200 гаруй ортой байсан ч жил бүр орны тоог багасгасаар байгаа гэнэ. Гэтэл хавдрын өвчлөл жил бүр нэмэгдээд байхад ийм харалган зохицуулалт хийж байгаа нь хавдрын хагалгаанд орох гэж хүлээсэн иргэдийн бухимдлыг барна. Нөгөөтэйгүүр энэ чиглэлийн эмч мэргэжилтэн хэрэгтэй байгаа учир дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт ажиллуулж байхын оронд уг эмнэлэгт дадлагажигч эмчээр 3-5 жил цалинтай ажиллуулах хэрэгтэй. Тэд туршлагтай эмч нараас суралцаж, өвчтөнтэй хэрхэн харилцах, онош яаж тогтоодог, онош нь батлагдсан өвчтөнийг яаж эмчилдгийг мэдэрсэн хойноо дүүрэг, хөдөө орон нутаг, өрхийн эмнэлэгт очиж ажиллавал хорт хавдрыг эрт оношлоход дөхөмтэй гэдгийг тэрээр мөн хэлж байсан юм. Нэмж хэлэхэд, та бидний амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн боловсрол муутай байдал л хавдар хэмээх аймшигт өвчин үүсэх үндэс суурь болж буй. Тиймээс оношлогоо, эмчилгээ эрс сайжирсан ийм үед эрүүл амьдрахын тулд хүн бүр сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдаж байх нь нэн чухал байна. Үгүй ядаж л тамхинаас татгалзаж чадвал дэлхий дахинд хавдраар нас барах хүний тоо 22 хувиар буурах нь. Түүнчлэн манай улс сүүлийн гурван жил хавдрын эсрэг тэмцэхээр ханцуй шамлаж эхлээд байгаа. Тухайлбал, хүн амын нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод байгаа хорт хавдартай тэмцэх, хорт хавдрын талаарх ойлголтыг иргэддээ өгч хавдрыг эрт илрүүлэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян” гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил хавдрын өвчлөл ихтэй найман аймагт хавдрын аянг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, хавдрын үзүүлэлтээрээ толгой цохих болсон Дорнод аймгаас аян эхэлж, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай-Хархорин, Сэлэнгэ-Зүүнхараа гэсэн аймгуудад ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон наймдугаар сарын 18-наас хуваарийн дагуу ажиллаж эрсдэлт бүлгийн иргэдийг үзлэг оношлогоонд хамруулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, орон нутагт яаралтай мэс ажилбар хийх аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгмийн сайн сайхан, хүн ардын хавдаргүй эрүүл амьдралын төлөө ХААН Банк сангаас “Хавдрын эсрэг үндэсний аян”-д 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж, Монгол орныг тойрон ажиллаж, эрсдэлт бүлгийн 40 гаруй мянган иргэнийг хавдрын цогц үзлэг, оношлогоонд хамруулан168 яаралтай мэс ажилбарыг газар дээр нь хийж, 480 сувилагч, 2173 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулжээ. Нийт 13.600 иргэн, ЕБС- ийн 50.000 сурагчид “хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх” тухай сургалт явуулсан байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 19.3 хувь нь хавдрын урьдал өвчин болоод хоргүй, хортой хавдар гэж оношлогдсон бол 53 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл Үндэснний аяны үр дүнд 7.400 орчим хүн хавдрын эрт шатандаа оношлогдож, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах бүрэн боломжтой болжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • surenhuu (202.70.46.202)

    2014-05-03

    Said aa emnelegiin uilshilgeegee saijruulaach tanai yammiijan amidrald niitsehgui tushaal zaabar toot gardaag unen agaart yabah yumaa emyam odoo heden baga emch naraaraa setgel zui ajlaar ni togloj biznes hiih geed baga emchiin llezentse subilagsh lizents bolgo esvel nema diplom sursh ab genee.manai mongol uls alslagdsan tarhai butarhai hun am ni orshin suudag yum bna gedgiig eronhiilogsh boloh gej yabahdaa anzaardaggui ter baga emch. Nar tuhai ajil uurgiin 80% uurch yabdag yum shuu ene sudalgaa ene asuudal yag odoo mongold boloogui buh bagiin emch nariig ih emsheer colitol ...hezee saidaa sudalgaa bolioc h

  • (124.158.109.215)

    2013-09-03

    Havdariin asuudald tor anxaaraachee

  • zochin (202.179.20.173)

    2013-09-03

    Urhiin emnelgeer havdriin shinjilgee avah aynd oroltsood odoo hurtel hariu ni garaagui bga sh dee.asuuhaar ocher ih olon hunii shinjilgee bdag bolohoor amjdaggui gej hariu uguud bga sh dee.ene hoorond hervee uvchtei hun bol uvchini sedreed udaad hetsuu boloh bh daa.ih udaan shinjilj bna.odoo 2 sar bolloo.UDVAL saidaa.BZD-18 horoo urhiin emneleg

  • emch (124.158.95.132)

    2013-09-03

    eruul mendiin yamnii said udval avgai eldev ynziin heruul hiij erguutej baihaar emch nariinhaa bolovsrol ajliin bairnii talaarhi asuudliig shiiduuleh heregteishdee dunguj tugssun emch nariig turuljsun nariin mergejliin emnelguuded ajilluulah asuudal mash zuv uuniig shiidver gargagchid anhaaraldaa avah n chuhal bn odoogiin eruul mendiin said yu ch hiij chadahgui n ilerhii bn