Х.Цэрэндорж: ”Дээд эрүүл мэнд бол байгаль дэлхийгээ хүнээс аврах гарц”

“Элдэвтэй хүн” гэх үг хэллэг бидний дунд түгээмэл хэрэглэгдсээр өнөөг хүрсэн. Бид ч энэхүү үгийн утгыг хүлээн зөвшөөрч монгол хэлний үгсийн санд баттай байршуулсан аж. Тийм эгэл агаад “таван халуун”-тай хүмүүний нэг МЗЭ-ийн шагналт зохиолч, Хүний гавьяат эмч Хандын Цэрэндорж юм. Монголын уламжлалт анагаах ухаан, сэтгэхүй, бясалгал зэрэг олон чиглэлээр судалгаа хийж судалгааны өгүүллүүд, “Судсаар онож танихуйн 108 шид оршвой”, “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”, “Найман маналын гэгээ”, “Дээд эрүүл мэнд” зэрэг ном бичиж хэвлүүлжээ. Өндөр хөгжилтэй Европ эмнэлгийн байгалийн гаралтай бус эм эмчилгээнээс татгалзаж “Оточ Одь” эмнэлгийн хавдрыг эмчлэх арга, тан бэлдмэл, сэтгэл засал зэрэг эмчилгээг нь АНУ, Хятад, Солонгос, Сингапур, Тайланд, Энэтхэг Улсын иргэд хүлээн зөвшөөрч урин залдаг болжээ. Саяхан эрхэм эмч маань АНУ-д уригдан очоод ирсэн билээ. Ингээд энэхүү буурлын яриаг эрхэм танд хүргэе.


-Хоёулаа таны төрж өссөн нутаг уснаас яриагаа эхлэх үү? -Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн. Говийн хангай гэгддэг Гурвансайхан уулын энгэр бэл, мөнх цастай мөсөн голтой, олон төрлийн араатан жигүүртэнтэй, хангай говийн бүх бүс бүслүүрт ургадаг өвс ургамалтай сайхан нутагт төрсөн. Хас, Хаан, Хатан уулаа түшиж хөлд орсон гэж боддог.Эгэл жирийн малчин айлын хүүхдийн адил өсч торнисон доо. Намайг долоодугаар анги төгсөх жил манай дүү хүнд өвдөж мориор давхиж эмч авч ирсэн юм. Тэр эмч “Ии эмч болохгүй юм уу” гэж асуухаар нь тэгье л гэж билээ. Тэгээд надаар нэг өргөдөл бичүүлж авсан юм.. Ингээд л намар нь Хүн эмнэлгийн сургуульд явахаар болоод нутгаасаа гарсан. Сургууль соёл, ажил амьдралын мөр хөөж Дорноговь аймгийн Сайншанд хотод суурьшин амьдарсаар өнөөг хүрлээ. Хүүхдүүд торниод амьдралын мөрөө хөөсөн, хөгшинтэйгөө хоёул амьдарч байна даа. -Та монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэдийнээс суралцав. Багш нарынхаа талаар бидэнд хуучилна уу? -Хүн эмнэлгийн техникумаа төгсөөд Өмнөговь аймагтаа дөрвөн жил ажиллаж дараа нь Анагаах ухааны дээд сургуульд орж төгссөн. .Дээд сургууль төгсөөд эмч болчихсон залуу насны аагаар “Зүрх нь цээжиндээ, цээж нь тэрлэгтээ багтахгүй сагсуу амьтан” явлаа. Амралтаараа нутагтаа очоод байтал миний доод талын дүү “Манай нутагт чамд үзүүлэх хүн байхгүй ээ. Чи эмч болоод яахнав дээ” гэдэг байгаа. Баяндалайхан байтугай аймгийн дарга нар оройхон болохоор эхнэрээ аваад Хойд хайрханы өвөрт байгаа Жанцангийнх уруу явдаг болсон шүү дээ гэх юм. Яагаад тэр билээ гэтэл Жанцан чинь Гочоо маарамбын ганц хүү, судас бариад л гэдэс дотрыг нь эргүүлж харсан шиг хэлдэг, Ааниа минь, тэр байтугай бага эмчээр ажиллаж байгаа дүү маань зүрхний өвчнөө эмчлүүлсэн, судсыг нь барьж үзээд өөрөө мэдээгүй байхад жирэмсэн байна, бүр хүү гарна гэдгийг ч мэдсэн гэв. Тэр бүхэн үнэн гэж охин дүү нэмэрлэж билээ. Би ерөөсөө тэр хүн дээр очдог хэрэг гээд дүүтэйгээ цуг мордлоо. Багш маань манай аавын үеийн хүн л дээ. Нэг нутгийн улс учир намайг ирлээ гээд баярлаад л хоёр хоног ярьж суусансан. Тэгээд багшдаа “Танд шавь оръё” гээд авч очсон хадгаа барьтал өвгөн ихэд аягүйцаж “Бага, их эмч болоод Өмнөговь, Дорноговийнхон газар буулгадаггүй л дуулддаг, чи чинь яагаад байна” гэлээ. Таны судас түшдэг аргаас чинь суръя гэтэл “Чи сурахгүй ээ” гээд нүүр лүү хуруугаараа зангаж билээ. Би яахаа мэдэхгүй хадгаа дэлгээд суугаад байв. Их удсаан. Тэгээд багш маань “За яахав оролдоод үзье”. гээд дуртай дургүй хадгийг минь авсан сан. Ингэж л Жанцан багштайгаа 1967 онд учирсан юм даа. Анагаах ухаанд суралцаж байгаа хоёр дахь дээд сургууль маань энэ бөгөөд гүйцэд сурна гэж байдаггүй. Багштайгаа уулзсан тэр цагаас хойш нэг ч өдөр алдалгүй оролдож, суралцаж байна. -Багшийнхаа эрдэм чадлаас бидэнд яривал сонин байна? -Манай багш “Аавыг минь туугаад явсан хаана буудсаныг нь мэдэхгүй, би аавынхаа оронд энэ нутаг, газар шороонд нь ясаа тушаах ёстой хүн. Чи нүүж ир, Өмнөговийн ямар ч суманд байсан чамайг дагаж яваад мэдэх юмаа зааж өгнө” гэдэг байв. Нутагтаа шилжих гэж хөөцөлдтөл аймгийн дарга Улаанбаатар гуай “Жилд хоёр удаа, дуртай үедээ 14 хоног дуртай унаагаараа явж бай, харин Дорноговийнхныг эмчтэй байлгахыг би мэднэ” гэх мэтээр хүлээж авахгүй, яахын аргагүй болзол тулгаад Дорноговьдоо үлдсэн дээ. Гэхдээ багштайгаа холбоогоо таслаагүй. Багш маань ном заахдаа өөрийнхөө сурсан аргыг л их ярьдаг байсан. Манай багшийн аав Гочоо маарамба Төвдөд 25 жил эм, эмнэхүйн ухаанд суралцаж ирсэн юм гэнэ лээ. Багшийг таван настай байхаас нь аав нь эрдмээ зааж эхэлсэн гэдэг. Багшид эхлээд хүний судас уйдтал бариулдаг байсан гэсэн. Өглөөнөөс үд хүртэл нэг эмэгтэйн, үдээс хойш эрэгтэй хүний судас бариулах гэх мэт. зургаан настайдаа нүдийг нь боочихоод ханын нүдээр гарыг нь гаргаж өндөг хүрэх төдий газар даруулахад эрэгтэй эмэгтэй хүний судсыг алдалгүй ялгадаг, сүүлдээ насыг нь хэлдэг, 10 настайдаа жирэмсэн эмэгтэйн судсыг барьж үзээд эрэгтэй эмэгтэй хүүхэд тээж явааг нь хэлдэг болсон гэж билээ. Ийм мэдрэмжтэй болохын тулд гээд л өөрийн арга барилаа заадаг байв. Тухайлбал багш “Хурууныхаа өндөгний судасны лугшилтуудыг мэдэрч эхлэхийн тулд хурууны өндөгөө нийлүүлээд л суух ёстой гэдэг, мэдрээд эхэлбэл үл мэдэг зай гарга. Тэр хооронд гэрэл үүснэ, үүсч байгаа гэрлээр нь дамжиж дотор эрхтэнг нь харах ёстой, тэгж чадвал яг өвчин эмгэгийг олно” гэх мэтийг л ярьж хэлдэг байв. Явж явж энэ судас бариад байгаа нь биш судал гээч юмыг нь мэдэж мэдэрч байж л барьдаг болдог юм шүү дээ, хүүхээ” гэдэг байсан юм. Түүнчлэн эмийн ургамлыг хэрхэн түүх, номхотгох, эм бэлтгэх гээд их юм заасан даа. Бага л зүйл авч үлдсэн юм шиг байгаа юм. Багш маань номын авшгаасаа 10 гаруй жил хүртээгээд бурхан болсон доо хөөрхий. 1993 онд “Судсаар онож танихуйн 108 шид оршвой” номоо биччихээд их л баярлаж байлаа. Гэхдээ багш надад 996 судас байдаг юм шүү гэж хэлсэн нь санаанд орохоор өөрийгөө байнга чамлаж явдаг. Орос хэл дээр “Дорнын нууц анагаах ухаан” гэсэн товхимолд Буриад Бадмаев эмч бичихдээ Хятадууд 300 гаруй судас ялгаж таньдаг. Гэхдээ түүнийгээ нууцалж 24 судас л бичдэг гэсэн байв. Хятад судраас харахад үнэхээр тийм л байдаг. Тэгэхээр багшийн маань эрдэм мэдлэг агуу билээ, багшийнхаа хэлсэн 996 судсыг гүйцээж танихсан гэж зүтгэж байгаа. -Таны багш өөр ямар хүмүүс байна. Уламжлалт анагаах ухааны талаар судалсан хийсэн зүйл нэлээд байгаа талаар номоос тань уншиж байсан юм? -Монголын сүүлийн хэдэн маарамбын хоёрт нь хадаг барьж шавь орсон. Одь гэж алдаршсан их маарамба Д.Дорж багш маань судасны талаар чамд хэлэх юм байхгүй гэдэг байв. Одь багш шавь нарынхаа эрдэм сурах савыг мэдэж байсан байх аа. Манай Баатарт судас барих, эм тан найруулахыг их заана, надад дорнын гүн ухаан, анагаах ухааны гүн ухаан, тарнийн ёсны талаар түлхүү хэлж, Александрт зүү төөнүүр талын зүйлээ илүүтэй хэлж заасан. Багшийгаа жанч халах хүртэл арав гаруй жил номын дуу сонссон. Хэнтий, Сүхбаатар аймгийн заагт орших Алтанбулагийн хийдийн зоч, сахалт багш гэж алдаршсан Д.Самбалхүндэв гуайгаас тарнийн ёсны талаар сурч мэдсэн зүйл нэлээд бий. 1983 оноос бясалгалд суралцаж эхэлсэн дээ. Тэр үед намайг хотод семинарт ирсэн байхад МУИС дээр бясалгалын нэг сургалт болсон юм. Тэнд сууж номыг нь авсан. Энэ талын бусад ном хэвлэл судалж харьцуулж бие дааж оролдсоор өдий хүрлээ. Ер нь Анагаах ухаанд суралцах гурав дахь том сургууль бясалгалын тухай нэлээд гүнзгий ойлголт мэдлэгтэй болсон явдал гэж боддог. Энэ бүхний эцэст нүд жаахан нээгдсэн гэх үү дээ. Одоо анагаах ухаан чинь гурван хэсгээс бүтэж байна шүү дээ гэж таньж байна аа. Барууны анагаах ухаан буюу шинжлэх ухааны гэдэг нь “Дүрсийн анагаах ухаан”, Дорно дахины түүн дунд Монголын уламжлалт эмнэлэг ороод “Тэжээхүйн ухаан” гэж нэг хэсэг байна. Бурхнаар, бурханлаг хүчнээр тэжээх, эсээр, газар дэлхийгээр, өөрөө өөрийгөө тэжээх гэсэн байдлаар хэлж болмоор байгаа юм. Гурав дахь нь тарни ёсны анагаах ухаан гэж үзэж байгаа юм. Ер нь хүн гээч амьтан анх бий болохдоо дуу авиа, гэрэл гэгээ, хөдөлгөөн дотор бий болдог. Энэ замыг танин мэдэж эмчлэх арга бол тарнийн ухаан болдог. Миний бодлоор шинжлэх ухаан дүрсийг нь аваад бусдыг нь хаясан байна гэж мунхаглаж суугаа юм. Энэ бүхнийг танин мэдэж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” гэж 886 судас онож таних тухай номоо, мөн “Дээд эрүүл мэнд” номуудаа бичсэн. -Таны ярианд “Дээд эрүүл мэнд” гэж дурдагдах боллоо. Эрүүл явах, эрүүл саруул байхаас өөр ойлголт байна уу гэж гайхаад байна л даа? -Олон жилийн ажиглалт судалгааны явцад хүн ерөөсөө найман зүйлээс бүтдэг юм байна гэж ойлгосон хэрэг. Ер нь бие, ухаан, сэтгэл, амин орон буюу гэрлэн бие, тавт хийн эргэлт, зургаад нь ухамсар, дараа нь сэрэмсэр, тэгээд орон зай гэсэн зүйлээс хүн бүтэж байна. Энэ бүгдийг эрүүл байлгах, өвдвөл эдгээх, эдгээрийг дамжаад гэгээрч болох арга байна гэдгийг л Дээд эрүүл мэнд гэсэн ойлголтод багтаагаад байгаа хэрэг. Дээд эрүүл мэндийн тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлж Монгол хүндээ хүргэх, улмаар хүн төрөлхтөнд ойлгуулах, би өөрөө хэн бэ гэдгийг хүнд өөрт нь ойлгуулах, хүнийг хүнээс, байгаль дэлхийгээ хүнээс аврах арга бол Дээд эрүүл мэнд гэж боддог. -Таны энэ Дээд эрүүл мэндийн тухай арга, үзэл баримтлалыг шинжлэх ухааныхан, нийгэм хэрхэн хүлээн авч байна. Дэмжлэг эсхүл шүүмжлэл хэр байна? -Одоохондоо шүүмжлээд сүйд болсон юм алга. Эрдэмтэн мэргэд, төр, засгийн зүгээс шинэ содон зүйл рүү анзаарч харж байгаа нь ч бага байх шиг байна. Манай ангийнхан, эрдэмтэн докторууд ойлгохгүй зүйл байгаа тухай хэлж байсан.Эрүүл байхын тухайд эрэл хайгуул хийж байгаа монголчууд, ард нийт сайн хүлээж авч байгаа. Улаанбаатарт гэхэд Дээд эрүүл мэндийн 7 төв, Өвөрхангай, Багануур, Эрдэнэт гэх зэрэг газарт бий болж миний номоор сургалтаа явуулж байна. - Дээд эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлэх талаар ямар ажил өрнүүлж байна? -Дээд эрүүл мэндийн тухай ойлголтыг нийтийн хүртээл болгохоор 10 жил Монголдоо хөөцөлдсөн. Эрүүл мэндийн яамны сайд дэмжээд л ажил хэрэг болчихно гэж бодоод, хүлээгээд байгаа хэрэг шүү дээ.Сайд нар ч амархан солигддог болж. Тэр бүхний хойно ойлгохдоо олон нийтийнхээ дэмжлэгт тулгуурлаж хийх боломжтой юм байна гэж бодлоо. Чикаго хотод байдаг Сэргэлэнцэцэг захиралтай “Анумаркетинг“ компани бидэнтэй яриад АНУ-д байдаг монголчууддаа дээд эрүүл мэндийн талаар танилцуулъя, сургалт зохион байгуулъя гэсний дагуу Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлгийн эмч П.Баатарынхаа хамт Америкийн Чикаго, Диневэр, Сан Франциско хотуудад ажиллаж үзлэг эмчилгээ хийхийн дээр Дээд эрүүл мэндийн ойлголтоо сурталчилж яваад ирлээ. -Танай “Оточ Одь” эмнэлэг хамгийн аюулт өвчин хорт хавдрыг эмчилсэн гэж дуулсан. Дээд эрүүл мэндийн үзэл, аргаа эмнэлгийнхээ эмчилгээнд ашиглаж байна уу? -Бид дээд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг Монголдоо цорын ганц “Оточ Одь” эмнэлэгтээ өөрсдийн аргаа хэрэглэж олон хүнийг өвчин зовлонгоос нь ангижруулж байна.1500 гаруй хүнд өвчтэй, тэр дундаа хорт хавдартай хүмүүс хяналтад байдаг.Эдгэрэх боломжгүй II-III үедээ орсон хүмүүс эмчлүүлж байна. Бид ухаан, ухамсар, сэтгэл, сэрэмсэр, хий, эргэлт, тарни, бясалгал, тэр байтугай инээмсэглэл, мэдээлэл эмчилгээнүүдийг оруулж байгаа. Өнөөдөр энэ бүхнийг анагаах ухаанд огт ярьдаггүй. Бидэн дээр 14 хоногийн настай гэсэн хүн ирж эмчлүүлээд олон сар жилээр амьдарч байна. Бүр хорт хавдартай гэж оношлуулсан ч 20 гаруй жил амьдарч байгаа 800 гаруй хүн байна Энэ бүхэн манай дээд эрүүл мэндийн аргыг ашигласан эмчилгээний үр дүн гэхээс өөр юу гэж хэлэх вэ. Хүний ухамсар, мэдээлэл, өөрөө өөрийгөө ариусгах чанарыг уламжлалт эм тантай холбож өгвөл хүний насыг уртасгах боломжтой юм. Ер нь хүн төрөлхтөнд монгол үндэстнээс өргөн барих их бэлэг Дээд эрүүл мэндийн үзэл арга байх болтугай. Бидний дэлгэн тавьж байгаа арга тогтолцоо төгс зүйл ерөөс биш. Гэхдээ хүний өөрийн мөн чанарыг ухааруулах алхамд тус нэмэр болоосой гэж хүсч хүч хөдөлмөрөө гаргасан хэрэг шүү дээ. -Таньд баярлалаа.

В.НЭРГҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • М.ариунаа (66.181.188.239)

    2016-12-08

    Энэхүү номыг бүтээсэн багшдаа баярлалаа монгол хүн бүхэн эрүүл байгаасай.