Эрүүл мэндийн даатгал төлөх хэрэгтэй, хэрэггүй
- 2013-10-11
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн даатгал төлөх хэрэгтэйОлон жил ажиллаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлчихөөд ганц удаа улсын эмнэлэгт хандахад ачаалал, хүнд суртал ихтэйгээс тусламж авч чаддаггүй. Хувийн эмнэлэгт төлбөрөө төлөөд үзүүлэхээс аргагүй болдог. Тиймээс эрүүл мэндийн даатгал төлөх хэрэггүй юм байна гэж бухимдах хүн нэлээд бий. Тэдний буруу биш, гэхдээ зөв ч биш. Яагаад зөв биш вэ гэвэл иргэн бүр эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Тэтгэврийн, тэтгэмжийн зэрэг манай улсад хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын дөрвөн төрлөөс эрүүл мэндийн даатгал онцлогтой. Тэтгэврийн даатгал төлсөн хүн цаг нь болоход төлсөн мөнгөө тэтгэвэр болгон авдаг.Тэгвэл эрүүл мэндийн даатгал төлж буй иргэд өвдсөн тохиолдолд л эмнэлэгт хандахад даатгуулсны хэрэг гарна. Арван жил ажиллаж, эрүүл мэндийн даатгал төлсөн би, нэг удаа хүүхэд төрүүлэхдээ л Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүртжээ. Хөдөлмөрийн насныхны хувьд харьцангуй эрүүл учир тэр болгон эмнэлгээр явдаггүй, даатгалын үр шимийг хүртэж чаддаггүй нь үнэн.
Ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүр эрүүл мэндийн даатгалд цалингаасаа хоёр, албан байгууллага бас хоёр хувь, нийт дөрвөн хувийн шимтгэл төлдөг. Тэд эрүүл мэндийн даатгалын санг арвижуулахад хамгийн их хувь нэмэр оруулагсад. Тэгсэн хэр нь даатгалаас хамгийн бага, эсвэл огт үйлчилгээ авдаггүй хэсэг бүлэг юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг ажил мэргэжлийнхэн жилд 8040 төгрөгийн шимтгэлийг өөрөө төлдөг. Харин ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутнууд, нярай хүүхдээ асарч буй эхчүүд, ялтан, хугацаат цэргийн албан хаагчид, эмзэг бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сарын 670, жилийн 8040 төгрөгөөр тооцож, төр даадаг.
Ингэснээр өнгөрсөн онд манай улсын нийт хүн амын 90.4 хувь эрүүл мэндээ даатгуулжээ.
Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан болон зарцуулсан мөнгөний тоо жил ирэх тусам өсөж байна. 2012 онд тус санд 166.5 тэрбум төгрөг хуримтлагдсанаас 89.9 тэрбумыг зарцуулжээ. Энэ нь тус сангийн орлого өмнөх жилийнхээс 45 тэрбумаар, зарлага 30 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Манай улсад анх 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсан. Үүнээс өмнө өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцдаг байв. Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд улсын нуруун дээрх энэ хүнд ачааг багасгах зорилгоор уг хуулийг баталж, Даатгалын сан бүрдүүлсэн. Энэ санд хуримтлагдсан санхүүжилтийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, рашаан сувилалд амрах, хэрэглээ өндөртэй эмийн жагсаалтад багтсан эмийг 20-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах зэрэг найман төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд зарцуулж байна. Жишээ нь, зүрхний мэс засал хийлгэхэд Даатгалын сангаас хамгийн өндөр буюу 643 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Уг мэс засал хоёр сая төгрөгийн бодит өртөгтэй бол зөрүүг хувь хүн төлнө. Хэрэв энэ хүн даатгуулаагүй бол хоёр сая төгрөгийг халааснаасаа гаргах болно. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ ийм жишгээр хэрэгжиж, даатгуулагчид үр ашгийг нь хүртэж байна.

Манай улс 2.9 сая хүн амтай ч өнгөрсөн онд давхардсан тоогоор 4.1 сая хүн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авчээ
Даатгалын үйлчилгээ авсан иргэдийн дийлэнх нь улс даадаг хэсэг бүлгийнхэн. 8040 төгрөг бол иргэдийн эрүүл мэндээ даатгаж буй хамгийн бага мөнгө л дөө. Гэхдээ тэд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй адил тэгш үйлчилгээ авах эрхтэй даатгуулагч. Албан хаагчид төр даадаг хэсгийнхний жилд төлдгөөс илүүг сар тутам төлж байна. Тэгэхээр үүнийг шударга бус хэмээн шүүмжилдэг.
Монгол Улс эв санааны зарчимд тулгуурласан эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой. Энэ нь орлого сайтай болон баян чинээлэг хэсэг нь орлогогүй, орлого багатай хэсгээ даах зарчимд үндэслэсэн тогтолцоо. Анх 1800-гаад онд ХБНГУ-д бий болгосон энэ тогтолцоо эрүүл мэндийн даатгалын систем хөгжсөн бүх оронд хэрэгжиж байна. Даатгал төлдөг хэр нь үйлчилгээ авч чадахгүй байгаагаас манай улсад эрүүл мэндийн даатгалын нэр хүнд навс унасан. Он удаан жил үргэлжилсэн энэ гажуудлыг залруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгад даатгалтай хувь хүн халааснаасаа төлөх төлбөрийн хэмжээг бууруулах гол зорилго тавьжээ. Тухайлбал, MRI, компьютер томограф зэрэг сүүлийн үеийн өндөр өртөгтэй оношлогоо хийлгэхэд төлбөрийн 50 хувийг даатгалаас даадаг болох заалт байна. Мөн даатгал төлдөг хэрнээ үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа хүмүүсийг урамшуулах ёстой.
Манайд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг өвдсөн хүмүүст зориулсан гэхэд болно. Эрүүл мэндээ хамгаалсан иргэдээ урамшуулах асуудал хөсөр хаягджээ. Уг нь одоо үйлчилж байгаа хуульд “Гурван жил дараалан эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн ч ямар нэг үйлчилгээ аваагүй хүн нэг удаа эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана” гэсэн заалт бий. Үүнийг иргэд мэддэггүй. Харин шинэчилсэн найруулгад гурван жил дараалан даатгал төлөөд үйлчилгээ аваагүй бол нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэг, тэр дундаа өндөр үнэтэй оношлогоог хийлгэхэд даатгалаас хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт оруулжээ. Энэ мэтээр үр ашгийг нь хүртэж чаддаггүй хэмээх даатгуулагчдын гомдлыг барагдуулахад уг хуулийн шинэчилсэн найруулгын ач холбогдол оршиж байна. Хуулийг ингэж шинэчилсэн ч эмнэлгүүдийн ачаалал их, үйлчилгээ чанаргүй, хүнд суртал их хэвээр бол зорилгодоо хүрч бас л чадахгүй. Нийслэлд манай улсын хүн амын тал хувь нь амьдарч байхад эмнэлг үүд 1970-1980-аад оны үеийн хүчин чадлаараа, байшин сав нь ч хуучнаараа. Тиймээс эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, эмч нарын цалин, урамшуулалд анхаарах, эмнэлгүүд, эмч мэргэжилтнүүдийг хооронд нь өрсөлдүүлэх зах зээлийн зарчим үгүйлэгдэж байна. Аль сайн эмнэлэг, чадварлаг эмч рүү даатгуулагчид хошуурч эхэлбэл тэр эмнэлэг, эмчид иргэдийн даатгуулсан мөнгө очно. Даатгалын байгууллага эмнэлгүүдээс үйлчилгээ худалдаж авдаг зах зээлийн зарчим жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
Сүүлийн үед иргэд гадаадад эмчлүүлж, оношлуулах сонирхолтой болсон. Ийм тохиолдолд бүх насаараа эрүүл мэндийн даатгал төлөөд ч нэмэргүйд иргэд бухимддаг. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн даатгалыг зах зээлийн зарчимд оруулж, сонголттой болгох ёстой гэж үзэх хүмүүс бий. Энэ нь байж болох хувилбар хэдий ч хэтэрхий арилжааны шинжтэй. Үүнийг улсын бодлого болговол орлого багатай иргэд чирэгдэх учир манайд тохиромжгүй. Гэхдээ эрүүл мэндээ өндөр үнээр даатгуулаад, гадаадын аль ч орны, хүссэн эмнэлэгтээ хандах боломжийг хувийн даатгалын компаниуд санал болгож байгаа. Үүнийг сонгох эрх нь хувь хүмүүст нээлттэй. Хорин жилийн өмнө батлагдсан Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд зах зээлээ дагасан багахан өөрчлөлтүүд орсон ч өнөө хэр нь төр болон даатгуулагчдад үр ашгаа өгсөөр байгаа нь үнэн юм.
Эрүүл мэндийн даатгал төлөх хэрэггүй
Манай улс долоон минут 36 секунд тутамд төрдөг шинэ иргэнээ оролцуулаад өдгөө гурван сая орчим хүн амтай
болж байна. Газар нутгийн хувьд Англиас долоо дахин том ч барууны жижиг хотуудтай ойролцоо хүн амтай. Сүүлийн жил үүдэд уул уурхай, эдийн засгийн хурдацтай хөгжлөөрөө Монгол Улс дэлхийд нэр нь цуурайтах болсон. Нийгмийн шилжилтийн энэ их өөрчлөлт, хөгжил дэвшлийн хажуугаар алдсан зүйл ч арвин. Үүний нэгээр эрүүл мэндийн даатгалын системийг нэрлэж болно. Хуулиараа бол тухайн иргэн эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төр өөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, өвдсөн тохиолдолд төлбөрийг уг сангаас гаргуулан эмчилгээ хийлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүх иргэнийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсонд нь тусламж үзүүлэх зорилготой. Гэтэл монголчууд эрүүл мэндийн Даатгалын санд төлбөр төлснийхөө хэмжээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр бүр авч чадахгүй байна. Тиймээс зовлогоо зовоож олсон мөнг өө хий дэмий юманд үр ашиггүй зарцуулж байна гэсэн гомдол амьдралын түвшин дундаж, түүнээс доогуур орлоготой иргэдийн дунд тасардаггүй. Даатгалтай хэрнээ өвчин тусаж, эмнэлэгт хандахад үзүүлэхээс бусдад хэтэвчээ уудлан мөнгө төлд өг жишээ амьдралд цөөнг үй. Өнөөгийн Монголд амьдралын баталгаажих түвшнээс дундаж, доогуур орлоготой айлын хэн нэг нь хүнд өвчин тусвал тухайн өрх их хэмжээний санхүүгийн дарамтад орох болов.
Сүхбаатар дүүргийн иргэн, төрийн албан хаагч, 27 настай У “Өндгөвч үрэвсэлтэй, умайн хананд уйланхай үүссэн” гэх оноштой хэд хоногийн өмнө улсын нэгэн эмнэлэгт хэвтээд гарсан. Эхэндээ онош тодорхойгүй, хувийн эмнэлэгт нарийн оношлогоо хийлгэ гэсний дагуу хоёр, гурван удаа өндөр үнээр шинжилгээ хийлгэсэн. Дараа нь улсын эмнэлэгт хэвтэх гэтэл ор байхгүй гэсээр олон хоног явуулав. Хэвтсэний дараа шаардлагатай эм, тариа нь байхгүй учир гаднаас, эсвэл эндээсээ мөнгө төлөөд авч болно гэсэн байна. 30 мянган төгрөгөөр хоёр ширхэг тариа, бас бус эмийг эмчийн аманд орсон үнээр л худалдаж авсан. Дээрээс нь ор хоногт 16 мянган төгрөг төлж байгаа юм. Ингээд 10 хоног хэвтэхдээ 150 орчим мянган төгрөг зарцуулсан. Ажил хийдэг бид мэтийн хүмүүс цалингийнхаа хэмжээнээс хамаараад сар бүр 10 мянгаас дээш төгрөг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Гэтэл бид төлсөн мөнгөнийхөө дайтай тусламж үйлчилгээ авдаггүй. Үзүүлж, эмчлүүлэх бүрт мөнгө нэхээд байвал цаашдаа эрүүл мэндийн даатгалд мөнгө суутгуулмааргүй байна. Ер нь бол залуу хүмүүс 2-3 жилд нэг удаа эмнэлэгт хэвтдэг байх. Би л гэхэд арван жилд сурдаг байхдаа л нэг удаа л эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл сар бүр тэр их мөнгийг төлж байгаа нь утгагүй ч юм шиг” гэж ярив.
Уг нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд өвчний түүхэнд бичигдсэн зайлшгүй шаардлагатай эм, тариа, ороох боох материалыг өөрөөс нь гаргуулж хэрэглэсэн, мөн хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээ төлбөртэй хийсэн бол уг эм тарианы үнэ болон шинжилгээний төлбөрийг даатгагчид бүрэн нөхөн олгох үүрэгтэй юм билээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн даатгалыг төрөөс бодит өртгөөс доогуур тогтоосон болохоор амьдралд нийцэхгүй байгаа юм. Тухайн хүнийг эмчлэх өртөг нь өндөр байсан ч эрүүл мэндийн даатгалын тарифт тааруулан үйлчилгээ үзүүлдэг. Иймээс өвчтөн эм тариагаа гаднаас зайлшгүй авах хэрэгтэй болдог” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан. Өмнөх сайд С.Ламбаа “Эрүүл мэндийн даатгалын хураамж ахиу төлдөг төрийн албаныхан 30 хувь байхад 70 хувь нь ажилгүй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд даатгалд мөнгө төлөх нь харилцан адилгүй ч үйлчилгээ нь адилхан байдаг. Зарим нь даатгалд төлсөн мөнгөнийхөө хэрээр үйлчилгээ аваагүй байхад өөр нэг нь эрүүл мэндийн даатгалын хуримтлуулсан сангаас биеэ эмчлүүлдэг” хэмээн шударга бус тогтолцоо байгааг хүлээн зөвшөөрсөн. Тодорхой эрхэлсэн ажилтай иргэдийн цалингаас 10, ажил олгогчоос 10 хувь буюу ингээд таны цалингийн нийт хэмжээний 20 хувь нь нийгмийн даатгалд төвлөрдөг.
Цалингаас тань шимтгэсэн 20 хувийн 14 нь тэтгэврийн, нэг нь тэтгэмжийн, дөрөв нь эрүүл мэндийн, нэг нь ажилгүйдлийн санд төвлөрдөг.
Нийгмийн даатгалын сан цаашаа тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан гэж задарна. Тэгэхээр 500 мянган төгрөгийн цалинтай хүн сард зөвхөн эрүүл мэндийн даатгалд 25 мянган төгрөг, жилд 300.000 төгрөг төлдөг гэсэн үг. Ажилгүй иргэд жилд нэг удаа 8040 төгрөгийг даатгалд төлдөг байхад бид сард тэдний жилд төлдөг хэмжээнээс гурав, түүнээс хэд дахин их татаас өгч байна. Тэртээ тэргүй үйлчилгээгээ авч чадахгүй байгаа хойно жилдээ нэг удаа 8040 төгрөг төлөөд явж байвал барав бус уу. Эрүүл мэндийн даатгал төлснөөр янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ гэсэн “үлгэрийн” заалтууд бас бий. Тухайлбал, даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлаа төлүүлэх, мөн өрх, сум, багийн эмчийн жороор бичсэн зайлшгүй шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авах гээд жилд нийтдээ 1.112.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй болдог аж. Дээрх долоон оронтой тоотой мөнгөний дайтай тусламж, үйлчилгээг хэн ч авч чадахгүй байгаа нь нууц биш.
Гурван жил эмнэлгийн тусламж аваагүй иргэдийг нэг удаа бүрэн үзлэг оношлогоонд хамруулах урамшуулал өгдөг ч түүнийгээ хүмүүст сурталчилдаггүй учраас иргэд тэр бүр мэддэггүй. Гурван жил болж байж нэг удаа үзүүлэхдээ шээс, цусны шинжилгээ төдийхнээр урамшуулдаг тогтолцоог халах хэрэгтэй. Шүдээ эмчлүүлэхэд 9000 төгрөгт багтаж байвал нэмэлт төлбөр авахгүй, харин үүнээс илүү үнэтэй эмчилгээ хийлгэвэл зөрүү мөнгөө өөрөө төлнө гэсэн заалт бий. Орчин үед есөн мянган төгрөгөөр шүд эмчилж дөнгөхгүй. Даатгалтай ч улсын эмнэлэгт нэг шүдийг 5-10 мянган төгрөгөөр авдаг. Тэгэхээр энэ мөнгөөр үзлэг хийлгээд, зөвлөгөө аваад л дуусна. Оношлогоо шинжилгээ 30 мянга, шүд 9000 төгр өгт багтах ёстой гэх зэргээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифыг үнэнхүү доогуур тогтоожээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд энэ мэт заалтуудыг тусгаж, даатгуулагчдаас мөнгө хэрхэн саах аргыг хууль санаачлагчид төвөггүй олчих юм аа, янз нь. Уг нь иргэнээсээ мөнгө саах биш, иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах нь төрийн үүрэг баймаар. Ийм маягаар ЭМД-ын тогтолцоо хэрэгжих юм бол даатгалд мөнгө төлөх хэрэг алга.
"Өнөөдөр" сонин

Сэтгэгдэл (3)
Иргэн (103.26.194.72)
Хэзээ ч, хэнд ч хэрэг болж байгаагүй даатгалыг төлөх хэрэггүй.
ЗОЧИН (202.70.46.204)
ОЛОН ЖИД ТӨЛЛӨӨ.УЛСЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХЭД БАС ДАВХАР ТӨЛБӨР ТӨЛДӨГ ШҮҮ ДЭЭ.ТЭГЭХЭЭР Л ДАВХАР ДАВХАР ТӨЛБӨР.ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ ДАА.УЛСЫН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ГЭХЭЭР ЭМЧИЛГЭЭ ТААРУУ.АЧААЛАЛ АСАР ИХ МӨН Ч ХЭЦҮҮ ШҮҮ.ХЭЦҮҮ
iona (202.179.10.50)
eruul mendiin daatgaliin mungu tulchuud ulsiin emnelegt uzuulj chaddaggui shdee tm bolhoor tuluh shaardlagagui gej boddog. huviin emnelegt uzuultsen ni deer bdiin.