Д.Норжмаа: ”Журамд үндэсний сур гэж байдаггүй болохоор бид шагнал авах боломжгүй”

БНСУ-д болсон олон улсын уламжлалт харвааны наадамд оролцсон Монгол Улсын мэргэн Д.Норжмаа дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ийн харваач, Монгол Улсын мэргэн түүнтэй наадмын талаар ярилцсанаа хүргэе.
-Уламжлалт харвааны дэлхийн дээд амжилт тогтоосонд баяр хүргэе. Эх орондоо хэдийд ирсэн бэ? 
-Баярлалаа. Өнгөрсөн сарын сүүлээр эх орондоо ирсэн. Солонгос Улсад болсон дэлхийн сур харваачдын наадамд манай харваачид долоо дахь жилдээ амжилттай оролцож байна. Би 2009 онд энэ наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил бас амжилттай оролцож 54 оноогоор наадмын дээд амжилт тогтоолоо. Манай харваачид энэ удаагийн тэмцээнд 18 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Эмэгтэй харваачдаас Өмнөговь аймгийн харваач, Монгол Улсын мэргэн С.Баярмаа тэргүүн байранд шалгарсан. Би дэд байр, Төв аймгийн харваач, Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг гуравдугаар байранд шалгарч эхний гуравт орлоо. Эрэгтэйчүүд маань энэ удаагийн наадамд шагналт байранд ороогүй ч бид багийн харваанд дөрөвдүгээр байранд шалгарсан. 

-Хэдэн байнд харвасан бэ? 
-Есөн байд 36 сум тавьсан. Үүнээс эхний гурван нь 3D бай байдаг. Бусад нь энгийн бай байсан. Байнуудаас 65, 75 метрийнх манай улсын бай юм. Ер нь байнууд улс улсынх байдаг л даа. 

-Зохион байгуулагч орны цаг агаарын байдлаас шалтгаалан харвахад амаргүй байсан болов уу? 
-Янгирын эвэр, малын шөрмөсөөр хийсэн дэлхийд ганцхан эвэр нумаар бид харвадаг. Энэ утгаараа цаг агаарын байдлыг илүү мэдэрдэг. Эвэр дулаан үед зөөлрөөд сумаа хөөх чадвар нь буурдаг юм. Тийм учраас байгаль, цаг агаарыг манай эвэр нум их мэдэрдэг. Түүнийг нь харваач мэдэрч нумаа эзэмшсэн байх ёстой. Ялангуяа салхины чигийг сайн тооцоолж сум тавих хэрэгтэй болдог. Энэ наадам голдуу аравдугаар сарын дундуур болдог. Тэгээд тэмцээндээ бэлтгэх гэхээр манай улсад хүйтэн болчихдог болохоор бэлтгэл хийх боломжгүй байдаг. 

-Тэгээд харваачид намар, өвөл хаана бэлтгэлээ базаадаг юм бэ? 
-Улирлаас хамаараад энэ цагт бэлтгэл хийх боломжгүй болдог. Тийм болохоор бидний сүүлийн тэмцээн аравдугаар сард болдог онцлогтой. 

-Уламжлалт харваа бусдаасаа юугаараа онцлогтой байдаг вэ? 
-Хамгийн гол нь зэвтэй сумаар харвадаг юм. Ер нь энэ тэмцээний хүрээнд нум сумны үзэсгэлэн гаргадаг. Бас харвааны талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Энэ бүгдээс харваачдад туршлага солилцох боломж олддог. Орчин үеийн биш орон орны онцлогийг хадгалсан янз янзын сумнуудыг наадмын үеэр л хардаг. 

-Та хэдэн настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ? 
-25 настайгаасаа харваж эхэлсэн. Үндэсний сурын харваа бол нас харгалздаггүй спорт. Одоо манайд 80 настай хүн ч гэсэн үндэсний сураа харваад л явж байна шүү дээ. Сүүлийн үед залуус үндэсний сураар сонирхон хичээллэх болсон. Үүнийгээ дагаад хүндрэлтэй зүйлүүд ч тулгарч байна. Сураар хичээллэх хүн олшрохын хэрээр нум сумны үйлдвэрлэл дийлдэхээ больсон. Жинхэнэ нум сумыг цөөхөн хүн хийдэг. Тэгээд дүрэмдээ эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумаар харвана гээд заачихсан учраас залуу харваачдын хувьд нум сумтай болох амаргүй байдаг. Гэтэл үүнийг бодоод ямар ч хамаагүй нумаар харвана гээд заачих юм бол тэнцвэргүй өрсөлдөөн болно. Мөн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт соёл маань алдагдах аюултай болох юм. Тиймээс бид үүнийг хатуу чанад сахидаг. 

-Нутгаасаа төрсөн ганц мэргэний хувьд өөрийнхөө халааг бэлтгэж байна уу? 
-Манай Увс аймаг цөөхөн харваачтай. Би нутгаасаа төрсөн улсын цолтой ганц харваач нь. Тиймээс нутгаасаа харваачид төрүүлэх юм сан гэж боддог юм. Цаашдаа үндэсний сураар хичээллэх сонирхолтой хүүхэд залуусыг бэлтгэх бодолтой байгаа. 

-Харваачдад гаднын тамирчидтай туршлага солилцох боломж хэр их олддог бол? 
-Солонгосын 10 гаруй харваач жил болгон манайд ирж хамтарсан бэлтгэл хийдэг. Мөн энэ наадамд оролцсоноосоо хойш Унгар, Туркийн харваачидтай холбоо тогтоон хамтран ажиллаж байгаа. Сүүлийн үед манай гадаад харилцаа хөгжиж байна. Гадаадынхан уламжлалт харваагаа бодлогоор хөгжүүлдэг. Төр засаг нь ч тэднийг дэмждэг. Тухайлбал бидний оролцсон саяын наадмыг Солонгосын Засгийн газраас дэмжин зохион байгуулсан. Үүнээс тэдний харваачдын ур чадвар дээшилсэн нь харагдаж байгаа юм. Дээрээс нь өсвөр насныхан, цэрэг дайчдаа харвуулж бэлтгэдэг болсон байна лээ. Гэтэл манайх ядаж л амжилт гаргасан тамирчдаа дэмжих талаар ч анхаардаггүй. Улсын наадамд түрүүлсэн Монголын Улсын гоц мэргэн яамны жуух бичиггүй сууж байгаа шүү дээ. Гэхдээ ингэж хэллээ гээд биднийг шагнаач ээ гэсэн үг биш. Цаана чинь бидний үндэсний спортыг бусад улс орнууд биднээс илүү хөгжүүлэх гээд байна шүү. Тийм болохоор эрийн гурван наадмын нэг болсон нум сумаа хөгжүүлэх талаар ажиллах хэрэгтэй байна гэж хэлэх гэсэн юм. 

-Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулдаг болсон. Та тэр шагналаа авсан уу? 
-Засгийн газрын журамд нь үндэсний сур гэж байдаггүй болохоор бид тэр шагналыг авах боломжгүй. Ер нь харваачид юм болгоны гадна талд байдаг л даа. Тиймээс бид сэтгэл гонсгор явдаг. 

-Сүүлийн асуултыг танд үлдээе. 
-Үндэсний сурын спорт хүүхдийн хүмүүжилд их сайнаар нөлөөлдөг. Биеийг хөгжүүлэхийн зэрэгцээ оюун ухааныг тэлдэг. Ер нь манай өвөг дээдэс сурын харваагаар хүүхдээ хүмүүжүүлдэг байсныг олон ном зохиолоос уншиж байсан. Тийм ч учраас манжууд монголчууд сэцэн мэргэн ухаантай, бие бялдар сайтай байгаа нь нум сумтай холбоотой гээд маш ихээр устгаж байсан гэдэг. Тиймээс компьютерийн тоглоомонд донтоод байгаа хүүхдүүдийг үндэсний сураар хичээллүүлмээр санагддаг юм.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)